Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийнхээ тэтгэмжийг төлөх ёстой аавуудын 80 гаруй хувь нь үүргээ биелүүлдэггүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын нэр бүхий гишүүд Ганц бие эцэг, эхэд халамж үзүүлэх тухай хуулийн төслийг санаачлаад байгаа билээ. Уг хуулийн төсөлтэй холбоотой санал, бодлоо илэрхийлэхээр өрх толгойлсон ээжүүдийн төлөөлөл өнөөдөр Төрийн ордонд цугларлаа.

Өрх толгойлсон ээжүүдээс гадна ШШГЕГ, Халамж Үйлчилгээний Төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгуулагуудын төлөөлөл ч оролцсон юм. 

Тэд өнөөдөр хэрэгжиж буй Халамжийн тухай хуулийн “цоорхой” болон санаачлагын шатанд байгаа хуулийн төслийн талаар санал бодлоо илэрхийллээ.   

Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Бид уг хуулийг боловсруулахдаа иргэд юу хүсч, ямар хууль зүйн зохицуулалт бий болгохыг хүсч байгаа талаарх судалгааг олон талаас нь хийсэн. Өнөөдөр өрх толгойлсон ээжийн тоо 80 мянга, аавын тоо 8,000 орчим болсон байна. Тиймээс Монгол Улсын нийт өрхийн 10 хувийн асуудлыг шийдвэрлэх цаг болсон” гэсэн юм. 

Хуулийн төсөлд ганц бие эцэг эхэд үзүүлэх халамжийг доор байдлаар тусгажээ: 

  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгийг ажилгүй, орлогогүй байгаа өрх толгойлсон эцэг, эхчүүдэд олгох,
  • Хүүхдээ сургуульд явуулдаг орлого багатай ээж, аавуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний урамшуулал дэмжлэгийг үзүүлэх, 
  • Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамрагдахад нь төрөөс туслалцаа дэмжлэг үзүүлэх , 
  • Өвчтэй байх үед нь эмийн тусламж дэмжлэгийг төрөөс үзүүлдэг байх зэргээр тусгажээ. 

Ганц бие эх, эцгүүдтэй зайлшгүй холбогддог байгууллага бол ШШГЕГ. Шүүхээр гэр бүлээ цуцлуулсан тохиолдлын дийлэнх хувьд хүүхдийг эхэд нь үлдээж эцэг нь хүүхдийн тэтгэмж төлөх болдог. Гэтэл хүүхдийнхээ тэтгэмжийг төлөх ёстой аавуудын 80 гаруй хувь нь энэ үүргээ биелүүлдэггүй аж.

Үүргээ биелүүлдэггүй аавуудтай ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албанынхан “хөөцөлддөг”. Тус газрын Банк, ХЗХ-ны өр барагдуулах албаны дарга, дэд хурандаа Б.Батболд “Аавуудаас хүүхдийн тэтгэмжийг нь гаргуулахад маш олон бэрхшээл тулгардаг. Жишээ нь, сар бүр тогтмол төлдөггүй, харилцах дансандаа мөнгө байршуулдаггүй, эд хөрөнгөө нуун дарагдуулдаг, оршин суугаа хаяг нь тодорхойгүй зэрэг олон асуудал бий.

Бид энэ хуульд шийдвэр гүйцэтгэгчийн эрх, үүргийн нэмэгдүүлэх чиглэлийн заалтыг түлхүү тусгаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг тэтгэмж олгогч огт биелүүлдэггүй. Бид цагдаа шиг албадан ирүүлэх эрх зүйн чадамжгүй учир маш олон чирэгдэл үүсдэг” гэв. 

Бидний хүүхдүүд жирийн эцэг, эхтэй хүүхэд шиг өсөж, хөгжиж чаддаггүй 

Уг хэлэлцүүлэгт оролцож буй хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон ээж Б.Даваасүрэн саналаа хэлсэн юм. 

Тэрбээр ”Одоогийн халамжийн хуульд гурав болон түүнээс дээш хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхэд халамж үзүүлнэ гэж заасан байдаг. Яг амьдрал дээр гурваас дээш хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байна гэдэг боломжгүй. Дийлэнхдээ 1-2 хүүхэдтэй байдаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй халамжид хамрагддаг ганц бие эцэг, эхийн тоо цөөн байдаг. 

Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганц бие эцэг, эхэд хүүхдийг нь 14 нас хүртэл л халамжийн мөнгө өгдөг. Гэтэл хүүхэд өсөх тусам л хэрэглээ нь ихсэж, мөнгө илүү их хэрэгтэй болно. Одоогийн хуулийн эдгээр заалтыг арай зөөллөж, энэ хуульд тусгаж өгөөсэй гэж хүсч байна. 

Жирийн эрүүл саруул хүн ганцаараа хүүхдээ өсгөхөд ямар хүнд байдаг билээ. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй ганц бие эцэг, эх хүүхдээ өсгөхөд бүүр ч олон асуудал бэрхшээл гардаг. 

Хөгжлийн бэрхшээл эцэг, эхтэйн улмаас бидний хүүхдүүд бусад хүүхдийн адил өсөж, хөгжиж чадахгүй, тоглож наадах эрх нь хязгаарлагдаж байна. 
Жирийн хүүхдүүд хичээлээ тараад, гарч орж, чөлөөтэй тоглож нааддаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхтэй хүүхдүүд чөлөөт цагаараа аав, ээжээ асарна, гэрийн ажлаа давхар хийнэ гэхчлэн асуудал их бий”. 

Одоогийн байдлаар уг хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлээд байгаа билээ.