Уншиж байна ...

Путин: Трамп эрт ерөнхийлөгч болсон бол Орос улс Украинд халдахгүй байх байсан

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 9 цаг 34 минут
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Оросын телевизээр ярихдаа Украины дайныг зогсоохын тулд АНУ-ын шинэ ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Даваа гарагт тангараг өргөсөн Дональд Трамп эхлээд Украины дайны улмаас улс орноо сүйрүүлж буй Путинийг шүүмжилсэн бол дараа нь дайнаа зогсоохгүй бол Орос улсын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авахаа анхааруулсан юм.

“Украины асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэх хүсэлтэй байгаагаа бид байнга илэрхийлж байсан. Энэ удаа ч би бас дахин хэлмээр байна” гэж Путин өчигдөр хэлжээ.

Тэрбээр Трампыг “ухаалаг”, “прагматик” удирдагч гэж магтаад 2020 оны сонгуулийн ялалтаа Жо Байденд луйвардуулсан гэдэг үзэл бодолтой нь санаа нэг байгаагаа илэрхийлсэн байна.

“2020 онд түүний ялалтыг луйвардаагүй бол 2022 онд Украины хямрал гарахгүй байх байсан гэдэгтэй би санал нийлдэг” гэж Путин энэ үеэр хэлжээ.

Пүрэв гарагт Давос хотод үргэлжилж буй Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд видео холбоогоор үг хэлэхдээ Трамп газрын тосны үнэ ханшийг бууруулах асуудлаар Саудын Араб тэргүүтэй OPEC-ийн гишүүн орнуудтай тохиролцвол Оросын санхүүгийн чадавх суларч, Украины дайныг зогсоохоос өөр замгүй болох санааг илэрхийлж байв.

Харин Путин өчигдөр Трампын энэ санааг няцаасан юм.

“Америкийн эдийн засагт хохиролтой ийм шийдвэр гарна гэж төсөөлөхөд надад хэцүү байна” гэж тэр хэлжээ.

Путиний мэдэгдлийн дараа өчигдөр Киевийн эрх баригчид аливаа яриа хэлэлцээний гадна Украин улсыг үлдээхийн эсрэг байгаагаа анхааруулсан байна.

“Тэр (Путин) Европын хувь заяаг Европгүйгээр, Украины хувь заяаг Украингүйгээр хэлэлцэхийг хүсэж байна. Ийм зүйл болохгүй. Путин өөрөө бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй, эс тэгвээс түүнийг байранд нь тавих болно. Орчин үеийн дэлхий ертөнц ингэж ажилладаггүй юм” гэж Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак хэлжээ.

Украин, Оросын хооронд энхийн яриа хэлэлцээ эхлэх талаар яригдаж байх зуур талуудын хооронд агаарын довтолгоонууд үргэлжилсээр байлаа.

Өчигдөр Оросын агаарын цохилтын улмаас нийслэл Киев хотын ойролцоо гурван хүн алагдаж, хэд хэдэн хүн шархадсан байна.

Украины тал Баасан гарагийн шөнө 120 дроноор Оросын 12 бүс нутаг, түүний дотор нийслэл Москва хотын чиглэлд довтолжээ.

Үүний улмаас Оросын нутаг дахь газрын тосны үйлдвэр, цахилгаан станц, электроникийн үйлдвэр цохилтод өртсөн байна.

 

Эх сурвалж: AFP