ОХУ-ын Ульяновск хотод болж өндөрлөсөн бөмбөгтэй хоккейн ДАШТ-д амжилттай оролцож, дөрөвдүгээр байрт орсон Монголын хоккейн шигшээ багийнхан өчигдөр эх орондоо иржээ.
Түүхэн амжилт гаргаж, рейтингээрээ дэлхийд 12 дугаарт эрэмбэлэгдсэн хоккейн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч А.Мэргэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол улсын шигшээ баг Украйн, Хятад, Япон, Сомали, Чех гэсэн улсуудтай нэг хэсэгт хуваарилагдаж Японы шигшээ багтай эхний тоглолтоо хийж 4-0 ээр хожигдсон ч Хятадын шигшээ багийг 7-1 ээр, Сомалийг 9-0 ээр, Чехийн шигшээ багийг 7-1 ээр буулган авсан.
Нугалаанд Голланд улсын шигшээ багийг 4-0 ээр хожиж хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болсон бөгөөд хагас шигшээд Унгарын шигшээ багтай хүнд хэцүү тоглолт хийж 6-5 аар харамсалтайгаар хожигдсон юм. Хэрэв Унгарыг хожсон бол манай баг АЛТЫН төлөө Герман улстай тоглох байлаа.
Унгарт хожигдоод ХҮРЭЛ медалийн төлөө хэсэгтээ хожиж байсан Украйн улстайгаа дахин тоглож нэмэлт цагт 6-5 аар маш харамсалтай хожигдож ДӨРӨВДҮГЭЭР байранд орсон. Энэ удаагийн ДАШТ-д Герман улс түрүүлсэн юм.
Дасгалжуулагч А.Мэргэн "Манай баг медаль хүртэж чадаагүй хэдий ч шигшээ багийн арга барил, тамирчдын хувийн ур чадвар хэдийнээ элит ангилалд тоглож чадахаар болсныг гэрчилсэн. Хүүхдүүдээрээ үнэхээр бахархаж байгаа.
Манайд бөмбөгтэй хоккейн зориулалтын талбай байхгүй.
Манайд бөмбөгтэй хоккейн зориулалтын талбай байхгүй учраас тамирчид маань лигт тоглодог багийнхаа талбайд тус тусдаа бэлтгэлээ базаасан ч хоккейн спорт өндөр хөгжсөн орнуудтай эн тэнцүүхэн өрсөлдөж чадсан.
Мөн манай шигшээ багийн хаалгач Б.Мөнхболд “Шилдэг хаалгач”-аар шалгарсныг дурдах нь зүйтэй байх.
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн нэг зүйлийг төр засгаасаа хүсмээр байна. Мөсөн ордон бариад өгчихвөл манай тамирчдад үнэхээр хэмжээ, хязгааргүй боломж байна.
Украйны багтай хүрэл медалийн төлөө тоглох үеэр гарсан зодоонтой холбогдуулан би өөрийгөө буруутгаж байгаа. Би дасгалжуулагч хүний хувьд хүүхдүүддээ анхаарал тавьж, барьж чадаагүйдээ харамсаж байна.
Тоглолтын бичлэгийг ухраагаад үзэхэд эсрэг багийн тамирчин хаалгачид хүрсэн байгаа юм. Тэр үед хаалгачаа хамгаалж тоглох үүрэгтэй манай хамгаалагч н.Батгэрэл эсрэг багийн тамирчны нуруу руу цохиод зодоон эхэлсэн. Бидний зүгээс буруугаа хүлээж, ОХУ-ын, Украйны хоккейн хөгжөөн дэмжигчдээс уучлал гуйсан. Шүгэл дуугарсны дараа зодоон хийсэн, өөрсдийгөө барьж чадаагүй бидний буруу.
Зодоонтой холбогдуулан Олон улсын хоккейн холбооноос арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа бөгөөд одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Ер нь бол зодоон эхлүүлсэн ганц хоёр тамирчны дараагийн тэмцээнд оролцох эрхийг хасах байх гэж бодож байна" хэмээн ярилаа.
Монголын хоккейчид олон улсын хоккейн холбооноос гаргасан календарчилсан төлөвлөгөөний дагуу Азийн цомын аварга шалгаруулах Challenge Cup тэмцээнд 2013 оноос оролцож эхэлсэн бөгөөд 2013, 2014, 2015 онуудад дараалан хүрэл медаль хүртсэн амжилт гаргаад байна.
Энэ жилийн ээлжит Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн 2016 оны гуравдугаар сарын 12-18-ны өдрүүдэд уламжлал ёсоор Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохиогдож байгаагаас манай улсын шигшээ баг, тамирчид оролцохоор бэлтгэлдээ гараад байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!