Уншиж байна ...

Оросын эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээнүүдийг Трамп нэг жилээр сунгалаа

Т.Давааням, ikon.mn
6 цаг 10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбоотой Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдийг нэг жилээр сунгах шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр гаргажээ.

Эдгээр нь 2014 оноос хойш АНУ-ын хэд хэдэн ерөнхийлөгчийн засаг захиргааны үед авсан цуврал арга хэмжээнүүд юм.

Оросын эзлэн түрэмгийлэл нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод заналхийлсээр байгаа тул хориг арга хэмжээг сунгах болсныг Цагаан ордноос гаргасан бичиг баримтад тайлбарлажээ.

2014 оны гуравдугаар сарын 6-нд ерөнхийлөгч Барак Обама 13660 тоот захирамжаараа Крымийг эзлэн түрэмгийлсэн Орос улсын эсрэг хориг арга хэмжээ авч байв.

Үүнээс хойш ОХУ-ын эдийн засгийн салбарууд, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүсийг чиглэсэн хориг арга хэмжээнүүдийн тухай 13661, 13662 дугаар захирамжууд гарч байжээ.

Саяхан Трамп хэлэхдээ Украины дайныг дуусгах энхийн гэрээ байгуулахаас өмнө Оросын эсрэг авсан аль ч хориг арга хэмжээг цуцлахгүйгээ мэдэгдэж байсан юм.

Тэрбээр өнөөдөр буюу Баасан гарагт Цагаан ордонд Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж, Украины ашигт малтмалыг хамтран олборлох гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Reuters