Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хавар, зуны загварын чиг хандлага: ПАЛЬТО, ХҮРЭМ

Б.Ууган, iKon.mn
2016 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Энэ оны хавар зуны загварын чиг хандлагад пальто, кардиган, хүрэмнүүд шинэ загвартайгаар орж иржээ. Тэр дундаа холимог бөс даавуугаар хийсэн, төрөл бүрийн өнгөтэй, даруу, завсрын өнгөнөөс хурц тод, хээ өнгө төрхтэй гээд төрөл бүрийн загварууд нэвтэрсэн байна. 

Пальто

Энэ жил пальтоны урт өөрчлөгдөж, ихэвчлэн өвдөгнөөс дээгүүр загварын пальто чиг хандлагыг тодорхойлж  байна.  Хаврын пальто эсгүүрийн хувьд тун энгийн хэдий ч бие галбир тодотгож өгсөн, мөн эрэгтэй хувцастай адилхан хэлбэртэй хурц эсгүүрүүд ч давамгайлж байна. Гэхдээ эрчүүдээс “зээлсэн” загварын пальтон дээр хувцас, гоёл чимэглэлээ зөв сонгож өмсвөл эмэгтэйлэг төрхөө алдахгүй, харин ч улам дэгжин загварлаг харагдана. 

 

Аксессуар дундаас хөнгөн ороолт, алчуур онцгой байр эзэлнэ. Нэхсэн ороолт эсвэл пальтоны гадуур тавьсан алчуур хөнгөн, эрхэмсэг, зөөлөн төрхийг бий болгоно. Харин хурц шийдэмгий төрх бий болгохыг хүсвэл урт бээлий тохиромжтой. Мэдээж богино ханцуйтай пальтон дээр урт бээлий сонгоно гэдгээ та юу эс андах вэ. Буурь суурьтай, төлөв хатагтай нарт завсрын, тайван сэтгэгдэл төрүүлэхүйц өнгийг загвар зохион бүтээгчид санал болгож байна. Гэхдээ ийм өнгийн пальтон дотроос цухуйж харагдах хувцас эсвэл гадна аксессуарынхаа өнгийг тод байхаар зохицуулаарай. 

 

Хаврын шинэ сэргэг, мөн залуу насыг тодотгосон хурц тод өнгө ч энэ жилийн загварын чиг хандлагад хэвээр байна. Харин хар бараан өнгөнөөс загвар зохион бүтээгчид нэгмөр татгалзжээ. 

Хүрэм

Хүрэм бол ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцасны сонголтод зайлшгүй байдаг. Оффис загвартай хүрмийг зөв сонгож чадсан бол эмэгтэйлэг даашинзан дээр ч зохихын зэрэгцээ бие галбирыг гайхалтай харагдуулдаг. Хүрэмний эсгүүр, зах, мөр гээд шулуун, хурц эсгүүртэй байдаг ч мөн л аксессуарын тусламжтайгаар ямар ч төрхийг бүтээж болно. Энэ улиралд бэлхүүс тодотгосон хүрэмнүүд трэнд болж байна. 

 

Мөн хаврын загварууд зузаан, нягт бөс бараагаар хийсэн, нугалаастай гэдгээрээ ялгарна.  Энэ хавар ханцуйгүй содон хүрэмнүүд ихээхэн дэлгэрэх хандлагатай байна. Ийм хүрэмнүүдийг шулуун өмд эсвэл банзалтай ч хослуулан өмсөж болохын дээр энэ жилийн хамгийн загварлаг, дэгжин төрхийг бий болгоно. 

Ширээстэй хүрэм

Биенд эвтэйхэн, ширээстэй хүрэмнүүд энэ хавар ч загварын чиг хандлагаас гарсангүй. Гэхдээ сонголтоо хийхдээ зарим нэг зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ төрлийн хүрмийг өдөр тутам өмсөж, тэр бүү хэл ямар нэг араг хэмжээнд ч хүрмээ өмсөөд явахад эвтэйхэн, цэвэрхэн мөн аятайхан харагдана.  Ширээстэй хүрэм 2014 онд ид ”моодонд” орж байсан ч зөвхөн нэг улирлаар тогтохгүй, үргэлжлэн загварын трэнд болсоор байна. 2016 оны хавар зуны загварын үзүүлбэрүүдэд ч ширээстэй хүрэмнүүдийг загвар зохион бүтээгчид цуглуулгандаа багтаан, шинэ хэлбэр, өнгөний шийдэлтэйгээр бүсгүйчүүдэд танилцуулжээ. 

 

Ширээстэй даавуугаар оёсон хүрэм хавар төдийгүй зуны сэрүүн өдрүүдэд ч нэн тохиромжтой. Энэ жилийн хувьд ийм материалтай хүрэм сонгохдоо өөрийн бие галбирын онцлогийг нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Алдартай загвар зохион бүтээгчдийн энэ жилийн хавар намрын цуглуулганд багтсан ширээстэй хүрэмнүүд  дан ийм материалаар хийгдсэн байхаас гадна зөвхөн халаас, энгэр, ханцуй, зах зэрэг зарим нэг жижиг хэсгээрээ ширээсэн оруулгатай байхаар ч шийдсэн байна. 

Энэ жил богино болон урт загварын ширээстэй хүрэм аль аль нь  бүсгүйчүүдийн сонголтод хэвээр байна. Та эмэгтэйлэг төрхийг бий болгох, бэлхүүс тодотгосон хүрэм, эсвэл шулуун эсгүүрийн хүрэм ч авч болно. Мөн энэ жил спорт загварын ширээстэй хүрэм ч загварын чиг хандлагад голлох байр эзлэж байна. Өнгөний хувьд өргөн сонголттойн дээр залуу эмэгтэйчүүдийн хувьд хурц тод өнгийн ширээстэй хүрэм, харин ахимаг насны эмэгтэйчүүд сонгодог бараан эсвэл цайвар, завсрын өнгийг сонгох нь илүү зохимжтой.

Ширээстэй хүрэмний зуны загвар

Алдартай загвар зохион бүтээгчид энэ жил ширээстэй хүрэмний зуны загварыг тун ч өвөрмөцөөр, ханцуйгүй байхаар шийджээ.  Харин танилцуулж байгаа загваруудын өнгөний хослол нь энгийн ханцуйтай хүрэмнээс нэг их ялгарахгүй.  Ийм ширээстэй хүрэм сонгохдоо төрөл бүрийн чимэглэл, хээ угалз, элдэв нэмэлт детальтай загвараас зайлсхийх хэрэгтэй. Энэ жилийн тухайд энгийн, цэмцгэр загвар “моодонд” орж байгаа гэдгийг санаарай.

Таны шүүгээнд ширээстэй хүрэм хэдийнэ байгаа бол шинэ гадуур хувцас, хүрэм пальто авах гэж яарах хэрэггүй. Ердөө л үүн дээрээ шинэ загварлаг цүнх эсвэл хаврын дэгжин малгай хослуулан өмсчихөд л таны хэв маяг шинэчлэгдээд ирнэ.  Гэхдээ ширээстэй хүрэм өмсөж байгаа үед ширээстэй цүнх үүрч хэрхэвч болохгүй.  Харин өмд,банзалын тухайд гэвэл жийнсэн, ноосон өмд банзал, даавуун өмд гээд төрөл бүрээр нь хослуулж болно. 

 

Эх сурвалж: womee.ru