Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Энгийн автомат кроп vs CVT кроп аль нь илүү вэ?

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 4 сарын 5
Cardoctor

CVT короптой автомашин худалдан авах хэрэгтэй юу?

Таны дараагийн автомашин зөөлхөн, шатахуунд хэмнэлттэй байгаасай гэж хүсэж байна уу? Тэгвэл та авто үйлдвэрлэгчдийн санал болгож буй CVT хурдны хайрцгийг сонирхож үзээрэй. Энэхүү хурдны хайрцаг нь жолоочид зөөлөн тав тухтай байдлыг мэдрүүлдгээр онцлог болж чадсан юм. 

Хэрхэн ажилладаг вэ?

Ерөнхийдөө бол CVT нь унадаг дугуйны араа солих системтэй төсөөтэй гэж ойлгож болно. 2 ширхэг дамарны системээс тогтох бөгөөд дамар тус бүр нь конус хэлбэрийн байх болно, улмаар уг 2 дамар хоорондоо гинжин дамжуулгаар холбогддог байна. CVT хурдны хайрцгийн ажиллагаа нь дотроо хэд хэдэн төрөлтэй байдаг бөгөөд бүгд ажиллагааны хувьд төсөөтэй юм. Эдгээр төрлүүдээс хамгийн энгийн төрөл нь 2 ширхэг эсрэг харж байрласан конус хэлбэрийн дамаран бүтэц билээ.

 

Уг 2 дамарыг хөтлөгч болоод хөтлөгдөгч хэмээн хооронд нь ялгах бөгөөд хөтлөгч дамарын хамгийн жижиг диаметр болоод хөтлөгдөгч дамарын хамгийн том диаметртэй холбоосны үед хурдны хайрцаг хүнд араагаар ажиллаж байдаг байна. Харин эсрэгээрээ хурдны хайрцаг хөнгөн араандаа шилжих явцад хөтлөгч дамарын диаметр томорч, хөтлөгдөгч дамарын диаметр багасдаг байна.

Энэхүү үйл явц нь CVT хурдны хайрцгийн ажиллагааны гол онцлог бөгөөд араан дамжуулга байхгүй 2 дамарын диаметрийг ихэсгэж багасгаснаар хүндээс хөнгөн араанд шилжүүлэх боломжтой болсон тул хурдны хайрцгийн ажиллагаа жигд мөн зөөлөн болдог давуу талыг олгосон байна.

CVT хурдны хайрцаг хурданд тохируулж төгс араан харьцааг уг дамруудын туслалцаатай гаргаж чаддаг тул жигд хурд авалт болоод шатахуун хэмнэлтийг нэмэгдүүлэх давуу талтай болжээ.

 

Хэрвээ та CVT хурдны хайрцагтай автомашин жолоодох бол зайлшгүй нэгэн өвөрмөц мэдрэмжийг мэдрэх болно. Энэ нь араа солигдоход хөдөлгүүрийн эргэлтээс шалтгаалж хэлбэлзэхгүй байх мэдрэмж байх агаад ганц маш урт араатай автомашин унаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдгээр онцлог юм.

 

Энэхүү мэдрэмж нэн ялангуяа хурдатгал авахад мэдрэгдэх бөгөөд энгийн араан дамжуулгатай хурдны хайрцаг араа солигдохдоо хөдөлгүүрийн эргэлтийг багасгаснаар тав тухгүй мэдрэмжийг төрүүлдэг бол CVT нь ямар ч араан дамжуулга байхгүй тул хөдөлгүүрийн эргэлтийн хэлбэлзлээс үүсэх таагүй мэдрэмжийг үгүй хийж чадсанаар онцлог болсон байна.

Ашиг тус

Одоо үед маш олон авто үйлдвэрлэгч нар уламжлалт автомат хурдны хайрцгийн оронд CVT хурдны хайрцгийг өөрсдийн шатахуунд хэмнэлттэй гэсэн автомашинууддаа санал болгон өгч байгаа бөгөөд хамгийн сүүлийн жишээ нь 2013 оны Ниссан Алтима загвар юм.

Алтима нь CVT хурдны хайрцгийг хэрэглэснээр дунд ангиллын седан загвартаа шатахуун хэмнэлтээрээ маш дээгүүрт жагсах болсон буюу шулуунд замд 6.1л/100км шатахуун зарцуулдаг болжээ. Улмаар энэхүү загвараас гадна ихэнх хайбрид автомашинууд CVT хурдны хайрцгийг хэрэглэж байгаа бөгөөд үүнд бидний сайн мэдэх Приус загвар багтаж байгаа юм.

 

Өгсүүр замд уламжлалт автомат хурдны хайрцаг нь маш ихээр хөдөлгүүрийг стресдүүлж дараагийн араанд ордгийг хүн болгон мэднэ, шинэ жолооч бол механик хурдны хайрцагтай автомашинаар өгсүүр замд явна гэдэг мөн л бага зэргийн хүндрэлтэй байдаг билээ. Тэгвэл CVT нь ямар ч өөгүй араан шилжилттэй тул хөдөлгүүрийг стресдүүлдэггүй байж чаддаг, улмаар шатахуун хэмнэлтийг нэмэгдүүлэх болсон юм.

Ниссан компани өөрсдийн төрөл бүрийн загварын автомашиныг CVT хурдны хайрцагтай болгон зах зээлд санал болж байгаа бөгөөд энэ нь CAFE болоод СО2 ялгаруулах хэмжээг багасгах, шатахуун хэмнэлтийг дээшлүүлэх боломжийг Ниссан компанид өгч байгаа юм.

Дуу чимээ, найдвартай байдал хэр вэ?

CVT хурдны хайрцаг зах зээлд танилцуулагдаад удаан хугацааг өнгөрөөгөөд байна. Гэхдээ маш олон жолооч хөдөлгүүрийн эргэлт хурдлах тусам CVT хурдны хайрцгаас гарах хачин дуунд нь дургүй байдаг бол зарим нь энэхүү дуунд дуртай байдаг байна.

Мөн дээрээс нь CVT хурдны хайрцаг өндөр морины чадал болоод өндөр эргүүлэх хүчтэй хөдөлгүүрт бага зэрэг тохирдоггүй дутагдалтай талтай бөгөөд ихэнх CVT нь чиргүүл чирэхэд тохиромжгүй байдаг байна.

Энэ бүгдээс үзвэл орчин үеийн CVT-ийн найдвартай байдал төгс болоогүй агаад тестийн үедээ явж байна гэж хэлж болох юм. Ниссан Мурано загвар бол анхны Ниссан компанийн CVT хурдны хайрцагтай автомашин бөгөөд түүнд хурдны хайрцагтай холбоотой зарим нэгэн маш хүнд асуудал гардаг байна, үүнийг хурдны хайрцгийг нь солихоос нааш засардаггүй маш муу талтай байдаг юм байна.

 

Хэдийгээр ийм хэдий ч Ниссан компани хурдны хайрцагтай өгөх баталгааг 10 жил буюу 200,000 км-ээр сунгаж өгсөн бөгөөд энэ нь худалдан авагчдын CVT хурдны хайрцагтай автомашины найдвартай байдалд итгэхэд туслах болсон байна. Хэрвээ та CVT хурдны хайрцагтай автомашинаар хөдөлгүүрийн эргэлтийг улаанд нь хүртэл хаазалдаг бол энэ нь танд яав ч тохирохгүй машин юм.

Хэрвээ та спортлог байдлыг илүүд үздэг бол Хос авцуулах хурдны хайрцаг (DCT)-тай автомашин танд тохирох болно. CVT хурдны хайрцаг бол дэлхийн хэмнэлттэй автомашинуудад тохирсон зөв сонголт бөгөөд маш олон хайбрид автомашинууд дээр хэлсэнчлэн шатахуун хэмнэлтийг сайжруулахын тулд CVT-г хэрэглэдэг байна. CVT бол шатахуунд хэмнэлттэй, зөөлхөн гэхдээ дуу ихтэй мөн дээр хэлсэн зарим дутагдалтай талтай.

Хэрэглээ

 

CVT хурдны хайрцагт зөвхөн CVT-д зориулсан үнэтэй тосыг нь хэрэглэх бөгөөд хэзээ ч энгийн ATF хийж, ашиглаж болохгүй. Зарим нэгэн авто үйлдвэрлэгчдийн хэрэглэгчийн номон дээрх зүйлсийг танд сонирхуулахад Мицубиши авто хувьд хэрэглэгчийн гарын авлага дээр тос солих талаар тодорхой бичсэн зүйл байдаггүй бөгөөд зөвхөн "хүнд нөхцөлд" хэрэглэсэн үед 50,000 км тутамд солиж байх талаар бичсэн байдаг байна.

Харин Тоёота компанийн хувьд зөвхөн CVT-TC (OEM парт дугаар: 08886-02105) тусгай зориулагдсан тосыг хэрэглэхийг санал болгодог бөгөөд бүх тоёота компанийн CVT хурдны хайрцгийг Японы алдарт AISIN компани үйлдвэрлэдэг ажээ. CVT хурдны хайрцгийн өргөн хэрэглээтэй Ниссан компанийн хувьд NS-1, NS-2, KTF-1 гэх мэтчилэн CVT хурдны хайрцгийн төрлөөс хамааран тосыг нь ялгаж өгдөг бол Хонда компани ATF-Z1 төрлийн тосоор солихыг санал болгодог байна.

 

Давуу тал

  1. АТ болон МТ хурдны хайрцгаас илүү хурдан
  2. Шатахуунд хэмнэлттэй (АТ хурдны хайрцгаас бага зэрэг илүү ч МТ хурдны хайрцагт арай хүрэхгүй)
  3. Араан дамжуулга байхгүй тул зөөлхөн
  4. Хөдөлгүүрт ашигтай (АТ ч мөн адил, гэхдээ CVT түүнээс ч илүү хөдөлгүүрт хал багатай)
  5. Жолоодоход амархан (Эхлэн суралцагч нарт автомат хурдны хайрцаг маш тохиромжтой байдаг, хэзээ ч МТ шиг араа сольж анхаарал сарнихгүй)

Сул тал:

  1. Бүтэн засвар шаарддаг (Засварыг зөвхөн албан ёсны дилер дээр хийх бөгөөд засварын өртөг үнэтэй, ихэнхдээ бүтнээр нь сольдог)
  2. 100-150,000 км тутамд дамарыг холбосон гинжийг солих шаардлагатай (үнэтэй, ховор)
  3. Бүрэн электронжсон тул хэрэг гарвал мөн л албан ёсны дилерт хандах шаардлага гарна
  4. Тос нь үнэтэй, байнга худалдан авахад хүндрэлтэй, өөр төрлийн тос хийж болдоггүй
 

 

 

Зураг