Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/29-НД НИЙТЛЭГДСЭН

Чуулганы завсарлагаанаар чулуу шидэлцэх намуудын улстөр

Ж.Нарангэрэл
2016 оны 2 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ-ын намрын чуулган завсарласан хэдий ч сонгуультай жилийн нөлөөгөөр улстөрийн амьдрал анхаарал татсан хэвээр байна. Гэхдээ өнгөрсөн сонгуулиас хойш өнөөг хүртэл шийдвэрлэх алхмуудыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж чадсаар ирсэн МАХН-ынхан энэ удаа ч улстөрийн тавцанд жүжгийн гол дүр байсаар байна. 

Магадгүй энэ нь Н.Энхбаярыг Шадар сайд болгох эс бөгөөс сонгуульд оролцохдоо угшил нэгтэй МАН-тай эвсэх гэсэн хоёр шалтгаанаар олны анхаарлыг татаж буй мэт.АН-ынхан эв нэгдлийг эрхэмлэхийг хичээж эхлэв.

Нэгэнтээ эрх барьж буй нэртэй АН-ынхан байнга шахам эвсэн буй “Шударга ёс” эвсэл тэр дундаа МАХН-ыг араар нь тавьж, молиго үмхүүлсээр ирсэн төдийгүй хамгийн сүүлд Засгийн газрын тэргүүнээ авч үлдэхийн тулд намын даргыг нь Шадар сай^ болгох амлалтдаа хүрэх байтугай ирэх сонгуульд оролцох эрхгүй болтол нь нам тавьсан.

Тиймдээ ч улстөрд арайхийн алхаж байгаа үеийнхээ нэг суга таягийг хүчээр хаясан гэхэд хилсдэхгүй. Тиймээс АН-ынхан өрөөсөн суга таягтайгаа буюу ИЗНН-ыг уусгахыг хүсээд ч хүчээ авч, өндөрт гарна гэдэг бүтэшгүй даваа болсон.

Өндөрт дүүлж, ядаж өнөөдрийнхөөсөө доош унахгүйн тулд АН-ын нэр бүхий гишүүд “МоАН санаачилга”-ыг зохион байгуулж, анхны хурлаараа УИХ-ын гишүүн Л.Болдыг тус байгууллагын ерөнхийлөгч, С.Мэндсайхан, Д.Нямхүү, Л.Нармандах нарыг дэд ерөнхийлөгчөөр сонгож, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ баталсан. 

Тодруулбал, “МоАН санаачилга”-ын удирдах зөвлөлд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, А.Бакей, С.Баярцогт, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар нарын улстөрч багтсан байна. "МоАН санаачилга’’ нь ардчиллын нийтлэг үнэт дээдэлсэн, нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм байна. Гэсэн ч гишүүд нь үзэл бодлоороо нэгдэн тодорхой улстөрийн үйл ажиллагаа явуулахыг хориглохгүй хэмээн дүрэмдээ тусгасан гэнэ.

Монголын Ардчиллын 25 жилийн түүхэнд дотооддоо хамгийн их ардчилалтай хэмээн баахан фракцитай, түүгээрээ дайтаж өнөөг хүрсэн АН-ынханд энэхүү санаачилга нь намаа дахин өөд нь татах гайгүй сайн гарц хэмээн харж байгаа аж. МоАН санаачлагыг АН-ын Үндэсний Зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөл болон бүх шатны байгууллагын олон гишүүд дэмжин нэгдэж эхэлсэн бөгөөд тус байгууллагынхан Монголын Ардчилал бол ард түмнийхээ хүсэл зоригоор Монголдоо төрж, бойжиж, бэхэжсэн үндэсний үнэт зүйл бөгөөд түүний зайлшгүй хамгаалах ёстой үнэт өв нь хүний эрх, эрх чөлөө, хүмүүнлэг, иргэнлэг зарчим гэж үзэж байгаа юм байна.

Тэгэхээр энэхүү санаачилгыг үндэслэгчид хийгээд удирдах зөвлөлийн гишүүд нь ирэх сонгуульд ялалт байгуулж, АН-аа аврах ямар төлөвлөгөө зохиохоос улстөрийн үйл явц цаашлаад дан дугуйтай эргэлдэх үү, давхар дугуйнхаа оронд хагас заавал тавих уу гэдгийг шийдэх бололтой.

Өөрөөр хэлбэл АН-ынхан улстөрд дан дугуйтайгаа ялалт байгуулсан ч улс эх орны эдийн засаг, хувь заяаг дангаараа шийдэх байтугай авч явж ч чадахгүй нь гэдгийг өнгөрсөн жилүүдэд харуулсан. Тэгэхээр ялалт байгуулсан ч хажуугаасаа хагас дугуйгаараа ядаж ИЗНН-ыг чирч явах нь хамгийн чухал асуудал хэвээр байх бололтой.

Угшил нэгтнүүдийн урьдчилсан сүрдүүлэг

Маргааш болох “Эх орончдын өдөр” ийг MAH, МАХН хамтарч тэмдэглэх болсон тухайгаа өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт зарласан. Өөрсдөө тайлбарлахдаа ахмад гишүүд нь аль халуун намраас хойш хүсэлт тавьсан. Тэднийхээ санаачилгыг хэлэлцэн, зөвшилцөөд угшил, түүх, үзэл бодол нэгтэй намууд нэг баярыг хоёр хуваах шаардлагагүй гэж үзсэн гэх зэргээр тайлбарлаж байгаа.

Юутай ч тэд маргааш жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх зэрэг арга хэмжээ зохион байгуулах тухайгаа дуулгасан. Харин бөхийн барилдаан зохион байгуулах нь сонгуулийн хуульд харшлах учраас энэ удаа өнжинө гэдгээ мэдэгдэв.

Гэвч тэдний энэхүү баярын арга хэмжээг хамтарч тэмдэглэх гэдэг санаачилга хийгээд үйлдлийн цаана чухам юу оршино вэ. Баяраа хамт тэмдэглэх болсон тухай мэдээллээ хэвлэлийнхнээр дайхаар МАН, МАХН-ын нарийн бичгийн дарга нар цугласан байсан бөгөөд ойн баярыг хамтран тэмдэглэх ажлын хэсгийг хоёр намаас гарган ажиллаж байгаа хэмээсэн.

МАН-тай ирэх сонгуульд эвсэж орох уу гэдэг дээр ажлын хэсэг байгуулаагүй байгаа.

Харин цаашид тус намууд нэгдэх эсэхэд хараахан шийдэлд хүрээгүй хэмээж байсан юм. Түүгээр ч зогсохгүй МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Нам нэгдэх асуудалд намын анхан шатны байгууллагад байгаа гишүүд, намын удирдлагуудаас санаачилга гараад энэ ажил явж байгаа.

Аливаа улс орны хувьд тогтвортой хөгжлийг бий болгох үүднээс томоохон намууд нь тодорхой байр суурийг хадгалж, бусад жижиг намуудаа өөртэйгөө нэгтгэж эвсэж ажилладаг жишиг байдаг. Хэрвээ хоёр нам нэгдвэл МАН буюу Улсын дээд шүүхийн бүртгэлээр нэгдүгээрт байдаг энэ нам дээр нэгдэх байх гэдэг байр суурь байх болов уу гэсэн миний хувийн бодол бий.” гэсэн нь МАХН-ынханд тийм ч таатай санагдаагүй нь лавтай.

Түүнчлэн МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга “Нэгдэх тал дээр ажлын хэсэг ерөөсөө гараагүй. Зөвхөн 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг гэж ойлгож болно. Ялгаж салгах ёстой шүү. Сонгуульд нэгдэж орох асуудал бол нээлттэй. Бид Монголын ногоон намтай хамтарч, эвсэл болж болох гээд ажлын хэсэг байгуулсан байгаа. МАН-тай ирэх сонгуульд эвсэж орох уу гэдэг дээр ажлын хэсэг байгуулаагүй байгаа. Аль аль талдаа ярьж

Үүнээс харахад намууд сонгуулийн хуулийн дагуу эвсэж сонгуульд орно уу болохоос цаашдын хувь заяагаа нэгтгэх боломж нь одоогоор хаалттай байгаа гэдгийг хэлчихлээ.

Тэгвэл МАХН-ынхан үнэхээр ахмад гишүүдийнхээ үгийг сонсдог сүрхий улстөрчид үү гэдэг нь мөн л эргэлзээтэй. Харин ч өнгөрсөн хугацаанд АН-ынханд тулах хүч болсоор ирэхэд нь өдгөө намын даргыг нь улстөрийн тавцангаас арчих бодлого баримталж буйд нь уурсаж, түүнийгээ илэрхийлэхийн тулд МАН-тай буцаад нэгдчихэж чадна шүү гэдгээ л харуулах гэсэн зорилго гэлтэй. Товчхондоо нэгэнт намын даргыг Шадар сайд болгохгүй гэж байгаа бол манайд ашигтай нүүдэл өг гэж шаардаж буйтай агаар нэгэн гэсэн үг. Магадгүй дараа, дараагийн алхмуудаараа Н.Энхбаярыг сонгуульд оролцуулах боломжоор хангуулах арга сүвэгчилж байгаа ч юм билүү хэн мэдлээ.

Мэдээж МАН-ын хувьд МАХН-тай нэгдвэл ашигтай. Гэхдээ Н.Энхбаярыг хэрхэхээ маш сайн тооцоолохгүй бол дахиад л түүний төлөө хэсэг хугацаанд хүчин зүтгэх шаардлага гарах вий гэдэг толгойны өвчинтэй болчихсон яваа. Үүнийхээ зэрэгцээ бусад намаа бодвол боловсон хүчин сайтай учраас МАХН-тай эвсэж сонгуульд оролцох тохироо хийвэл МАН-ын багийн гишүүд жагсаалтад орохоос эхлээд боломжоор хангагдах нөхцөл нь муудна. Тиймээс МАН-ын хувьд ирэх сонгуулийг хүртэл жорыг нь тааруулаад л олонд таалагдах жүжгийн сценари бичнэ үү болохоос өөрсдөө түүндээ оролцон тоглохоос зайлсхийж байхаас гарцаагүй.

Юутай ч чуулганы завсарлагаанаар нутгийн зүг жолоо залдаг эрхэм түшээд сонгуулиас урьтан тойргийн сонгогчдынхоо тархийг угаахаар мордоцгоосон байгаа. Мэдээж тэд очсон газар уулзсан хүмүүстээ УИХ-ын чуулганаар баталсан хуулиудаа таниулан, сурталчлахаас илүү өөрийн болон намынхаа хийсэн ажил, өрсөлдөгчийнхөө гацааж, гажаасан үйл хэргийг танилцуулдаг нь жам.

Тэд энэ маягийн төлөвлөгөөгөө cap гаруйн хугацаанд хэрэгжүүлэх нь тодорхой болж Төрийн ордон бараг л эзгүйрсэн. Гэвч улстөрийн амьдрал буцалж, намууд хүртэл дотооддоо УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахын тулд тохироо хийгээд мөнгөн дүнгээ нэмэгдүүлж байгаа. Тэр байтугай улстөрд шинээр орж ирэхийг хүсэгчид ч урлагийн салбараас хүч түрэх болсон. Энэ бүхнээс харах нь ээ, энэ хаврын улстөр, ирэх сонгуулийн өнгийг тодорхойлох тун ч бэрх болж мэдэх нь ээ.

Зураг