Уншиж байна ...

Ардын жүжигчин Ж.Оюундарь: Аавтайгаа адилхан Төрийн ордонд аавынхаа нэрийг хоёр удаа дуудууллаа

М.Батчимэг, ikon.mn
3 цаг 0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

XVII жарны "Элдэв эрдэнэ" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Тайз, дэлгэц, телевизийн олон арван бүтээлийн гол болон туслах дүр бүтээж, дүр бүрдээ бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн ур чадвараа шингээн ард түмнийхээ сэтгэлд хоногшуулж, мэргэжлийн болон дэлгэцийн урлагийн хөгжил, төлөвшлийг бэхжүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сурган, дадлагажуулахад оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Гавьяат жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Жамсранжавын Оюундарьд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.

Ардын жүжигчин Ж.Оюундарь "Театрын урлагт 40 гаруй жил ажилласныхаа үр дүнг үнэлүүлж байгаадаа баяртай байна. Миний ажил нэг хүний ажил хамтын уран бүтээлүүд байдаг. Иймд олон хүнд баяр хүргэмээр байна. Үзэгчдэдээ болон драм, кино урлаг хамтран зүтгэсэн бүх уран бүтээлч, найруулагч нартаа баярлалаа. Мөн телевиз, радиод хамтарч ажилласан хүмүүстээ баярлалаа. Сургуулийнхаа хамт олон багш нартаа баярлалаа.

Ардын жүжигчин болсон тухайгаа сонсоод аавын маань Ардын жүжигчин болчхоод "Аавынхаа нэрийг Төрийн ордонд хоёр удаа дуудууллаа" гэж ярьж байсан нь санаанд орж байлаа. Үүнтэй адил аавынхаа нэрийг Төрийн ордон дуудуулж буйдаа баяртай байна" гэв.