Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Таны ХҮҮХЭД хөгжлийг бүтээж, түүхийг бичнэ

ikon.mn
2016 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

- “Хашийг эс засвал сав болохгүй, хүнийг эс засвал эрдэм сурахгүй”-


Сургуулийн шинэчлэлийн “Бяцхан манлайлагч” хөтөлбөр өнөө цагийн боловсролын салбарын өнгө төрхийг шинээр тодорхойлох түвшинд ирээд байна. Дэлхийн 70 гаруй оронд хэрэгжиж тус хөтөлбөр нь манай улсын хувьд шинэ тутам. Тодруулбал, боловсролын салбарт нутагшуулж буй хамгийн залуу хөтөлбөр гэж тодотгож болно. АНУ-ын “Westgate research” хөндлөнгийн судалгааны байгууллагаас уг хөтөлбөрийн үр дүнг тодорхойлж, удаа дараа судалгаа хийсэн байдаг. Үүгээр судалгаанд оролцогсдын 87 хувь нь хөтөлбөрийн үр дүнг онц сайн гэж үнэлсэн байна.

“Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил” номын агуулгад тулгуурласан “Бяцхан манлайлагч” хөтөлбөр олон улсын хэмжээнд нийт 2031 сургуульд хэрэгжиж, үр дүнгээ өгөөд буй. Хөтөлбөрийг хэрэгжүүлсэн сургуулийн соёл, хамт олны уур амьсгалд нааштай дэвшил гарч, бие биенээ хүндэтгэж, бүтээлч харилцааг бий болгосноор суралцагсдын сахилга бат сайжирсан эерэг жишээ цөөнгүй байгааг дурдаж болох юм. Хөтөлбөрийн үр дүнд сурагчдын сурлагын үзүүлэлтэд ч онцгой өөрчлөлт гарчээ. Үүгээр хэмжигдэхгүй сурган хүмүүжүүлэгч бүр өөрийн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлах, хөгжих, илүү шинэ түвшинд ажиллах дадал эзэмшсэн байна.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Г.Сүглэгмаа “Дэлхийн өнцөг булан бүрт хэрэгжиж буй сургуулийн шинэчлэлийн олон улсын хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх болсонд таатай байна” хэмээн онцолсон. “Хөтөлбөрийн онцлог нь сургууль өөрийн зорилгоо зөв тодорхойлсноор багш, ажилтан, сурагчид болон эцэг эхийн оролцоо, сурагчдын сурлагын амжилт, төлөвшил дээшилж тухайн сургуулийн соёл бүхэлдээ өөрчлөгдөн өөрийн гэсэн өнгийг бий болгож байгаа нь талархууштай” гэж тэрбээр тодотгов. 

Хүүхэд бүрийг хөгжүүлэхийн зэрэгцээ тэдний бие даасан чадварыг хөгжүүлж, хариуцлагатай, эрдэм боловсролтой зөв хүн болоход туслах нь манай боловсролын тэргүүн зорилго. Энэхүү зорилготой дээрх хөтөлбөр нийцэж байгаа төдийгүй үр дүн нь уулзаж байгаа юм. Шинэ түвшинд гарахаар тэмүүлж буй дотоодын боловсролын систем дээрх зорилгоо биелүүлэхийн тулд хүүхдийн авьяасыг хэрхэн нээх, ямар амжилт гаргах болон ямар төрлийн сургууль тэдэнд хэрэгтэй талаар өөр өнцгөөс бодох хэрэгцээ шаардлага нэг талаар үүсээд байна. Ийм цаг үед “Бяцхан манлайлагч” хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд шинийг хуучинтай нь, хуучныг шинэтэй нь уялдуулах, зохистой түвшинд хүргэх боломжийг нэг талаар олгож байгааг тэмдэглэе. Үүгээрээ АНУ-ын “Франклин Кови” компанийн явуулж буй үйл ажиллагаа бусдаас эрс ялгардаг. 

“Хашийг эс засвал сав болохгүй, хүнийг эс засвал эрдэм сурахгүй” гэсэн ардын зүйр цэцэн үг бий. Монголын ирээдүйн хөгжлийг тодорхойлох, ирж яваа цагийг улам гэрэл, гэгээтэй тодотгох боловсролын салбарт дэлхийн тэргүүн туршлага, ололт, амжилт “мөрөн” мэт цутгах ёстой. Үүний нэг нь “Бяцхан манлайлагч” хөтөлбөр. Даян дэлхий оюун санааны хувьд хил хязгааргүй болж, хүмүүсийн сэтгэлгээнд ч ул мөрөө үлдээсэн өөрчлөлт бидний нүдэн дээр илт гарч байна. Үүнийг дэвшил, хөгжил, өөрчлөлт хэмээн одоо болон ирээдүй цагийнхан хүлээн авах болсон. Хэрэв хөтөлбөрийн үр дүнг ойлгон хүртэж чадвал бид дэлхийн боловсролыг эх орондоо эзэмших, бидний үргэлжлэл болсон үр хүүхэд маань илүү өрсөлдөх чадвартай иргэн болж төлөвших юм. 

Гэрэл зургийг mpa.mn

Шинэ бүхэн амаргүй, илүү бэрхшээл, сорилттой нүүр тулгарах нь бий. Гэхдээ л бид хуучин байрандаа, яг л урьдын шиг ээ хэвээр үлдэж боломгүй. Танилцуулаад байгаа эл хөтөлбөрийг Канадын 200 гаруй сургууль өнөө хэрэгжүүлж байгаа юм. Сургуулийн дийлэнх нь улсынх боловч олон тооны хувийн сургуулиуд ч “Бяцхан манлайлагч” хөтөлбөрт нэгдэж орсон байна. Канадаас гадна Бразил улсад 100 орчим сургууль уг хөтөлбөрийг өөрийн боловсролын салбарт нэвтрүүлжээ. Колумб, Чили, Мексик, Сингапур, Тайвань, БНХАУ, Энэтхэг, Өмнөд Солонгос, Индонез, Малайз зэрэг орон сургуулийн шинэчлэлийн хөтөлбөрийг мөн эхлүүлээд байна. Европт Швед, Унгар зэрэг орны зарим сургууль дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. 

“Бид улсынхаа сайн сайхан ирээдүйн төлөө өдөр бүр ажилладаг. Боловсролын чанарыг сайжруулах нь нийгмийн ялгааг багасган манлайлагчдын шинэ үеийг бий болгоно хэмээн итгэдэг.Сургуулийн шинэчлэлийн хөтөлбөр Колумбын улсын сургуулиудыг өөрчлөх, манлайллын үлгэр дуурайлал болоход тусална. Колумбын хэдэн мянган хүүхдүүдийг хувьдаа болон ирээдүйд ажил мэргэжилдээ шилдэг болоход нь дээрх хөтөлбөр хөшүүрэг болно” хэмээн тус улсын “Терпел” сангийн захирал Силвиа Мадринан өгүүлжээ. Дэлхий даяар хэрэгжиж буй энэхүү “Бяцхан манлайлагч” хөтөлбөр Монголд тусгалаа олж, хэрэгжиж байна. Цэгцтэй мэдлэг нь амьдралын баялаг. Тэгэхээр амьдрах арга ухааныг хослуулан зааж,  хувь хүнийг хөгжүүлэх дээрх хөтөлбөр нь үр дүнгээ өгч эхэллээ. 

 

Нийтлэлийг бичсэн Б.Баяртогтох