2015 оны Арванхоёрдугаар сарын 25-нд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэн баталсан билээ. Өнөөдөр энэхүү хууль бүрэн эхээрээ “Төрийн мэдээллийн эмхтгэл”-д хэвлэгджээ.
Сонгуулийн тухай хуулийн гол зохицуулалтуудын нэг бол сонгуулийн сурталчилгааны асуудал байдаг билээ. Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаагаа хийх гол суваг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл.
2016 оны сонгуулийг зохицуулах уг хуулинд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс сайт болон радио телевизэд чанга заалтууд оруулсан байна.
Тухайлбал:
Уг хуулийн 68 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаа хэсэгт:
68.7.Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын доод хэсэгт захиалсан этгээдийн эх сурвалжийг заавал дурдаж, захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих ба энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарах ба радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд захиалагчийн нэрийг дурдана хэмээн заасан байна.
Хэрэв энэ заалтыг зөрчсөн бол
Энэ зүйл заалтаар нийтлэгч сонгуулийн төлбөртэй материалын захиалагчийн нэрийг дурдахгүй бол тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зургаан сар хүртэл хугацаагаар зогсоох магадлалтай гэсэн үг.
Энэ хуулийн 82, 83 дугаар зүйлд Сонгуулийн сурталчилгаанд радио телевиз, интернэт орчин ашиглах үед зохицуулах заалтуудыг нарийн оруулжээ.
Харин сонин, сэтгүүлээр сурталчилгаа хэрхэн явагдах нь тодорхой бус буюу огт дурдагдаагүй байна.
Дээрх 82, 83 дугаар зүйлийн заалтуудыг зөрчсөн радио, телевизийн эрхийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос зургаан сар хүртэл түдгэлзүүлнэ хэмээн нарийвчлан оруулсан.
Мөн хууль зөрчсөн буюу захиалагчийн нэрийг дурдаагүй нийтлэл, нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлчийг олж тогтоох боломжгүй бол тухайн цахим хуудасны хандалтыг сонгууль хүртэл хаахаар заажээ.
Хэрэв ингэх юм бол тухайн хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүнд асуудал үүснэ.
Тийм учраас ирэх сонгуулийн сурталчилгааны үеэр радио телевиз, цахим орчинд үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарал, сэрэмжтэй байхгүй бол эрхээ түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авхуулах нь байна.
Сонгуулийн сурталчилгаа 18 хоног үргэлжлэх бөгөөд санал хураалтаас 24 цагийн өмнө зогсоно.
Сонгуулийн хуультай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!