Малчин түмэн Монголчууддаа туслах зорилготой “Илгээлтийн эзэд” аяныг дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар санаачилж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүнчлэн БСШУЯ, ОБЕГ-ын төлөөлөл оролцлоо.
МУГЖ С.Жавхлан хэлэхдээ "Тус аяныг санаачилж зохион байгуулж байгаа Т.Баясгалан бид хоёр "Илгээлтийн эзэд" хамтарсан тоглолтоо Улаанбаатар хотоос эхлэн бүхий л аймаг, суманд хийх төлөвлөгөөтэй байна.
Тоглолтын бүх ашиг нь цаг уурын хүндхэн нөхцөлд амьдарч байгаа малчин гэр бүлүүдэд сэтгэлийн дэм болохоос гадна ОБЕГ-аар дамжуулан хэрэгтэй эд материал, бэлэн мөнгө болж эзэндээ очих болно.
Манай аяныг дэмжиж байгаа Засгийн Газар, БСШУЯ, ХХААЯ-ны хамт олондоо баярлалаа.
Хүн бүрийг манай тоглолтыг ирж үзээсэй.
Ирэхдээ цэцэг, бэлэг биш, малчин ард түмэнд хэрэгтэй нэмнээ, өвс зэргийг авчраарай гэж хүсье.
УИХ-ын сонгуульд нэр дэвших үү гэсэн асуултад:
МУГЖ Т.Баясгалан "Удаан уулзаагүй та бүхэнтэйгээ уулзаад баяртай байна. Малчин түмэн маань 20-иод жилийн турш бидний дууг сонсож, дэмжиж, хайрлаж ирсэн.
Тиймээс бид нар ч гэсэн өөрсдийнхөө чадлаар малчдаа дэмжих учраас ийнхүү аяныг санаачилсан.
Эхлээд Улаанбаатар хотын Бөхийн өргөөнд энэ сарын 14-нөөс тоглогдох болно.
Хөдөө орон нутагт хэзээ тоглолт хийх, билетийн үнэ, хэзээнээс худалдаалагдах талаар удахгүй мэдээлэл хийнэ"
БСШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг “Тус аяныг манай яам бүрэн дэмжиж ажиллах болно. Аяны хүрээнд “Нэг хүүхэд-нэг нэмнээ”, “Малчин оюутан” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно"
ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Илгээлтийн эзэд" аяныг санаачилж, малчин иргэддээ сэтгэл санаа болон эд материалын хувьд дэмжих гэж байгаа МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нартаа Монгол Улсын Засгийн Газрын нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна.
Цаг агаарын хүнд нөхцөл байдал малчин ард иргэдэд хүндээр тусч байна. Ийм нөхцөл байдалд ЗГ арга хэмжээ авч байгаа ч гэсэн ОУ-ын байгууллагуудаас тусламж хүссэн.
Засгийн Газар бүх талаар дэмжих бөгөөд ОБЕГ хуулийн дагуу, үүргийн дагуу бүх талаар нь дэмжиж, зохион байгуулалттайгаар ажиллах болно" гэлээ.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!