Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хуралдаан өнөөдөр 17:00 цагаас Төрийн ордонд болох юм.
Энэ хуралдаанаас сонгуулийн чигтэй шийдвэр гарахгүй гэж байгаа ч намын дарга З.Энхболдын хувьд анхных нь албан ёсны ҮЗХ-ны ээлжит хурал гэдгээрээ маш онцлогтой. Дээр нь сонгуулийн жил болж байгаа тул намын дарга нь өөрийн талын хүмүүсээрээ ҮЗХ-ны шинэ гишүүдийг нөхөх биз.
Ардчилсан намын үе, үеийн дарга нар ҮЗХ дотроо олонхыг бүрдүүлж, том багтай явж ирсэн. Энэ утгаараа намын дарга гол нөлөөллөө тогтоох анхны ҮЗХ-ны хурал нь онцлогтой юм. Ойрын жишээ гэхэд л уржигдархан болсон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгуульд намын дарга З.Энхболдын фракцын эмэгтэй яллаа.
Харин экс дарга Н.Алтанхуягийн хүн ганцхан саналаар ялагдсан нь “Алтангадас”-ууд амь бөхтэй байгаагийн илрэл. Тэгэхээр З.Энхболд дарга өөрийн багаа ҮЗХ дотор баттай бүрдүүлэх энэ удаагийн хурал маш чухал юм.
Дараагийнх нь намын гишүүдийн татварын талаар хэлэлцэх аж. Тус нам 2000 оноос хойш тогтоосон татварын журам нь одоог хүртэл үйлчилдэг тул энэ жил шинэчлэхээр болжээ. Гуравдугаарт, намынхаа дүрэмд тодорхой өөрчлөлтүүдийг оруулна. ҮЗХ-ны хурал олон нийтэд хаалттай болох учраас нарийн зүйлээ нууцалж байгаа юм.
Сонгуулийн өдөр дөхөөгүй тул сонгуульд хэрхэн оролцох, мөрийн хөтөлбөр, нэр дэвшүүлэх журам зэрэг чухал зүйлээ ч хойш тавьсан гэх. Ямар боловч сонгуультай холбоотой албан ёсны шийдвэрийг ҮЗХ-ноос хүлээх хэрэггүй гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!