Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Сүхбаатар: Худалдааны эргэлтээ 2020 онд 10 тэрбум долларт хүргэнэ

Д.Гэрэлцэцэг
2016 оны 1 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарыг урьж ярилцлаа.

-Манай улсын Ерөнхийлөгч өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятад улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээ, үр дүнг Элчин сайд та хэрхэн дүгнэж байна вэ?

-БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа урт хугацаанд, тогтвортой, харилцан ашигтай хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Хятадын хувьд мөн ийм зарчим баримталдаг. БНХАУ бол 14 улстай хуурай газраар шууд хил залган оршдог дэлхийн хоёрдогч том эдийн засаг. Үүний дотор манай улстай 4,700 гаруй км газар нутгаар хиллэдэг.

Хоёр улс сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн зарчмаар харилцаагаа хөгжүүлдэг. Улс төрийн хувьд ямар нэгэн шийдэгдээгүй асуудал байдаггүй. Өнгөрсөн оны хувьд хоёр улсын харилцаанд олон чухал үйл явдал тохиож, хамтын ажиллагаанд бодит ахиц гарсан жил болсон.

Ялангуяа, өндөр дээд төвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж хадгалагдлаа. Энэ нь хамтын ажиллагааг урагшлуулахад улс төрийн үндэс суурийг тавьж өгөхийн зэрэгцээ хамтын ажиллагааны таатай нөхцөлийг бүрдүүлэх чухал онцлогтой.

Хоёр улс сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн зарчмаар харилцаагаа хөгжүүлдэг. 

Тиймээс улс төрийн хэлхээ холбоо идэвхтэй явагдаж, олон томоохон асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн. Өнгөрсөн оны хамгийн онцлог арга хэмжээ бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал байлаа. Энэ бол 2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал төдийгүй Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн айлчлал болсон. Товчхондоо, манай нийгэм, эдийн засгийн хөгжилд нэмэр болохуйц тодорхой төслүүдийг харилцан ашигтай байх зарчмын дагуу явуулах эдийн засгийн чухал агуулгатай айлчлал гэж тодорхойлж байна.

-Хятад дэлхийн хоёр дахь том эдийн засаг. Нөгөө талаараа манай улсын эдийн засагт ч том байр суурь эзэлдэг. Ер нь энэ салбарт ямар бодитой ахиц дэвшил гарч байна?

-Худалдаа, эдийн засгийн салбар нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд худалдааг хөнгөвчлөх. бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр нягт хамтран ажиллаж хоёр талын худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилттой байгаа. БНХАУ-аас олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 2003 онд сая, 2014 онд нэг тэрбум ам.доллар зэргээр жил ирэх тусам өсч, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн цар хүрээ улам өргөжиж байгаа.

Гэвч манайх Засгийн газар, эсвэл хариуцсан сайд нар солигдох бүрт буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдээ олон дахин өөрчлөх шаардлага гардаг. Түүнчлэн цаг хугацаа алддагаас юань, долларын ханшийн зөрүүнээс алдагдал хүлээх, дээр нь тээвэр, барилгын материал, ажиллах хүчний зардлын өсөлт зэргээс төслийн өртөг зардал өсч эдийн засгийн үр ашиг буурах, цаашлаад зээл олгогч талаа манайтай хамтран ажиллахад төвөг учруулах, өөрсдөө эвгүй байдалд орох явдал байсаар байна.

-Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал нь манай эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Тодруулбал, олон улсын зах зээл дэх нүүрсний үнэ буурсан нь манай эдийн засгийн салбарт хүртэл нөлөөлж байгааг бид сүүлийн хэдэн жил харж байна. Цаашид эдийн засаг, худалдааны харилцааг аль чиглэл рүү түлхүү хөгжүүлбэл хоёр талд харилцан ашигтай байж болох бол?

-БНХАУ нь Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түншийнхээ байр суурийг сүүлийн 15 жил хадгалсаар байгаа. Хоёр орны худалдааны бүтцийг харахад тэнцвэргүй харьцаатай. Хятадтай хийж буй худалдаа нь манай улсын худалдаа эерэг баланстай байхад гол үүрэг гүйцэтгэдэг.

Монголын экспорт давамгайлж, импорт бага хувийг эзэлсээр ирсэн. Мөн манай экспортод цөөн нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүн голлодог нь дэлхийн зах зээлд дээрх эрдсийн үнэ унахаар манай эдийн засагт шууд нөлөөлж байна.

Хятадын эдийн засгийн эрч хүч суларсан нь мэдээж сөрөг нөлөөтэй ч гол шалтгаан нь зах зээлийн үнийн асуудал байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар 12.4 сая тонн коксжих нүүрс БНХАУ-д экспортоор гаргасан нь өнгөрсөн оныхоос биет хэмжээгээр төдийлөн буураагүй ч, үнийн дүнгээр орсон орлого 40 гаруй хувь буурсан байна.

Хамгийн ойр, гол зах зээл Хятад нүүрсний хэрэглээгээ багасгаж байна. Дэлхий нийтээр эрчим хүчний байгальд ээлтэй технологи ашиглах хандлага давамгайлах болсон нь Монголын хувьд ч шинэ нөхцөл байдалд зохицсон, уул уурхайд түшиглэсэн бус “амьдрах өөр арга” бодож олох зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар, ялангуяа хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбар нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нэг гол чиглэл юм.

-Хэдхэн сарын өмнө зохиогдсон Монгол-Хятадын анхдугаар ЭКСПО-д Монголоос олон аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон шүү дээ. Тэгэхээр Монгол Хятадтай зөвхөн уул уурхай төдийгүй худалдаа, аж үйлдвэрийн салбарт ч хамтрах бүрэн боломж байгааг энэ арга хэмжээнээс олж харсан байх?

-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулагдсан үзэсгэлэн яармаг, сэдэвчилсэн хэлэлцүүлэг хуралдаан, соёлын арга хэмжээнүүд нь хоёр талын худалдааг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн шууд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үр дүнтэй ажил болсон. Арга хэмжээг Монголын талаас Аж үйлдвэрийн яам, Хятадын талаас Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хамтран зохион байгуулсан.

Цаашид энэ арга хэмжээг тогтмолжуулах зорилгоор холбогдох яамд хооронд хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулсан. Санамж бичгийн дагуу тус ЭКСПО нь хоёр жил тутамд нэг удаа зохиогдох юм. Ер нь манай аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний дийлэнх нь арга хэмжээ дуусахаас өмнө зарагдаж дууссан нь манай бараа бүтээгдэхүүнийг авах сонирхол, хүлээлт байна гэдэг нь анзаарагдсан. Энэ чиглэлээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулж хэрэгжүүлж чадвал уул уурхайгаас хамааралтай бус эдийн засгийн солонгоруулахад ач холбогдолтой болох юм.

-Монгол Улсын “Талын зам” болон Хятадын “Бүс болон Зам” хөгжлийн стратегийг уялдуулах нь хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгоно гэж хоёр улс үзэж байгаа. Энэ санаачилгыг эрчимжүүлэх, хоёр улсын Засгийн газар хооронд хөгжлийн стратегиа уялдуулах асуудал яригдаж эхэлсэн үү. Ямар шатанд явж байгаа бол?

-БНХАУ-ын "Бүс болон зам” хөгжлийн стратеги нь Хятад улсын хөрш орнуудтайгаа хэрэгжүүлж буй гадаад бодлого, эдийн засгийн хөгжлийн стратеги юм. Энэ нь Хятад улс болон хөрш орнууд төдийгүй энэ бүс нутгийн, олон талт хамтын ажиллагааны хөгжлийн стратеги гэж хэлж болно.

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад, Орос гурван талт хамтын ажиллагаа идэвхжиж байна. Энэ хүрээнд Монголын “Талын зам”, Хятадын “Бүс болон зам”, Оросын “Транс Евразийн коридор” “Эдийн засгийн коридор” байгуулахаар талууд баримт бичгийн төслөө солилцоод байгаа. Баримт бичгийн төслөө тохиролцоод байгуулах чиглэлээр ажиллана. 

“Эдийн засгийн коридор'’ нь дээрх гурван хөгжлийн стратегийг уялдуулах гол нөхцөл болох юм. “Талын зам” төсөл жинхэнэ утгаараа “төсөл” гэгдэх шаардлага хангасан, тодорхой судалгаа, тооцоотой материалыг холбогдох байгууллагууд нарийн сайн бэлтгэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ төсөл нь дан ганц зам харилцаагаар хязгаарлагдахгүй газрын тос, эрчим хүч, байгалийн хий, мэдээлэл сүлжээ зэрэг олон салбарыг хамарсан өргөн хүрээний хамтын ажиллагаа байна.

-Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд байгаль, экологи, соёл, боловсрол, хүмүүнлэг, эрүүл мэнд, спортын салбарын хамтын ажиллагаа илүү өргөн цар хүрээтэй хөгжих боломж бүрддэг. Соёл боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны цаашдын зорилт гэвэл?

-Мэдээж таны дурдаж байгаа салбарууд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг байдаг. 2014 онд хоёр улсын Төрийн тэргүүн нарын гарын үсэг зурсан “Хамтарсан Тунхаглал“, мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрийн айлчлалын дүнгээр зарласан “Хамтарсан мэдэгдэл”-д эдгээр салбарын хамтын ажиллагааны чиглэлийг шинэ агуулгаар баяжуулж, тодорхой тусгасан. Энэ бол дээрх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх ойрын үеийн зорилтууд. Бид улс төр, эдийн засгийн үндсэн харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ ард иргэдэд шууд чиглэсэн эдгээр салбарт ололт, амжилт арвин байна.

Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучууд, сэтгүүлчдийн солилцоог тогтмол явуулж байна. Эдгээр солилцооны үндсэн зорилго бол дэлхийн эдийн засагт жин нөлөө нь хэлж буй хөрш Хятадын хөгжил, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил, амжилтаас улс орны орны хөгжлийн түүчээ залуу хойч үедээ шинийг мэдүүлэх тэр дундаа манай нийгэмд хэрэгцээтэй зүйлсийг судалж мэдэх боломжийг олгох явдал юм. Соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж байгаа.

Тухайлбал, жилд давхардсан тоогоор манай нэг сая гаруй иргэн буюу гурван хүн тутмын нэг нь Хятадад зорчсон тоон үзүүлэлт бий.Энэ бол иргэд хоорондын солилцоо ямар төвшинд явагдаж байгаагийн тодорхой жишээ. Хоёр улсын холбогдох яамд “Хүмүүнлэгийн солилцооны механизм" байгуулах асуудлаар яриа хэлэлцээ явуулж байгаа. Монголоос 7,920 оюутан Хятадад суралцаж байна гэсэн судалгааг Хятадын Боловсролын яамнаас гаргасан.

Манай хүн амын тоотой харьцуулахад өндөр хувь хэмжээ. Жил бүр Хятадаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам БСШУЯ-тай хамтран Хятадын Төв засгийн газар, ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Харин 2015 оноос эхлэн Си Зиньпин даргын амласан мастер, докторын тусгай тэтгэлт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөр нь байгалийн ухааны буюу нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд зориулагдах юм. 

-Монголд хөнгөлөлттэй зээл, тусламж олгодог орнуудын тоонд Хятад ордог. Гэвч манайд үзүүлж буй зээл, тусламжаар чухам ямар ажлууд хийж байгаа талаар төдийлөн мэдээллээд байдаггүй. Сүүлийн үед олгож байгаа зээл, тусламжийн хөршийн зарцуулалт, үр дүнгийн талаар сонирхмоор байна? 

-БНХАУ-ын Засгийн газраас 2014 онд олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр ерөнхий боловсролын 21 сургууль барих шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ингээд сургууль барих байршлыг тодорхойлон Хятадын талд хүргүүлснээр судалгааны баг өнгөрсөн есдүгээр сард манай улсад ирж сургуулийн газартай танилцан нарийвчилсан судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.

Хятадын талаас төсөлд оролцох зохих шаардлага хангасан компаниудын нэрсийг 2-3 сарын хугацаанд ирүүлэх юм.

Үр дүнд нь төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг БСШУЯ болон БНХАУ-ын Худалдааны яам хооронд байгуулж эхний ээлжинд долоон сургууль, нэг цэцэрлэгийг сонгон барилгын ажлыг эхлүүлэхээр харилцан тохироод байгаа. Төслийн ТЭЗҮ болон сургуулиудын зураг төслийг өнгөрсөн аравдугаар сард Хятадын талд хүргүүлсэн. Хятадын талаас төсөлд оролцох зохих шаардлага хангасан компаниудын нэрсийг 2-3 сарын хугацаанд ирүүлэх юм.

Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ зээлээр санхүүжүүлэх долоон төслийг Хятадын талаас хариуцаж хэрэгжүүлэх Эксим банканд 2015 онд хүргүүлсэн. Мөн “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлт”, “УБ-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих”, "Max боловсруулах 12 үйлдвэр барих”, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл, зэрэг төслүүдийг энэ зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөөд байна. 

-Эцэст нь Монгол иргэдтэй холбоотой нэг асуудлыг тодруулмаар байна. Одоогийн байдлаар БНХАУ-д манай хэдэн иргэн ял эдэлж байна. Иргэд голдуу ямар төрлийн гэмт хэрэгт холбогдоод байгаа бол? 

-Өнөөдрийн байдлаар БНХАУ-д 75 иргэн ял эдэлж байгаа бөгөөд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нийт 76 иргэн байна. Үүнээс 27 иргэн хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн хэргээр 15-аас дээш жилийн хугацаатай хорих ял эдэлж үед хар тамхи хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдож ял шийтгэл авах асуудал цөөнгүй гарч байсан.

Энэ чиглэлээр манай Гадаад хэргийн яам хууль хяналтын байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн хамтран урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласны дүнд энэ төрлийн гэмт хэргийн гаралт цөөрсөн. Харин хулгай хийх, хууль бусаар оршин суух, биеэ үнэлэх зэрэг гэмт хэрэгт холбогдох асуудал гарсаар байгаа. Манай иргэд БНХАУ-д зорчих, ажиллах, аялах явцдаа аливаа хүндрэл, бэрхшээлтэй тулгарвал ЭСЯ-ндаа хандаж, эрх зүйн болон консулын зовлогоо. үйлчилгээ авч байхыг зөвлөе.

Зураг