Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

А.Баярцэцэг: Сүүлийн хоёр жил хүсэл мөрөөдлөө дагаж, түүгээрээ амьсгалж явна

Б.Төрбат
2016 оны 1 сарын 22
MorninigNews.mn
Зураг зураг

Загвар өмсөгч, мисс А.Баярцэцэгийг “Шинэ танил” буландаа урьж, ярилцлаа. 

-Та манай сонинд анх удаагаа ярилцлага өгч байна. Уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг А.Баярцэцэг гэдэг. “Торго модель” агентлагт найм дахь жилдээ загвар өмсч байна. Сүүлийн хоёр жил АНУ-д жүжигчний мэргэжлээр ажиллаж, хэд хэдэн кинонд туслах дүр бүтээсэн. Аав, ээжтэйгээ амьдардаг. 

-Айлын ганц охин болж таарах нь ээ?

-Тийм ээ.

-“Марка Поло” киноны хоёрдугаар ангид тоглосныг тань мэднэ. Монголоос гурван жүжигчин туслах дүрд тоглосны нэг нь та. Яаж яваад жүжигчин болох замаа нээв?

-Кино урлаг бол миний багын мөрөөдөл. Тиймдээ ч сүүлийн хоёр жил хүсэл мөрөөдлөө дагаж, түүгээрээ амьсгалж явна. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн өмнө АНУ-д очиж хувийн багштай болсон. Одоо ч гэсэн жүжигчний урлагт суралцаад л явж байна даа.

Кино урлаг бол миний багын мөрөөдөл.

-Унаган мэргэжил чинь загварын тайз болон кино урлагаас тэс хөндлөн юм билээ. Мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?

-Тийм ээ, би маркетингийн удирдлагаар төгссөн. Мэргэжлээрээ ажиллах бодол алга. Гэхдээ алхам тутам их сургуульд сурсан зүйл, мэргэжил маань хэрэг болдог. 

-Хамгийн сүүлд та “Эх дэлхийн мисс-2015”-д оролцож, шилдэг 16 гоо бүсгүйн нэг болж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн. Тухайн үед танаар их бахархаж байлаа?

-Баярлалаа. Би 2014 оноос миссийн тэмцээнд оролцож эхэлсэн. Одоогоор Монголынхоо хоёр том тэмцээнд оролцоод байна. Мөн адил олон улсын хоёр ч том тэмцээнд жил дараалан орлоо.

Өнгөрсөн жил “Эх дэлхийн мисс-2015” тэмцээнд оролцож, чамлахааргүй амжилтыг үзүүлсэн. Харин түүний өмнөх жил нь “Miss international-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байлаа. 

-Ингэхэд энэ том тэмцээнүүдэд оролцох эрхийг яаж авдаг юм бэ?

-Хэрэв санаж байгаа бол манайд “Miss Mongolia”, “Miss world Mongolia” гэсэн хоёр том тэмцээн болдог. “Miss Mongolia” тэмцээнд оролцож ялагч болсон бүсгүй “Miss international”-д эх орноо төлөөлөн оролцох эрхийг өвөртөлдөг.

Харин “Miss world Mongolia” тэмцээний тэргүүн байрын шагнал хүртвэл “Дэлхийн мисс”, дэд байрт орсон бүсгүй “Эх дэлхийн мисс” тэмцээнд оролцох эрхийг авдаг юм. 

-Тэгэхээр анхны олон улсын тэмцээн чинь “Miss international-2014” болж таарах нь. Эх орноо төлөөлж олон орны миссүүдтэй нэг тайзан дээр алхаж, ур чадвараараа өрсөлдөхөд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Үгээр илэхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрнө. Бас асар их хариуцлага үүрч байгаагаа алхам тутамдаа мэдэрдэг. 

-Сайхан хариулт байна. Тэр том тэмцээнд эх орноо төлөөлж оролцох эрхийг өвөртлөхдөө өөртөө ямар зорилго тавьж байв?

-“Miss international-2014” тэмцээн маань Японы Токио хотод бүтэн сар үргэлжилсэн.

Дэлхийн 90-ээд орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөнө гэдэг амаргүй даваа юм билээ. 

Өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг гаргах юмсан гэж бодож, тэр хэмжээндээ шаргуу бэлдэж, чадах бүхнээ л хийсэн. Дэлхийн 90-ээд орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөнө гэдэг амаргүй даваа юм билээ. 

-Хэлний мэдлэг их чухал юм шиг санагддаг?

-Тийм ээ, надад хэлний бэрхшээл байгаагүй. Би англи, испани хэлтэй. Одоо Франц хэлийг сурч байна. Мэдээж титэм бол ялалт. Одоо ч гэсэн титэм хүртсэн миссээрээ бахархаж байна. Гэхдээ эх орноо сурталчлах гэдэг бол титэм хүртэхээс ондоо ойлголт л доо. 

-Яагаад тэр вэ?

-Орон орны гоо бүсгүйчүүдтэй өөрсдийнх нь хэлээр ярьж, эх орноо сурталчлах нэг өөр. Чи бод л доо. Түрүүлсэн улсын талаар тэмцээнд оролцсон 90-ээд орны бүсгүй хэр ойлголттой үлдсэн бэ гэдэг чухал юм шиг санагдсан. Энэ ч утгаараа бүтэн сарын хугацаанд эх орноо л сайн таниулж, сурталчлах хэрэгтэй. 

Энэ бодол маань намайг дараагийн тэмцээнд оролцоход том туршлага болж, хурцалж өгсөн. Тийм ч болохоор өнгөрсөн онд “Эх дэлхийн мисс-2015” тэмцээнд амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг олон оронд сурталчиллаа.

Тухайн үед гадны хэвлэлээр ч гэсэн Монголын тухай их бичсэн. Үүнд л сэтгэл хангалуун байна даа. 

 

-Кино урлагийг бага насныхаа мөрөөдөл байсан гэж хэлсэн. Харин миссийн тэмцээн, загварын тайз таны мөрөөдөл байж чадсан уу?

-Одоо бодох нь ээ, надад дургүй юмандаа хөл хальтирч ороод дуртай болсон түүх байхгүй. Би ямар ч зүйлийг хийхдээ түүндээ дурлаж байж л хийдэг зантай юм шиг ээ. 

-Бас л мөрөөдлийн тань нэг байжээ?

-Тийм ээ, хүүхэд байхдаа л загвар өмсөх юмсан гэж бодож, мөрөөддөг байсан. 

-Тэгээд мөрөөдлийнхөө үзүүрээс хэзээ атгасан юм бэ?

-Арван жилийн охин байхдаа “Монгол модель” агентлагт бүртгүүлж, төлбөрөө хүртэл хийчихсэн байсан ч орж чадаагүй. 

-Яагаад?

-Тухайн үед англи хэлний сургалт маань давхцчихсан юм. 

-Янз нь сонголт хийжээ дээ?

-Аав, ээжтэйгээ зөвлөлдөж, хэлнийхээ сургалтыг сонгосон. 

-Харамсдаг уу?

-Үгүй. Тухайн үед би 14, 15-тай л байсан. Загвар өмсөгч болох мөрөөдлөө түр мартаж, хичээлдээ л шамдан суралцсан. 

-Тэгвэл яг хэзээнээс загвар өмсөгч болох гараагаа эхэлсэн юм бэ?

-2007 онд их сургуульд орох жил манай гэрийн хажууд “Торго” агентлаг нүүж ирсэн. Хүнд нэг мэдрэмж төрдөг шүү дээ. Үүднээсээ эхлүүлээд л нээх гоё санагдсан. Гоё, гоё хувцастай ах, эгч нар угтсан. Тухайн үед анхны маань хичээлийг Азийн хатан хаан Г.Оюунгэрэл эгч орсон. 

Багшийгаа харсаар байгаад л загвар өмсөгч болсон. Маш мундаг багш нарын гараар дамжсан гэж хэлж болно. Г.Оюунгэрэл багшаас гадна топ модель Г.Уранцэцэг эгч гээд л. Энэ хүмүүсээс үлгэр дууриалал авч, тайзны алхаа, гоо зүйн мэдлэгийг сурсандаа баярладаг. 

-Загвар өмсөх нь залуу насны ажил гэж ярьдаг. Ихэнх загвар өмсөгчид 13, 14-тэйгөөсөө л загварын тайзнаа алхаж эхэлсэн байдаг юм билээ. Хэтэрхий багаасаа загвар өмсөх нь хэр зөв юм бэ?

-Яах аргагүй залуу насны ажил. Цөөхөн хүний хувьд насан туршийнх нь ажил байдаг. 

-Топ модель Д.Болормаа, Э.Одгэрэл гээд л үү?

-Тийм. Ихэнх хүний хувьд залуу насны мэргэжил. Дэлхийн стандартаар ярих юм бол 12-14 насны маш өндөр охидыг хайж, нээж, сургадаг. Багаасаа загвар өмсөхийн давуу тал нь тухайн хүн арай олон жил тайзан дээр амьдардаг юм болов уу. Гэтэл 20 нас хүрчээд загвар өмсөнө гэвэл үсрээд л таван жил идэвхтэй ажиллана. 

-Мисс, загвар өмсөгч гэж яриад байна. Энэ хоёрын ялгааг хэлж өгөөч, бас аль нь илүү хүч хөдөлмөр шаардсан ажил юм бэ?

-Мисс илүү чадвар, мэдлэг, ур ухаан, дайчин байдлыг шаарддаг. Харин загвар өмсөгчийн ажлыг хүмүүс амархан гэж ойлгодог. Гэтэл ажлын талбар дээр эсрэгээрээ байдаг.

Халуунд халж, хүйтэнд хөрч явдаг. Маш их ядардаг ажил л даа. Гэхдээ гол зорилго бол тэр загвар зохион бүтээгчдийн цаг зав, ур ухаанаа зарцуулж урласан хувцсыг л хүмүүст хүргэх байдаг. Мисс бол нийгмийн дуу хоолой, тухайн нийгмийн дүр төрх юм даа. 

-Загвар өмсөгч болгон л өндөр, туранхай, сайхан харагддаг. Гэхдээ хүн талаас нь та нарт яг ямар төлөвшил авч ирдэг юм. Гэр бүлийн хүмүүжлээс гадна шүү?

-Загварын дамжаанууд олон төрлийн хичээл ордог болсон байна. Зөвхөн загвар өмсөгч болох гэж байгаа хүмүүс дамжаанд явдаггүй. 
Эмэгтэй хүн зөв алхаж сурахаас эхлээд биеэ авч явах, нүүрээ будаж сурах гээд олон зүйлийг өгдөг. Дээр нь өөрөө өөрийгөө илүү нээх, илэн далангүй, үзэл бодлоо олон хүний өмнө илэрхийлдэг болдог. Өөрөөр хэлбэл, гоо зүйн төлөвшлийг л олгодог гэх үү дээ. 

-Ингэхэд загвар өмсөгчийн орлогоор амьдрах боломж бий юу?

-Байхгүй. Хэцүү болохоор хүн заавал давхар мэргэжилтэй байх ёстой. Харин тухайн хүн маань авьяас, чадвартай, дээр нь хэлний мэдлэг сайн байх юм бол олон улсын зах зээлд ажиллах боломжтой. Харамсалтай нь, ийм хүн их цөөхөн байна. 

-Олон улсын тэмцээнд оролцоход мөнгө, санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэх үү?

-Манай улс одооноос л жаахан ач холбогдол өгч эхэлж байна. Ихэвчлэн бүх зардлаа өөрөөсөө гаргадаг. 

-Та ярилцлагынхаа эхэнд АНУ-д жүжигчний мэргэжлээр сурч, ажиллаж байгаагаа хэлсэн. Монголдоо хэзээ бүрмөсөн ирэх вэ?

-Дунд нь л явах байх даа. Ирж очоод л байна. 

-Ингэхэд кинонд тоглох санал ирж байна уу?

-Ирдэг. Ер нь Монголынхоо уран бүтээлд тоглох бодолтой явдаг. Гэхдээ гадны уран бүтээлд тоглох сонирхол одоохондоо илүү байна. 

-Тэгвэл эсрэгээрээ гадны уран бүтээлчдээс кинондоо тоглуулах санал хэр ирж байх юм бэ?

-Өөр өөр төрлийн олон бүтээлд оролцсон. Ойролцоогоор 10 гаруй бүтээлд дүр бүтээсэн. 

-Цаашид хийхээр төлөвлөж байгаа ажил, оролцохоор хүлээж байгаа тэмцээн, уралдаан бий юу?

-Олон улсын уран бүтээлчидтэй ажиллана. Хэрэв боломж гарах л юм бол Монголынхоо уран бүтээлчдийг авч ирэх, тэр боломжийг нь нээж гүүр нь болохыг хүсч байна. “Язгуур лугаа” баримтат уран сайхны киног найруулсан. Зураг авалт маань дуусчихсан. Монтажаа хийж эхлээд байна. Хамгийн ойрын зорилго гэвэл киногоо дуусгах болно. 

Түүнчлэн эмэгтэйчүүдэд гоо зүйн сургалтыг заавал зүгээр юм болов уу гэж бодож байна. Гэхдээ үүнийг бол олон улс тал руугаа харж байгаа. Одоогоор бол сонирхож, судалж байна. 

-Ойрын хугацаанд орохоор төлөвлөсөн ямар нэгэн миссийн тэмцээн байхгүй гэж ойлгож болох уу?

-Төлөвлөсөн зүйл алга. Гэхдээ оролцохгүй байхыг үгүйсгэхгүй. Оролцож магадгүй.

-Магадгүй “Дэлхийн мисс” тэмцээнд оролцох ч юм бил үү. Бас л мөрөөдлийн чинь нэгээхэн хэсэг биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ цаг хугацааны хувь бусад ажилтай маань хэр давхцаж таарахыг мэдэхгүй байна. Тиймээс зорьж, төлөвлөсөн зүйл хараахан алга даа. 

-Ярилцсанд баярлалаа.

Зураг