Уншиж байна ...

Словакийн иргэд Оросыг дагагч ерөнхий сайдаа огцруулахаар тэмцэж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 10 цаг 18 минут
iKon.MN
Зураг зураг

Оросын талыг илт баримталдаг ерөнхий сайд Роберт Фикогийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Словак даяар өрнөж байна.

Баасан гарагт нийслэл Братислав хотод 60,000 орчим хүн жагссан нь сүүлийн жилүүдэд үзэгдээгүй томоохон эсэргүүцлийн арга хэмжээ болжээ.

Фико өнгөрсөн сард Москвад айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзсанаас хойш ийм эсэргүүцлийн арга хэмжээнүүд ар араасаа гарах болсон юм.

Саяхан тэр бас Словак улсын гадаад бодлогыг өөрчилж, Европын Холбоо, НАТО-гийн бүрэлдэхүүнээс гаргах тухай ярьсан нь нийгмийн бухимдлыг улам нэмэгдүүлжээ.

зураг
 
Фико, Путин нар Москвад

Баасан гарагийн жагсаалыг Фикогийн засгийн газар гадаадаас дэмжлэгтэй төрийн эргэлт хийх оролдлого гэж нэрлэсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгасан юм.

Фико өмнө нь бас ерөнхий сайдын албыг хашиж байсан бөгөөд 2018 онд авлигын асуудлаар эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулдаг сэтгүүлч Ян Кучиак бусдын гарт алагдсаны дараа албан тушаалаасаа огцорч байжээ.

Энэ удаагийн иргэдийн эсэргүүцэл 2018 оны үеийнхтэй ижил түвшинд хүрсэн гэж ажиглагчид үзэж байна.

Фико сүүлийн үед хөрш Украин улстай илт сөргөөцөлдөх болсон нь Словакийн иргэдийг бас бухимдуулаад байгаа.

Украин улс энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр өөрийн нутгаар дамжин Словакийн нутагт хүрдэг Оросын хийн хоолойг хаасан юм.

Үүний хариуд Фико хүмүүнлэгийн тусламжаа зогсоохоор Украины эрх баригчдыг сүрдүүлж байв.

 

Эх сурвалж: Aljazeera