Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн том чадлын цахилгаан станцыг гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж Эрчим хүчний яамны дэргэд Төслийн нэгж байгуулан 2013 онд үйл ажиллагааг нь эхлүүлсэн.
Төслийн Техникийн зөвлөхөөр Австралийн "WorleyParsons", Санхүүгийн зөвлөхөөр Японы "Sumitomo Mitsui Banking Corporation" , Хуулийн зөвлөхөөр АНУ-ын "Shearman & Sterling" , Байгаль орчин, нийгэмд нөлөөлө байдлын үнэлгээг Английн "Mott MacDonald" компаниуд хийж гүйцэтгэлээ.
Төсөлд хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчийг сонгохоор дэлхийд нэр хүнд бүхий бие даан эрчим хүч үйлдвэрлэгч (IPP-Independent Power Producer) 25 компанид санал хүргүүлснээс 10 компани төсөлд оролцох сонирхолоо илэрхийлж нэр бүхий 4 компанид Техникийн болон Арилжааны ажлын даалгавар хүргүүлсэн юм. Үе шаттай сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр Японы "Marubeni" корпорацийг “Шалгарсан хөрөнгө оруулагч”-аар 2016 оны 2 дугаар сарын 28-ний өдөр Тавантолгой Цахилгаан станц төслийн Удирдах хороо хуралдаж тодрууллаа. Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах явцад олон улсын аудитын “Делоитт Онч” компани хөндлөнгийн хяналт тавьж ажиллав.
Марубени корпораци нь дэлхийн 22 оронд нийт 34870 МВт суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станцыг эзэмших, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон эрчим хүч үйлдвэрлэгч компани юм.