Сингапурын хамгийн баян гэр бүлүүдийн нэг дотор эрх мэдлийн төлөөх зөрчил үүссэн байна.
“Зочид буудлын хаан” хочтой үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Квек Лэн Бэн компанийнх нь удирдлагыг гартаа авах хуйвалдаан зохион байгуулсанд хүү Шерманаа буруутгаж, шүүхэд өгчээ.
Квек нь CDL (City Developments Limited) компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бол хүү Шерман нь тус компанийн гүйцэтгэх захирал юм.
Энэхүү маргаан зөрчлийн улмаас Сингапурын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компани CDL бирж дээр хувьцааны арилжаагаа зогсоогоод байгаа.
Сингапурчууд энэхүү үйл явдлыг HBO сувгийн “Succession” цувралтай адилтгаж байна.
Эцэг Квек мэдэгдэлдээ “Бид гүйцэтгэх захирлыг тохиромжтой цаг ирэхэд солих бодолтой байна. Аав хүний хувьд хүүгээ халах тийм ч амар зүйл биш юм. Гэхдээ ингэх нь эрх мэдлийг авах хуйвалдааныг удирдах зөвлөлийн түвшинд зогсоож, шударга ёсыг сэргээхэд зайлшгүй шаардлагатай” гэж бичжээ.
Тэрбээр хүүгийнхээ оронд түүний үеэл Квек Эйк Шэнг гүйцэтгэх захирлаар томилох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Хятадын сар шинийн баярын өмнөх өдөр буюу нэгдүгээр сарын 28-ны шөнө CDL компанийн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хараат бус хоёр захирлыг томилж байгааг мэдэгдсэн цахим захиа илгээсэн нь зөрчлийн эхлэл болжээ.
Лхагва гарагт болсон шүүх хурлын дараа дээрх хоёр захирал дараагийн шийдвэр гарах хүртэл ямар нэг эрх мэдэл хүлээж авахгүй байхаар болсон байна.
Бас Шерманд дараагийн шийдвэр гарах хүртэл гүйцэтгэх захирлын албан тушаалаа үргэлжлүүлэх хашихыг шүүх даалгажээ.
CDL компанийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг солих, хэмжээг өөрчлөхтэй холбоотой эцгийнх нь туйлширсан шийдвэрүүдэд удирдах зөвлөлийн ихэнх гишүүд сэтгэл дундуур байгааг Шерман Квек мэдэгдэлдээ тайлбарласан байна. Гэхдээ тэр эцгийгээ удирдлагаас зайлуулах төлөвлөгөөгүй байснаа баталжээ.
“Дахин хэлэхэд, энэ нь манай хүндэт ерөнхийлөгчийг огцруулах тухай асуудал биш. Төлөөлөн удирдах зөвлөлийг бэхжүүлэх, засаглалын хамгийн өндөр стандартыг нэвтрүүлэх зорилготой байсан юм” гэж тэр хийсэн үйлдлээ тайлбарласан юм.
Одоо 84 настай Квек Лэн Бэн 1971 онд алдагдалтай ажиллаж байсан CDL компанийг аав, дүү хоёрын хамт авч байсан юм.
Тэрбээр 1995 онд эцгийгээ нас барсны дараа гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдож байжээ.
Одоо CDL нь дэлхий даяар 160 гаруй зочид буудал, орон сууц, худалдааны төвүүдийг эзэмшдэг олон тэрбумын хөрөнгөтэй компани болсон юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!