ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Амархүү: Дахиж нэг бадрах юмсан гэж мөрөөддөг

Н.Пунцагболд
2016 оны 3 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг

“Хүн бүхэн цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг зовлон, баяр хөөрөө дурсан санаж байдаг. Та энэ цаг мөчид хэн бэ, таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэг эхэлж байна”.

Энэ бол “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгийн эхлэл. Манай сонины редакци энэхүү нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж байгаа билээ.  Тэгвэл энэ удаагийн дугаартаа   ОХУ-ын Буриад улсын АЖ, Монгол Улсын СТА дуучин Б.Амархүүгийн “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.


-Та өөрийгөө танилцуулаач. Нэр, жин, өндөр, мэргэжил гээд л?

-Намайг Борхүүгийн Амархүү гэдэг. Би одоо 28 настай. Дууны багш мэргэжилтэй. Өндөр 181 см. Монголдоо ирээд, махаа идээд жин жаахан нэмсэн. 83 кг хавьцаа байгаа байх. Нас ч явж байна. Хүн 25 нас хүрээд жин нэмдэг юм байна. 

-Шашин шүтлэгийн хувьд?

-Бурхан багшаа шүтнэ.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр, хүү, ээж, аавтайгаа амьдарч байна даа.

-Таны хэлэх дуртай үг?

-Миний амьдралын 90 хувь нь тайз, урлагтай холбоотой байдаг. Тийм болохоор бүх санасан, бодсоноо уран бүтээлдээ шингээдэг. Тиймээс ч өөртөө илтгэлтэй бай гэж хэлэх дуртай.

Яагаад өөртөө илтгэлтэй бай гэдэг үгийг хэлдэг болсон гэхээр “Народный артист” тэмцээнийг дуусгаад, өмнөх тэмцээний шилдэг оролцогчидтой хамтарч, Оросын хотуудаар тоглолт хийгээд явж байлаа.

Миний амьдралын 90 хувь нь тайз, урлагтай холбоотой байдаг. 

Тэгэхэд л урлагийн хүн ямар байх ёстой юм бэ гэдгийг ойлгосон. Маш олон авьяаслаг хүүхдүүд байсан. Тэд яаж тайзан дээр гарч, өөрийгөө илэрхийлж байна гэдгийг харж, суралцаж авсан. Тэгээд өөртөө итгэх итгэлийг олж авсан. Тиймээс ч өөртөө итгэлтэй бай гэж хэлэх дуртай. 

-Таны сонирхол, хобби юу вэ?

-Би их олон зүйл сонирхдог. Ээж, эхнэр маань намайг их сониуч хүн гэж ярьдаг. Олон зүйл сонирхдог. Одоо бол хааяа покер тоглох дуртай. Үнэнээ л хэлье. Найзуудтайгаа нийлж покер тоглодог.  Яг тодорхой сонирхол гэвэл машин их сонирхдог. 28 нас хүртлээ маш олон машин сольж, унаж үзлээ. Энэ хобби юм болов уу. Одоо надад хоёр машин байгаа. 

-Та бүр багадаа ямар мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байсан бэ?

-Дуучин уран бүтээлч болно гэдэгтээ би итгэлтэй байсан. Багаасаа циркт тоглож өссөн. Аав маань циркт ажилладаг, урлагийн хүн байсан. Тийм болохоор циркийн жүжигчдийн бүхий л тоглолтыг үздэг байлаа. Энэ бүхэн нөлөөлсөн байх, би багаасаа урлагийн хүн болно гэж боддог байсан. Харин яг дуучин болно гэж бол бодож байгаагүй.

Циркийн жүжигчин болно, аавынхаа мэргэжлийн өвлөнө гэж мөрөөддөг байсан. Гэхдээ аав маань жаахан дурамжхан байсан. Яагаад гэвэл циркийн жүжигчнийг дэлхийн хамгийн эрсдэлтэй мэргэжил гэж үздэг. Тийм болохоор аав эрүүл мэндээ бод, гэмтэж бэртвэл дэмий гэдэг байсан. Тэгээд л явж байгаад нэг мэдсэн дуучин болчихсон. 

-Хэрвээ стресст орвол та яаж тайлдаг вэ?

-Унтаж амарна. Өөрийгөө тайвшруулна. Иогоор хичээллэнэ. Ер нь өөрөө өөрийгөө засч сурах хэрэгтэй юм шиг байгаа юм. 
 
-Та ямар зан чанартай хүн бэ?

-Намайг хүмүүс зөөлөн хүн гэж ярьдаг. Бас өрөвчхөн гэдэг. Харин би өөрийгөө түргэн уурлаж, хурдан тайвширдаг гэж боддог.

-Таны дуртай спорт?

-Сагсан бөмбөг. Багаасаа л сагс тоглож өссөн. Ер нь намайг бага байхад манай байрны хүүхдүүд байнга сагс тоглодог байлаа. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүүхэд бүр сагсны бөмбөг барьчихсан, залчихсан явдаг л байсан. Тийм болохоор маш их сагс тоглодог байлаа.

Харин хоёрдугаар анги төгсөөд Буриад руу явахад тэнд огт өөр орчин угтсан. Сагс тоглодог хүүхэд байхгүй. Бүгд л хөлбөмбөг тоглоно. Тиймээс сагсан бөмбөг тогломоор санагддаг л байлаа. 

-Согтууруулах ундаа гэж таныхаар юу вэ?

-Орчин үед залуучууд согтууруулах ундаа их хэрэглэж байна. Яах вэ, баяр ёслолоор, найз нөхөдтэйгээ уулзаж суугаад бага сага ууж болно. Гэхдээ замбараагүй алдаж л болохгүй байх.

Бүх зүйл хэмжээтэй байх нь сайхан шүү дээ. 

Бүх зүйл хэмжээтэй байх нь сайхан шүү дээ. Мэдээж найз нөхөдтэйгээ уулзаад, зугаалж наргиад, цагийг сайхан өнгөрүүлэхийг хэн ч хүснэ. Харин ухаан санаагүй алдатлаа архинд орчихвол амьдралаа алдаж байгаатай ялгаа юу байна. 

-Та яг ямар үед өөрөө өөр­төө маш их таалагддаг вэ?

-Сүүлийн үед надад аав байх маш их таалагдаж байгаа. Би өмнө нь энэ мэдрэмжийг авахгүй олон жил юу хийж явж байсан юм бол гэж бодогдох юм. Өмнө нь бол тайзан дээр гараад, хүмүүс миний хүргэх гэж байгаа санааг ойлгоод, надтай хамт хөгжиж, бүжиглэх үед өөртөө их таалагддаг байсан болов уу. Өөрт тэгж санагддаг юм. 

-Таны хамгийн үнэт зүйл?

-Аав, ээж минь. 

-Худалч гэж ямар хүнийг хэлдэг юм бол?

-Худалч хүмүүс чинь янз янз байдаг юм шүү дээ. Гэхдээ хамгийн хэцүү худалч нь өөртөө өөртөө худлаа ярьдаг хүн байх. Ямар ч тэвчээр гаргаж чадахгүй, маргааш болъё гэх маягаар явдаг хүн хэцүү дээ. 

-Та шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Нэг их тоодоггүй. “Народный артист”  шоунд оролцож байхад тийм амар биш. Оросын шоу. Оролцогчдын 90 хувь нь оросууд. Хэдийгээр би Буриадыг төлөөлж байгаа ч гэсэн Монгол хүн шүү дээ. Тийм болохоор намайг нэлээд шүүмжилдэг байсан. Бүр доромжилж ч байсан. Онигор нүдтэй л гэнэ. “Явж малаа хариул” гэх зэргээр.

Тэр болгонд би их эмзэглэдэг байсан. Залуу ч байж. Харин тэмцээн дуусаад, ялагч болоод, сүүлдээ Оросын урлагийн томчуудтай хамтарч ажиллаад ирэхээр байдал өөр болж байгаа юм. Одоо ч гэсэн том том уран бүтээлчидтэй найзууд хэвээрээ яваа. Би нэг удаа тайзны ард зогсч байхдаа Алла Пугачевогаас асууж байсан юм.

“Та маш олон жил урлагт зүтгэлээ. Их магтуулдаг байсан. Шүүмжлэл ч гэсэн гарч байгаа. Та тэр бүхнийг яаж давдаг вэ” гэж асуусан. Гэтэл надад агуу үг хэлсэн. Миний санаанаас огт гардаггүй юм. “Сайн ярьж байна уу, муу юу хамаагүй, баярлаж яв. Хэрвээ ярихаа больчихвол санаа зовох хэрэгтэй” гэж хэлж байсан юм. 

-Таны амандаа байнга аялдаг дуу?

-Тэр өдөртөө хальт сонсоод өнгөрсөн дуугаа өдөржингөө амандаа аялдаг.  

-Таныг хамгийн аз жар­галтай байсан үеэ дурсаач гэвэл?

-Олон сайхан дурсамж бай­гаа. Тэр дундаа хамгийн их бо­дож явдаг зүйл бол өөрийгөө зөв авч явах ёстой гэдэг бодол. Монголынхоо нэрийг Орост гаргасан, олны танил хүн болохоор буруу явж болохгүй шүү дээ.

-Та нэг сард өөртөө зориулаад хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?

-Янз бүр л байдаг.  Нэг их үрээд байдаггүй. Ажил хийж байгаа, цалин авч байгаа болохоор хажууд байгаа хүмүүсээ баярлуулах ёстой болно. Энэ сард гэвэл сая гаруй төгрөг зарцуулсан байна. Эмэгтэйчүүдийн баяр боллоо, ээжийгээ, эхнэрээ баярлуулах хэрэгтэй. Тэр утгаараа мөнгө зарцуулах шаардлага гарсан. Зарим сард бараг мөнгө үрдэггүй. Гэх мэтээр янз бүр л байдаг. 

-Ер нь хэр чинээлэг хүн бэ?

-28 насандаа би боломжийн хөрөнгө мөнгөтэй байгаа гэж боддог. Гэхдээ учиргүй баян цатгалан хүн биш шүү. Энгийн айлын хүүхэд. Өөрийнхөө бор зүрхээрээ бүхнийг босгож яваа.

Өөрийнхөө авьяас, бурхнаас заяасан хоолойдоо баярлаж явдаг. Би дуртай ажлаа хийж байна. Дуртай зүйлээ хийж байгаа учраас амьдрал маань сайхан болж байгаа. Харамссан зүйл надад байхгүй. Үүгээрээ би баян хүн.

-Та хамгийн анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?

-Хүнтэй хэрхэн харьцаж байгааг нь хамгийн түрүүнд анзаардаг.  Манай монголчууд хувцсаар нь угтдаг гэж ярьдаг. Надад бол тэр хамаагүй санагддаг. Брэндийн, үнэтэй хувцас өмссөн байна уу, үгүй юу гэдэг нь огт хамаагүй. Хамгийн гол нь нямбай л байвал болно. Ер нь бол харьцаа л чухал.

-Таны юунд бусад хүмүүс татагдаад байна?

-Хүмүүсийн ярьж байгаагаар л дүгнэх юм байна. Олон сайхан хүн “Энэ зангаа алдаж болохгүй шүү” гээд л захидаг. Би ер нь хүүхдээрээ байх дуртай. Тэр нь илүү амар юм шиг санагддаг.  Хүүхэд зангаараа, инээгээд л явж байвал сайхан шүү дээ.

-Таны сэтгэл хөдлөлийн дээд цэг юу вэ?

-Гоё гоё кино үзнэ. Уйлах үедээ уйлна. Зарим эрчүүд сэтгэл хөдлөлөө, нулимсаа маш их нуудаг. Харин би уйлдаг. Тэр киног чинь хүмүүсийг уйлуулахын тулд найруулж байгаа шүү дээ. Тийм болохоор тултал нь мэдрээд, үзэх л хэрэгтэй. 

-Хайртай хүндээ хэлж чаддаггүй ч хамгийн ихээр хэлэхийг хүсдэг үг?

-Ер нь бол хэлэх зүйлээ хэлнэ. Манай хүн ч гэсэн надаас юмаа нуугаад байдаггүй. Тэгээд бид хоёр эхнээсээ л “Ярих, хэлэх зүйлээ ярьж байна. Хэрвээ чи надад хайргүй болчихвол хэлнэ. Би чамд хайргүй болчихвол хэлнэ” гэж ярилцсан. 

-Дурлалд шаналж байв уу?

-Дурлал гээд ярих хаашаа юм бэ дээ. Ер нь бага, залуу байхад нэг их дурлаад байсан юмгүй. Хүүхдийн шохоорхол л байсан байх. Харин яг одоо бол би дурлалдаа умбаж явна. Эхнэртээ хайртай. 

-Танд таагүй ханддаг хүмүүс хэр олон байдаг вэ?

-Байлгүй яах вэ. Тийм хүмүүсээс аль болох хол явахыг хичээдэг. 

-Та аавтайгаа хамт МАН-д элссэн. Энэ тухай ярьвал?

-Би 10 гаруй жил Оросын шоу бизнест зүтгэсэн. Энэ хугацаанд Монголынхоо нэрийг чамгүй гаргасан. Хойно байхдаа Монголоо их санадаг байлаа. Энгийн зүйлүүд санагддаг юм билээ. Монголын өвлийг, Улаанбаатарын цастай байхыг нь харах юмсан гэж бодогддог байсан. Одоо бол энэ бүхнээ хараад, сайхан л байна.

Дээрээс нь би Монголынхоо төлөө ажиллах, нийгмийн хариуцлагаа хүлээх талаасаа үг хэлэх цаг нь ирж байгаа юм уу болов уу гэж бодож байгаа. Гэхдээ надад УИХ-д дэвших энэ тэр асуудал байхгүй. Би хийж чаддаг зүйлээ л хийнэ. Уран бүтээлч хүн. Тийм болохоор авьяасаараа яаж улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж чадах вэ гэдгээ л үзүүлээд явна. 

-Ижил хүйстнүүдийг та юу гэж боддог вэ?

-Надад ийм найзууд зөндөө байдаг. Оросын шоу бизнесийнхний тал нь ижил хүйстнүүд. Намайг оролдохгүй байвал юу хийх нь тэдний хэрэг. Харин би ижил хүйстэн гээд өөрийнхөө сонирхлыг надад хүргэх гээд байвал би хүлээж авахгүй, харьцахгүй.

Гэхдээ миний хүндэлж явдаг уран бүтээлчид байна. Ижил хүйстэн гэдэг нь надад хамаагүй. Би зүгээр л хүндэлдэг. Тийм агуу уран бүтээлчид байна шүү дээ. 

-Алла Пугачева гуай өөрт тань нэг дуугаа албан ёсоор өгсөн гэсэн. Тэр ямар дуу байсан юм бол?

-“Звездное Лето” гэдэг дуугаа надад албан ёсоор дуулахыг зөвшөөрсөн. Лето, Ах лето гээд дуу байдаг даа. Би одоо ч дуулдаг. Оросын шоу бизнес бол Монголынх шиг биш. Бүх зүйл албан ёсоор явах ёстой. Манай шиг нэгнийхээ дууг дураараа дуулдаг, нөгөөх нь ч юу ч хэлдэггүйтэй адил биш. Ер нь бол “Народный артист” тэмцээний үеэр Алла Пугачева “Звездное Лето” гэдэг дууг Марина Девятова бид хоёрт хоёуланд нь өгсөн.

Бид хоёрын хэн нь илүү сонирхолтой, өөрийн болгож дуулахыг чинь харна гэж байсан. Ерөнхийдөө бяцхан тэмцээн гэсэн үг. Марина Девятова бол Оросын ардын стилиэр дуулдаг охин. Тийм болохоор алчууртай гарч ирээд, тэр өнгө аясаар дуулсан. Би болохоор урт үстэй, инээсэн, үсэрч дэвхэрсэн маугли байх ёстой гэсэн бодолтойгоор тайзан дээр гарсан.

Чаддаг юм аа л үзүүлсэн. Гарахдаа циркийн бага сага үзүүлбэр үзүүлээд, үсэрч дэвхрээд л дуулсан. Гэтэл Алла Пугачевад тэр байдал нь таалагдсан. Маринад бол “Чи Орост байгаа. Чиний үзүүлсэн зүйл Орост байдаг л юм. Харин Б.Амархүүгийн үзүүлсэн зүйл арай сонин байлаа. Тийм болохоор Б.Амархүүд энэ дууг бэлэглэж байна” гэж хэлээд өгч байсан. Ийм л түүхтэй.

-Та хэдэн насандаа өөрий­гөө би гэдэг бие хүнээ мэдэрсэн бэ?

-1996 онд бид аавыг дагаад Буриад явсан. Аав маань Буриад улсад цирк байгуулахаар урилгаар явж байлаа. Орос хэл мэдэхгүй. Да, Спасибо гэдэг л байсан. Ингээд л Оросын сургуульд ороод, амьдрал үзсэн шүү. Хэчнээн жаахан хүүхдүүд ч гэсэн дарамтлах, рекетлэх зүйл байсан.

1990-ээд он байсан болохоор ер нь их замбараагүй. Хамаагүй зүйл ярьж болохгүй. Түрүүлж цохиж болохгүй гээд л эвгүй зүйл байлаа. Тэгээд л би өөрийгөө доромжлуулж, дээрэлхүүлж болохгүй, тэмцэх ёстой юм байна гээд нэлээд үзсэн. 2, 3 жилийн дараа байдал өөр болсон.

Тэндхийнхэн манай тосгонд нэг хоншоортой монгол хүү байдаг гэж мэддэг болж байлаа. Тэгээд л хүн хүсвэл юунд ч хүрч чадах юм байна гэдэг мэдрэмжийг өөртөө авч байсан юм. 

-Амьдралдаа хамгийн их ичиж байсан тохиолдол?

-Тийм сүрхий ичиж байсан тохиолдол гэхээр сайн санагдахгүй байна. Анх Москва руу дөнгөж очоод, мөнгө цуглуулж байгаад машин авсан. Анх удаа шинэ машинд сууж үзээд, үнэр энэ тэр нь ямар ч гоё юм. Өөрөө машинаа барьж яваад, нэг машины араас мөргөчихсөн. Тэгээд айгаад, зугтаасан. Том гэмт хэрэг хийчихсэн юм шиг л зүрх савлаад, зугтаасан. Зугтаагаад нэг байрны дунд ороод зогссон. Тэгээд хэн рүү ярихаа мэдэхгүй. Цагдаа руу ярилтай биш, аав, ээжид хэлж санааг нь зовоох хэцүү.

Тэгээд машин авахдаа танилцсан нэг солонгос залуу руу ярилаа. Орост их удаан амьдарсан хүн. Осол гаргаад зугтаачихлаа гээд хэлсэн. Гэтэл өөдөөс загнаад, буцаад оч гэсэн. Хэлснийхээ дагуу буцаад очлоо. Аль хэдийнэ цагдаа ирчихсэн, хэмжилт хийчихсэн байна. Мөргүүлсэн машины жолооч эмэгтэй гайхчихсан зогсч байгаа юм чинь.

Их чанга мөргөсөн болохоор миний машины урд талын гэрэл хагарчихсан. Нөгөө эвдэрхий машинаа унаж ирээд, зогссон. “Народный артист” дөнгөж дуусчихсан, хүн бүр намайг таньдаг. Би машинаасаа буугаад очсон чинь “Чи чинь нөгөө хэн билээ” гээд л. Тэгж нэг онигоонд орж, ичиж байлаа.

-Та цаг барьдаг уу?

-Цаг барихдаа үнэхээр мундаг байсан. Монголд ирснээс хойш монголжоод байна шүү дээ.   

-Та өөрийгөө нэг үгээр тодорхойлооч?

-Инээмсэглэл

-Та бусадтай хэр сайн ярилцагч байж чаддаг вэ?

-Ярьвал ярина шүү дээ. Халуун савтай цайгаа тавьж байгаад хөгшин хүн шиг ярина. 

-Энэ олон баяруудаас таны хувьд хамгийн чухал нь?

-Миний хүүгийн төрсөн өдөр. Яагаад гэвэл хүү минь миний төрсөн өдрөөр төрсөн. Би төрсөн өдрөөрөө аав болсон. 

-Аав, ээжийн чинь сурга­даг хамгийн сайхан сургаал гэвэл?

-Миний ээж “Өөртөө чадах­гүй гэдэг үг битгий хэлж бай” гэдэг байсан. Майкл Жордан чадаад байхад миний хүү яагаад чадахгүй гэж хэлдэг байлаа. Аав минь “Амьдралаа зөв залж яв” гэдэг дээ. 

-Та эцэг, эхийнхээ ачийг хэр хариулсан гэж боддог вэ?

-Хариулаагүй ээ. Хэзээ ч хариулж чадахгүй байх. Хариулж баршгүй их хайр энэрэл шүү дээ. Тийм болохоор багахан баярлуулах боломж гарвал л түүнийг ашиглах ёстой гэж боддог. 

-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл?

-Хоол сайн хийнэ шүү. Хэрвээ би дуучин болоогүй байсан бол тогооч хийж байж ч магадгүй. Ер нь тэр тал руугаа явж болох байсан. 

-Та маш их уурлахаараа яах вэ?

-Хэцүү шүү. Хурдан уурлана. Бас хурдан тайвширна. Эмоци ихтэй. 

-Таны мөрөөдөж байсан мөрөөдөл хэр биелсэн бэ?

-Биелсэн. Гэхдээ мөрөөдөл дуусдаггүй юм билээ. Би одоо дахиж нэг бадрах юмсан гэж мөрөөддөг. 

-Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл?

-Орос хэл. Англиар бас ярина. Гэхдээ унших, бичихдээ муу.  

-Та хамгийн сайн хэдэн найзтай вэ?

-Гарын 10 хуруунд багтах байх. Харин би тэр хүмүүсийн хамгийн сайн найз нь байх гэж хичээдэггүй. Сэтгэлээрээ, чаддагаараа л байхыг хүсдэг.  

-Эмэгтэй хүний ямар зан чанар танд таалагддаг вэ?

-Эхнэрийнхээ гэж ярих юм бол хүүхэд гэмээр занд нь дуртай. Эсвэл ажил бүтэхгүй, жаахан сэтгэлээр унасан үед зөв үгийг олоод хэлчихдэг. Тэр үед нь би зөв хүнтэйгээ суусан байж гэж боддог юм. 

-Баярлалаа гэдэг үгийг хэр их хэлдэг вэ?

-Орост очоод баярлалаа, сайн байна уу, уучлаарай, баяртай гэдэг үгийг хэлж сурсан. Зүгээр нэг танихгүй эмээ хүртэл “Яагаад мэндлэхгүй байгаа юм” гэж загнадаг байсан. Тийм болохоор багаас нь хэлж сурсан гэхэд болно. 

 -Та яг одоо хэнд хамгийн ихээр баярлалаа гэж хэлэхийг хүсч байна?

-Олон хүн байна. “Жигүүр Гранд”-ын Ерөнхийлөгч Баттөр ахдаа баярлалаа гэж хэлмээр байна. “UBS” телевизийн Х.Балхжав ахдаа баярлалаа гэж хэлье. Гэх мэтээр хэлээд байвал маш олон хүнд баярлалаа гэж хэлмээр байна. 

-Гэр бүлээс гадуурх харьцааг юу гэж боддог вэ?

-Тийм харьцааг үүсгэвэл хамтдаа амьдрах хэрэг юу байна. Миний зүрхний нөгөө тал нь миний эхнэр шүү дээ. Би тэр хүнтэй бүх зүйлээ хуваалцаж амьдарч байгаа. Энэ бүхнээ би алдмааргүй байна. Ер нь бол энэ харьцааг хүлээн зөвшөөрдөггүй. 

-Хамгийн сүүлд хэзээ нийтийн тээврийн хэрэгсэлд суусан бэ?

-Тэр байтугай би “Нарантуул” зах руу ч очдог. Гэхдээ учир зүггүй үсээ гельдээд, хослол өмсөөд явна гэж байхгүй шүү дээ. Жаахан нуугдах маягтай, маск, шил зүүгээд явдаг. Яагаад “Нарантуул” зах ордог гэхээр тэнд чинь бүх зүйл байдаг. Орост миний олон найз бий. Тэд “Найздаа гоё суран тэлээ явуулаач” гэдэг. Эсвэл Монгол гутал, эсгий явуулаач гэж гуйдаг. Түүнийг нь авахын тулд өөрөө зах орно шүү дээ. 

-Та хонжворт сугалаанд хэр азтай вэ?

-Азтай. Би өөрөө гайхдаг юм. 

-Сургуульд суралцаж байх үеийн хамгийн дурсамжтай үе?

-Буриадад очоод сургуульд орсон анхны өдөр. Намайг орос хэл мэдэхгүй гээд аваагүй. Түүнээс гадна найман нас хүрээгүй гээд байсан. Жижигхэн биетэй байсан болохоор тэр байх. 

-Хүүхэд байхдаа хамгийн их тоглодог байсан тоглоом?

-Сагс их тоглодог байлаа. Сүүлд аав, ээжээсээ гуйж байгаад playstation авахуулж байлаа. 

-Таныг эзгүй арал дээр ганцааранг чинь амьд­руу­лахаар боллоо. Гурван зүйл авч яв гэвэл юу авах вэ?

-Мэдээж гал  гаргах зүйл авна. Тэгээд хутга авна. Ганцаараа болохоор уйдах болов уу, тийм болохоор хөгжим авч явна даа. 

-Хамгийн их харамсч байсан зүйл?

-Яг тодорхой харамсдаг зүйл байхгүй.  

-Цол, тэмдэг үнэгүйдсэн юм шиг санагддаг. Та энэ тал дээр юу гэж боддог вэ?

-Би Эрээнд СТА-ны тэмдэг 200 мянган төгрөгөөр бөөндөж байхыг харсан. Тийм болохоор дуртай нь очоод СТА цол авчихдаг юм байна гэж ойлгосон. Миний хувьд цол тийм чухал биш. Ард түмний хайр, хүндлэл илүү чухал.

Зураг