Шашны асуудлаар манай төр гэнэт нүдний шил зүүсэн мэт юм болов. Нэг мэдсэн шашны олон урсгал чиглэл ороод ирчихсэн, гэр хороололд христ, католик, лалын сүм, хийдүүд үүрлэчихсэн байна гэнэ. Тэгээд төрөөс зохицуулах хэрэгтэй гэж үзжээ.
Түүнийгээ 1993 онд баталсан Төр, сүм, хийдийн тухай хуульдаа дорвитойхон өөрчлөлт оруулах хэмээн томьёолж, УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо, хуульч гишүүд энэ чиглэлээр ажиллаж эхэлжээ.
Ер нь бол энэ хуульд 1995,1997, 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулсныг эс тооцвол огт гар хүрсэнгүй. Нэг үгээр хэлбэл, “Сүх далайтал...” гэгчээр болж байгаа эсэхийг нь ч эргэж харсангүй, хэрэгжилтэд нь ч санаа зовсонгүй, шинэ тутам бүртгэгдсэн сүм, хийдүүддээ ч хяналт тавилгүй 23 жил явж иржээ.
Монголд будда, христос, лал, мусульман, католик, шинто, ислам, бахай гэхчлэн янз бүрийн шашны байгууллага зэрэгцэн оршиж ирэв.
Энэ хооронд анх хууль баталж байх үед 130 байсан сүм, хийдийн тоо 900 гаруй болтлоо өсч үржиж, монголчуудын зонхилох шашин болох буддын шашин байр сууриа алдсан байна. Энэ зөвхөн гадна харагдаж буй асуудал. Дотроо түмэн зовлон нүүрлэсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Су.Батболд “Төр, сүм хийдийн тоо, хяналт тавих, байршлыг зохицуулах асуудал орхигджээ” хэмээн дүгнэсэн нь нэгийг хэлнэ.
Өнөөдөр Монголд будда, христос, лал, мусульман, католик, шинто, ислам, бахай гэхчлэн янз бүрийн шашны байгууллага зэрэгцэн оршиж ирэв.
Хандлагын хувьд бие биеэ үгүйсгэх байдалтай нь анзаарагддаг. Монгол туургатны бөөгийн холбоо”-ны тэргүүн Ч.Чинбатын хэлснээр сүүлийн үед бөөгийн бүртгэлтэй, бүртгэлгүй олон холбоо үүсч, бөө мөргөл зан үйл үү, шашин уу гэдэг асуудалд хариулт өгөх, хуульчлах шаардлага бий болжээ.
Түүнчлэн шашин, шүтлэгийн хэлбэрээсээ хальж, шашны сургалтыг боловсролын асуудалтай хольж хутгах, идэж уухаас өгсүүлээд хүний хэрэгцээгээр дамжин гэр бүл рүү чиглэх, тэр байтугай төрийн бодлого шийдвэрт нөлөөлөх оролдлого хийж байна уу гэсэн дүр зураг сүүлийн үед илэрхий харагдах болов.
Энэ бүхэн хүний эрх, эрх чөлөө, улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал гээд олон зүйл дээр шашны асуудлыг цаашид эргэж харах хэрэгтэйг сануулах болсон. Ийм байгаа учраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей саяхан “Шашны янз бүрийн урсгал орж ирэх нь даяарчлагдсан ертөнцөд янз бүрийн сөрөг үр дагавар гарч сууриа илэрхийлсэн, Төр шашин, шашны байгууллагуудад хэрхэн хандаж, харилцаж ирэв гэвэл, аймаг, нийслэлийн ИТХ-аас сүм хийдийг бүртгэх, зөвшөөрөл өгөх, зөвшөөрлийг сунгах ажлыг хийж байж.
Үйл ажиллагаанд хяналт тавих, санхүүжилт, тайланг авч үзэх, иргэдээ хамгаалах талаас юу хийсэн нь бүрхэг. Тэр байтугай бүртгэл нь ч дутуу, дулимаг явж иржээ. Үүнийг Top, сүм, хийдийн харилцааны тухай хуулийн хэрэгжилтэд судалгаа хийж, хамгийн сүүлийн үеийн тоо, баримтыг гаргаж ирсэн “Тунгаамал төв” ТББ-ын судалгаа харуулж байна.
Тус төвийн тэргүүн О.Тунгалаг хэлэхдээ “Сүм хийдүүд 2011 онд гарсан, мэдээлэл, лавлагааны тухай хуулийн хүрээнд бүгд өөрийн цахим хуудастай болж, түүгээрээ өөрсдийн явуулж буй үйл ажиллагааг тодорхой мэдэгдэж байх ёстой.
Улсын хэмжээнд зөвшөөрөл бүхий 782 шашны сүм хийд байгаагаас орон нутагт 496, нийслэлд 286 байна.
Энэ ажил дутмаг. Бүртгэлийн газар, Статистикийн ерөнхий газар, аймаг, нийслэлийн ИТХ зэрэг төрийн байгууллагуудад байгаа шашны байгууллагуудын тоо баримт хоорондоо зөрүүтэй, бидний авсан тооноос маш бага байна. Бөө, удган үзмэрч, лам хувраг зэрэг олон хүн ямар ч бүртгэлгүй шашны зан үйлийг гүйцэлдүүлж, иргэдэд үйлчилж байна хэмээн танилцуулсан.
Сүүлийн үеийн судалгаагаар 1,817 хүүхэд шашны байгууллагуудын сургалтад хамрагдаж, сүмд шавилан сууж байгаа бол орон нутагт 3,413, нийслэлд 15,404 гэсэн тоо гарчээ. Улсын хэмжээнд зөвшөөрөл бүхий 782 шашны сүм хийд байгаагаас орон нутагт 496, нийслэлд 286 байна. Үүнээс буддын шашны 331, христийн 364, исламын 46, бөө мөргөлийн 25, бусад бахай, католик, байгууллага байдаг нь нийтдээ 17 байдаг аж. Тэгвэл зөвшөөрөлгүй 170 байгууллага байна.
Шашны байгууллагын нийт тоо 952 гэж гарсан бол төрийн байгууллагууд дахь бүртгэлд энэ тоо 300-500 орчим гэж оржээ. Бага насны хүүхдүүд олноороо сүм,хийдэд хамрагдаж байна гэсэн мэдээллийг буддын сүм,хийдүүд эрс үгүйсгэж байгаа юм. Тухайлбал, Мамба дацан хийдийн тэргүүн, хамба Ш.Нацагдорж хэлэхдээ “Сүм, хийдэд 1,817 хүүхэд хамрагдаж, шавилан сууж байна гэжээ. Гэтэл Буддын сүм, хийдэд ийм олон хүүхэд хамрагддаггүй” хэмээсэн.
Харин христос, бахай, христ, исламын шашны төлөөлөгчид аймаг, нийслэлийн ИТХ-аас шашны үйл ажиллагаа явуулахад одгодог зөвшөөрлийн хугацааг олон аль болох сунгадаг байх тухай л төр, засагт учирлаж сууна.
УИХ дахь хуульч гишүүдийн нэг О.Баасанхүү Шашны байгууллагууд Монгол Улсын хуулийг дагаж мөрдөх ёстой. Төрийн байгууллагууд журмаа больж, шалгадаг зүйлээ сайжруулах хэрэгтэй” гэсэн. Энэ мэтчилэн шийдвэр гаргах төвшинд шашны асуудлыг анхаарч, хуульд өөрчлөлт оруулах “галт тэрэг” хөдөлсөн нь сайн хэрэг.
Ингэхгүй бол гаднаас жуулчны визээр орж ирээд шашны янз бүрийн урсгал, чиглэлийг сурталчилдаг, иргэдийг эд мөнгөөр татах, санаа сэтгэлийг үймүүлэх, цаашилбал, ёс суртахуун хийгээд бие махбодод хор хохирол учруулах явдал гарч болзошгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!