Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбулган: Шуудан харилцааны нууцаа алдсан компаниуд 1.6 тэрбум төгрөгөөр хохирсон

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

“Цахим орчинд хүүхдийг хамгаалах нь” сэдвээр хэлэлцүүлэг Шангри-Ла зочид буудалд өнөөдөр болж байгаа билээ. Энэ үеэр бид Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэбулгантай товч ярилцаж, Монгол дахь цахим гэмт хэргийн асуудлаар мэдээлэл авлаа.

-Сайн байна уу. Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн дарамттай холбоотой ямар хэргүүд Монголд хамгийн их тохиолддог вэ?

-Энд яригдаж буй ноцтой хэргүүд одоохондоо бүртгэгдээгүй байна. Гэхдээ энэ бол байхгүй гэсэн үг биш. 2014 онд Сүхбаатар аймгийн харьяат иргэн хуурамч хаяг ашиглаад охидын зургийг цуглуулдаг, дарамталж мөнгө авдаг, тодорхой тооны хүмүүстэй бэлгийн харилцаанд орсон тохиолдол гарч, хэрэг нь шүүхээр орсон байгаа. 

-Монголд цахим гэмт хэрэгтэй холбоотой хамгийн түгээмэл гардаг хэргүүдийг нэрлэнэ үү?

-Хүүхэд гэлтгүй бүх хүмүүсээс хамгийн түгээмэл ирдэг гомдол нь нэр хүндэд халдах, гүтгэн доромжлох байдаг.

-Хүүхэд нь цахим орчинд дарамтад өртөх юм бол эцэг эхчүүд хамгийн түрүүнд хаана хандаж тусламж авах бололцоотой вэ?

-Хамгийн түрүүнд оршин суугаа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст хандах хэрэгтэй.

Шуудан харилцааны нууцад халдсан гэмт хэргийг олон улс дамнасан бүлэглэлүүд үйлддэг.

Шаардлагатай тохиолдолд манай хэлтсээс зөвлөгөө, мэдээлэл авч болно.

-Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс чиг үүргийнхээ хүрээнд ямар асуудалд илүү анхаарлаа хандуулж ажилладаг вэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэг болон цахим орчинд үйлдэгдсэн садар самууныг сурталчлах, захидал харилцааны халдашгүй байдлыг зөрчих, зохиогчийн эрхийн асуудалд анхаарлаа хандуулж ажилладаг.

-Тэгвэл цахим орчинд садар самууныг сурталчлах хэрэг гарахад хэрхэн таслан зогсоодог вэ?

-Хүн болгон мэдэж байгаа. Цахим орчинд тарсан нэг зураг, бичлэгийг буцааж чадахгүй, тараад явчихдаг. Манай байгууллагаас тухайлсан үйлдлийг таслан зогсоох, хаах арга хэмжээ авч ажилладаг.

-Хувийн компаниудын шуудан харилцааны нууцад халдсан асуудал сая яригдлаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ төрлийн хэргийг олон улс дамнасан бүлэглэлүүд үйлддэг. Гэмт этгээдүүд гадаад улсад байдаг. Манай гадаад худалдааны  компаниуд нэлээн өртөж байна. Хуурамч мэйл хаяг хүлээж авч түүнийхээ дагуу төлбөр тооцоогоо буруу данс руу шилжүүлж хохирдог. Энэ бол залилангийн гэмт хэрэг л дээ.
Өөрөөр хэлбэл төлбөр тооцоо хийх үед гэмт этгээдүүд харилцагчийнх нь мэйл хаягийг дуурайлгаж, өөр данс явуулж мөнгийг нь залилан авдаг юм.

-Хохирлын хэмжээ хэр их байгаа вэ?

-Хохирлын хэмжээ өндөр байгаа. 2015 оны арванхоёрдугаар сард бид судалж үзэхэд 1.6 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байсан. 

-Гэмт этгээдүүдийг олох боломж бий юу?

-Бидний хувьд мөнгө шилжүүлж авсан дансны мэдээллийг тухайн улсын Цагдаагийн байгууллагаар шалгуулдаг. Одоогийн байдлаар хохирлоо барагдуулж авсан компани байхгүй. 

-Хувь хүмүүс, албан байгууллагын хувьд захидал харилцааны нууцаа хамгаалахын тулд хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай байдаг вэ?

-Шаардлагагүй и-мэйлийг шалгах, нээж үзэх хэрэггүй. Мөн вирусны хамгаалалтан дээрээ анхаарах хэрэгтэй. Их хэмжээний төлбөр тооцоо дамжиж байгаа тохиолдолд дансны мэдээллийг нь зайлшгүй утсаар баталгаажуулах шаардлагатай. И-мэйл хаягийг дуурайлгаад хийх тохиолдол бий. Ийм төрлийн мэдлэгтэй байх нь чухал.