Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛЧУУД ЦУВРАЛ: "Эсэргүү бослого"

МОНСУДАР
2016 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Бүгд найрамдах засаглал тогтоосон 1924 оноос хоршоолох хөдөлгөөн ялсан 1959 он хүртэлх хугацаа бол нүүдэлчин монголчууд нийгэм журамд орж “уулуудыг төдий л өндөрт үзэхгүйгээр үл барам өргөж баруун тийш тавихаас үл татгалзмаар” хувьсгалч үйл ажиллагаануудыг идэвхийлэн явуулж, Монгол оронд орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн ололтыг нэвтрүүлсэн чухал он жилүүд байлаа.

Иймд бид энэ удаа уншигчдын гар дээр очоод удаагүй байгаа “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” номоос онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж байна.


Улаангом болон Төгсбуянтын хүрээнд 1930 онд лам нарын бослого гарч, түүнийг дарах комиссыг Дотоодыг хамгаалах газрын дарга Б.Элдэв-Очироор тэргүүлүүлэн илгээжээ.

1930 оны гуравдугаар сарын З1-ний өдөр Намын төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар тэрхүү хоёр хийдийн байдлын тухай Элдэв-Очироос ирүүлсэн цахилгаан утсыг авч хэлэлцээд “Улаангом ба Төгсбуянтын хошуудыг цэргийн байдалтай болгомой.

Төгсбуянтын эсэргүүцлийг өдүүлэгч ба удирдагч нарыг харьяа нутгийн албан газраар илэрхийлэн авч мөн тэрхүү хөдөлгөөн дор оролцож бүхий нам эвлэлийн гишүүдийн хамт буудан цаазалмой” хэмээн босогчдын удирдагчдыг олны өмнө буудан алах зөвшөөрлийг Элдэв-Очир тэргүүтэй комисст өгсөн байдаг. 

1932 он гарч коммунизмын үзэл санаа, ангийн тэмцлийн онолыг хэрэгжүүлэхээр улайрсан нам, засгийн бодлогыг эсэргүүцсэн ард олны дургүйцэл дээд цэгтээ хүрч, мөн оны дөрөвдүгээр сарын 11-нд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялганатын хүрээний 10 орчим лам тэр хавийн шинэ хар болсон хүмүүстэй нийлж нийтдээ зуу гаруй хүн Чойжинсүрэн, хоршооны дэлгүүрийн эрхлэгч Жамсрандорж, Хамтралын дарга асан Санжид нараар удирдуулан харьяат сумын захиргааныхныг баривчлахаар бирдан, цахиур буу, мод шийдэм агсан мордсоноор зэвсэгт бослого эхэлжээ. 

Хялганатын хүрээ орчмоос 60 шахам километр зайтай орших Рашаантын Тарав бандидын хүрээнд дөрөвдүгээр сарын 12-13-нд ирж, замд тааралдсан бүгдийг сүйтгэж, хүмүүсийг дайчлан тоогоо олшруулсаар байжээ. Улаанбаатараас тэднийг дарахаар цэрэг ирэхийн өмнө “Очирбатын яам” гэгч нь бослогын хүрээг тэлж одоогийн Хөвсгөл аймгийн Галт, Шинэ Идэр, Жаргалант зэрэг сумдад “жанжин” хэмээгчдийг тус бүр 10-20 цэрэгтэй явуулж байжээ. Үүнээс үүдэн бослого хэд хэдэн газар нэгэн зэрэг үүсэв гэсэн яриа гарчээ. 

“Очирбатын яам”-ыг Жамсран залан толгойлж, цэргийн хэргийг Дамдинсүрэн тайж, “яамны” нарийн бичгийн даргаар Жамсрандорж ажилласнаас гадна Буриад, Эрэндэндэв гол эрх мэдлийг Самбуу дүвчин, Сансрай гавж зэрэг том лам нар мэддэг байжээ. Босогчид хамтрал, хоршоог дээрэмдэн, сургуулийг эвдэж шатаах, нам засгийн ажилтнуудыг баривчилж эрүүдэн байцааж алах зэргээр авирлаж байв.

“Шашныг мандуулах амьтныг жаргуулагч Очирбатын цэргийн яамнаас Хялганатын зэрэг хойд талыг бүхий л тохинуулахаар тусгайлан томилогдсон лам Самбуугийн бичиг”-ийг гаргаж үүндээ: “Энэ болбоос лалыг дарж шамбалын дайн үүсэж буй учир үүнд цэрэг болж зүтгэсэн хүн бүр Эрэгдэндагва хааны бүрэлбаа бие, хэл, сэтгэл гуравт Чойжин сахиус орших учиртай бөгөөд хэрэв эс явсан этгээдэд лал шүглэх ёстой болмой” гэх зэргээр ухуулжээ. 

Энэхүү зэвсэгт бослогын тухай мэдээллийг үндэслэн 1932 оны дөрөвдүгээр сарын 14-нд МАХН-ын Төв хороо, Засгийн газраас бослогыг дарах тухай шийдвэр гаргаж Ж.Лхүмбэ даргатай Засгийн газрын бүрэн эрхт комиссыг томилжээ.

Засгийн газрын комисс Рашаантад байсан зэвсэгт бослогын төвийг 1932 оны дөрөвдүгээр сарын 23-нд цэргийн хүчээр цохисон боловч энэ нь босогчид сумаас сум дамжин, ард олныг түрэмгийлэн цэрэг элсүүлэх, үймээн бий болгох уршигтай зүйл болжээ.

Үүний улмаас зэвсэгт бослогын удирдагчид болох жанжин Самбуу дүвчин, Түгж, Жамц нар уул хадаар хэрэн 1932 оны намар хүртэл баригдаагүй билээ.

 

Зургийн тайлбар: Эсэргүү бослогыг дарахад оролцсон цэргийн ялалтыг тэмдэглэж нийслэлд зохион байгуулсан ёслолын парад тарж буй нь. Танк Т-18, 1932 он.

 

Зургийн тайлбар: Эсэргүү нарыг байцаахаар тууж яваа нь, 1933 он.

Монголчууд цуврал
 

Уг цувралын хүрээнд Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас өнөөг хүртэлх түүхийг гэрэл зургаар баяжуулан уншигчдын хүртээл болгох зорилготой бөгөөд  одоогийн байдлаар 1600-1959 оныг хүртэлх түүхийг өгүүлсэн 3 боть хэвлэгдэн гараад байна. Эдгээр номууд нь дан ганц түүхэн гэрэл зургаас гадна архивын баримт материал, эд өлгийн дурсгал зэрэг олон арван ховор нандин баримтуудыг агуулсан.  

“Монголчууд XX зууны эхэнд”  
“Монголчууд XVII-XX зууны эхэн үе” 
“Монголчууд нийгэм журамд давшин орсон нь”