Энэ жилийн есдүгээр сард Монголд "Face of beauty international 2016" тэмцээн албан ёсоор зохион байгуулагдах болсонтой холбогдуулан "Face of beauty international 2013" тэмцээний титмийн эзэн Тонга улсын мисс Даймонд Ланги, "Face of beauty international 2015" тэмцээний дэд байрын шагналт Унгарын мисс Далма Карман нар болон холбогдох хүмүүс Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа.
Энэхүү боломжийг ашиглан "Face of beauty international 2013" тэмцээний титмийн эзэн Тонга улсын мисс Даймонд Лангитай товчхон ярилцлаа.
- Юуны өмнө та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
- Намайг Даймонд Ланги гэдэг. 23 настай. Тонга улсад төрж, өссөн. Одоо Австрали улсад амьдарч байна.
- Монголд анх удаагаа ирж байгаа юу? Сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Тиймээ. Би Монголд анх удаагаа ирж байна.
"Face of beauty international 2016 тэмцээн Монголд зохион байгуулах болсонтой холбогдуулан хэвлэлийн хурал, загварын шоу болно. Монголд ирж оролцоно уу" гэсэн урилга надад ирсэн. Монголд ирсэндээ сэтгэгдэл өндөр байна.
Намайг онгоцны буудал дээр сүү, хадаг барьсан үндэсний хувцас өмссөн бүсгүйчүүд угтахад их сайхан санагдсан. Амьдралдаа анх удаа ямааны сүү амссан шүү. /инээв/
- Та ирэхээсээ өмнө Монголын талаар юу мэддэг байсан бэ?
- "Face of beauty international 2013" тэмцээнд Монгол Улсын мисс Г.Билгүүн үндэсний бүжиг бүжиглэж байсан. Тэр үед монгол үндэсний хувцас, бүжгийн ая надад их өвөрмөц, содон санагдсан.
Би Монгол Улсыг нандин түүх, соёлтой ард түмэн гэж боддог.
- Ингэхэд та яагаад энэ тэмцээнд оролцсон бэ?
- Анх "Энэ тэмцээнээр дамжуулан улсынхаа нэрийг гаргаж, улмаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах уу" гэсэн албаны хүмүүсээс надад хүсэлт ирсэн. Тэгээд би оролцохоор шийдсэн дээ.
Үнэндээ манай Тонга улс нь олон улсын миссийн тэмцээнд анх удаагаа оролцсон. Тийм учраас олон хүмүүс тус тэмцээний үр дүнг тэсэн ядан хүлээж байсан.
- Тонга улс дэлхийн тайзнаа АНХ УДАА өрсөлдөж, титмийн эзэн болсон. Титмээ зүүх үед танд ямар мэдрэмж төрсөн бэ?
- Миний хувьд тус тэмцээнд бүхий л сэтгэл зүрх, хүч чадлаа зориулсан. Түүнийхээ үр дүнд түрүүлсэндээ их баяртай байдаг.
Титмээ зүүх үед аав ээж минь л бодогдсон. Аав ээжээрээ их бахархаж, хурдан уулзах юмсан гэж бодсон. Яагаад гэвэл эцсийн шалгаруулалтад аав ээж минь ирж чадаагүй учраас тэр.
- Энэ тэмцээн нь бусад олон улсын миссийн тэмцээнээс юугаараа онцлог вэ?
- Манай тэмцээнд 18-25 насны бүсгүйчүүд оролцдог. Бид тэмцээнд өрсөлдөхөөс илүүтэйгээр хоорондоо харилцан ярилцаж, бие биедээ хүчтэй нөлөөлж чаддагаараа бусад тэмцээнүүдээс онцлог гэж хэлж болно.
- Тэмцээний титмийн эзэн ямар үүрэгтэй вэ?
- Титмийн эзэн сайн дурын ажил, хүмүүнлэгийн ажил хийх үүрэгтэй болдог. Миний хувьд Тонга улсдаа болон дэлхийн олон улс оронд хүмүүнлэгийн ажил хийсэн.
- "Face of beauty international 2016" тэмцээнд оролцох уу?
- Оролцох эсэхийг зохион байгуулагч шийддэг учир одоогоор хэлж мэдэхгүй байна.
- Та Австралийн дуучин Бэатай хамтарч дуулж, Falls богино хэмжээний кинонд тоглосон. Ингэхэд таны мөрөөдөл юу вэ?
- Та яаж мэдэв ээ. /инээв/ Манай аав Тонга улсын алдартай хамтлагийн бөмбөрчин. Би хүүхэд байхаасаа хүмүүсийн өмнө бүжиглэж, жүжиглэх дуртай хүүхэд байсан.
Гэхдээ ЖҮЖИГЧИН болохыг илүүд хүсэж, тэмүүлсэн. Тиймээс ирэх сард Америкийн Лос Анжелес хот руу нүүж, жүжигчний карьерт анхаарлаа төвлөрүүлэх зорилготой байна.
- Тонга улсын эмэгтэйчүүд хүсэл мөрөөдөлдөө тууштай ханддаг болов уу?
- Манай улсын эмэгтэйчүүд хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээхээс айж, зориг муутай амьдардаг.
Миний хувьд залуу хүн учраас өөрийгөө олон зүйлд сорьж, улмаар заавал жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хүрэх болно.
- Таны хувьд эмэгтэй хүний үзэсгэлэн гоо гэж юуг хэлэх вэ?
- Өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, боловсролтой, өөртөө итгэлтэй, өөрийн хүсэл мөрөөдөл, үзэл бодлоо илэрхийлж чаддаг хүнийг ҮЗЭСГЭЛЭНТЭЙ гэж хэлнэ гэж бодож байна.
- Энэ тэмцээн манай улсад зохион байгуулагдсанаар ямар ач холбогдолтой вэ?
- Олон улсын миссүүдийн хувьд Монгол дахь өдөр хоногууд сонирхолтой, гайхалтай зүйлсээр дүүрэн өнгөрөх болно гэдэгт итгэлтэй байна.
Тухайлбал, Монголын тал нутаг, түүх соёлыг танин мэдэж, хөдөө аялан олон сонирхолтой зүйлстэй ТАНИЛЦАХ боломжтой гэж бодож байгаа.
- Завгүй үедээ бидэнд цаг гарган ярилцсан танд баярлалаа. Ирэх сарын 2-нд оролцох шоунд тань амжилт хүсье.
- Баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|