Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал НЗДТГ-т болж байна.
Хурлаар Улаанбаатар Хотын Цагдаагийн Газар, Замын Цагдаагийн Газар гэмт хэрэг, зам тээврийн ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, 2016 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр холбогдох албаны хүмүүсээс 2015 оны гэмт хэргийн статистик мэдээлэл болон 2016 онд урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлуудыг тодрууллаа.
Улаанбаатар Хотын Цагдаагийн Газрын дарга Ч.Болдбаатар "Нийслэл Улаанбаатар хотод 2015 онд 324,364 гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээж авч, шалгасан нь өмнөх оноос дөрвөн хувиар өссөн үзүүлэлт байлаа.
Нийт 17,939 гэмт хэрэг бүртгэгдсэн нь улсын хэмжээний нийт гэмт хэргийн 64.6 хувийг эзэлж байгаа. Судалгаанаас харахад тодорхой төрлийн гэмт хэрэг буюу ХУЛГАЙ, ЗАЛИЛАН МЭХЛЭХ гэмт хэрэг 13.5-14.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд бусад төрлийн гэмт хэргүүд 0.6-24 хувиар буурсан байна.
Нийслэл хотод бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 32.9 хувийг ХУЛГАЙН гэмт хэрэг эзэлж байгаа нөхцөл байдалтай уялдуулан хулгайн эд зүйлс худалдаж авдаг ченж, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг ААН, иргэдэд хяналт тавих, хулгайн гэмт хэрэг үйлддэг иргэдийг хөрөнгө санхүүгээр дэмжиж байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
Гэмт хэргийн илрүүлэлт 58.9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 3.5 хувиар өссөн байгаа.
Гэмт хэргийн улмаас 52 байгууллага ААН, 17750 иргэнд 87.3 тэрбум төгрөгийн хохирол учирснаас цагдаагийн байгууллага хэрэг мөрдөлт, мөрдөн байцаалтын шатанд 29.7 хувь буюу 28.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, битүүмжлээд байна"гэлээ.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Ц.Ариунболд "2015 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдаж, есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийг дагаж гарсан холбогдох журмуудыг ХЗЯ-наас гаргаж, мөрдөж байна.
Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирох болон гэмтсэн хүмүүсийн тоо 20-30 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.
Нийслэл хотод гарч байгаа зам тээврийн ослын ихэнх тохиолдолд явган зорчигч хохирч байгаа. Энэ төрлийн ослын 80 орчим хувьд жолооч, үлдсэн 20 хувьд явган зорчигч буруутай байгаа нь харагддаг" гэв.
НОБГ-ын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар "2015 онд НОБГ-т нийтдээ 3,800 орчим гамшиг ослын дуудлага ирсэн. Эдгээр гамшиг ослоос 670 гаруй хүний амь биеийг манай аврагчид яг гардаж аварсан байгаа. Түүнчлэн 10 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг гал түймэр болон бусад гамшиг ослоос аварсан.
Урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан нэг ам.доллар гамшиг ослын үед зарцуулж байгаа долоон ам.доллартай тэнцдэг гэсэн судалгааг олон улсын байгууллагууд хамтраад гаргасан байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай хэрэгжүүлбэл аливаа гамшиг ослын үед хохирол багатай байх юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
ОБЕГ урьдчилан сэргийлэх ажлыг бодлогын хэмжээнд авч үзэж, 2014 онд урьдчилан сэргийлэх нэгжийг бие даалгаж гаргасан. Гэсэн хэдий ч улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор өндөр биш байдаг. Ер нь бол урьдчилан сэргийлэх ажилд зарцуулж байгаа мөнгө туйлын бага.
Нийслэлийн Онцгой Байдлын Газарт жилд 50 орчим сая төгрөг л төсөвлөгддөг. Үүнийг есөн дүүрэгтээ хуваагаад зарцуулахаар багахан хэмжээтэй болчихдог.
Гэтэл Улаанбаатар хотод 1,400,000 хүн амьдарч ажиллаж байна. Эдгээр иргэдэд зориулж, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахад мөнгөө хаанаа ч хүрдэггүй" хэмээн ярилаа.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал үргэлжилж, 2016 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!