Цагаан идээний “эх орон”-ы нэг Архангай аймгийн Чулуут сумын малчин иргэд нөхөрлөлийн цагаан идээний уламжлалт үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүргийн нутагт орших Скай их дэлгүүр өмнөх талбай дээр болж байна.
Гурав дахь жилдээ уламжлал болсон тус үзэсгэлэн худалдааг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хамтын ажиллагааны үр дүнд хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин хэлсэн үгэндээ онцолж байлаа.
Уг үзэсгэлэн худалдаанд Чулуут сумын малчин иргэд, нөхөрлөлөөс 10 гаруй нэр төрлийн 70 тонн цагаан идээгээр оролцож байгаа юм байна. Цагаан сарын баярыг угтсан “цагаан идээг ченжгүй худалдаална” уриатай тус худалдаан дээр хорхой ааруул, чипсэн ааруул болон хэвд оруулсан ааруул кг нь 12,000-15,000, шар тос кг нь 10,000, тогооны өрөм 10,000-12,000, цагаан тос кг нь 7,000, мэхээртэй тос кг нь 10,000, тавгийн хэлбэрт оруулсан ааруул кг нь 15,000, 25 ширхэгтэй нь 150,000, 45 ширхэгтэй 280,000 төгрөг гэсэн үнээр худалдаалагдаж байна.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!