Өнөөдөр буюу Даваа гарагт Тайландын гүнж Маха Чакри Сириндхорн хөрш Камбож улсад гурван өдрийн айлчлалаа эхлүүлж байна.
Энэ айлчлалын гол сонирхол татсан зүйл нь эрхэмсэг гүнжийн жорлонгийн асуудал. Өнгөрсөн амралтын өдрүүдээр гүнжийн богино хугацааны айлчлалд зориулан Иеак Лом нуурын эрэг дээр $40,000-ын өртөгтэй жорлон босгож дууссан талаар Камбожийн албаны хүмүүс мэдээлжээ.
Гүнж нь Тайландын эзэн хаан Бхумибол Адулядейгийн хоёр дахь охин гэнэ.
Камбожийн үйлдвэрийн ажилчны цалин ойролцоогоор $140 байдаг бөгөөд гүнжийн айлчилж байгаа хөдөө нутагт үүнээс ч дор байгаа нь ойлгомжтой.
Эрхэмсэг гүнжийн хүсэлтээр Тайландын Сиам Цемент Групп компани 8 метр квд талбайтай, агааржуулагчтай ариун цэврийн өрөөг богино хугацаанд босгосон байна.
Жорлон барих 10 ажилчин, бүх материал зэргийг Тайландаас авчирч 19 хоногийн дотор дуусгажээ.
Харин гүнжийн гурван өдрийн айлчлал дууссаны дараа уг жорлон үлдэх ёсгүй гэнэ. Учир нь язгууртны жорлонг энгийн хүн ашиглаж болдоггүй. Тиймээс айлчлалын дараа жорлонгийн зориулалтыг өөрчлөн офис болгож Камбожийн орон нутгийн захиргааныханд өгөхөөр болжээ.
Энэ айлчлал Камбожийн хөдөө нутгийнханд шинэ сонин зүйл үзүүлж, нүдийг нь нээсэн явдал болно гэж үзэж байна. Учир нь Дэлхийн Жорлонгийн Байгууллагын судалгаагаар Камбожийн орон нутгийн иргэдийн 69 хувь нь боловсон жорлон хэрэглэдэггүй, ил задгай бие засдаг ажээ.
Эх сурвалж: Mashable
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!