Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өдөр бүр нийт 14.9 сая ам.метр талбайн цэвэрлэгээг 36 байгууллагын 1,200 зам, талбайн үйлчлэгч, 673 машин техниктэйгээр хийж гүйцэтгэдэг болж, эдгээр машин техникээс цас цэвэрлэгээ болон зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 283 машин техник ажиллаж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
2024 оны намар буюу аравдугаар сард хот, нийтийн аж ахуйн салбарт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай таван төрлийн 33 машин, техник, модны навч, өвс, ногооны хаягдлыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм.
Эдгээрээс авто зам дээрх цас, мөсийг арилгаж, давс бодисыг цацах давхар үйлдэлтэй машин 10, авто замын цэвэрлэгээний шүүрт машин 8, авто замын цэвэрлэгээний вакум соруулагч машин 2, даралтат усаар зам угаагч машин 3, цас цэвэрлэгч шүүр, цас үлээгч бүхий бага оврын 10 ачигч машиныг Хот тохижилтын газар болон дүүргүүдэд хуваарилжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!