Уншиж байна ...

Амазоны үүсгэн байгуулагч сүйт бүсгүйгээ өөр таван эмэгтэйн хамт сансарт нисгэхээр болсныг зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
5 цаг 41 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Амазон компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хоёр дахь баян хүн гэгддэг Жэф Безос зургаан эмэгтэйгээс бүрдсэн багийг өөрийн Blue Origin компанийн хөлгөөр сансарт хөөргөхөөр болжээ.

Нисэх багт Безосын сүйт бүсгүй Лорен Санчес, поп од Кэти Перри,

CBS Mornings телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч Гэйл Кинг нар багтсан байна.

Бас судлаач Аманда Нуиен, НАСА-гийн пуужин зохион бүтээгч асан Айша Боуи, кино продюсер Кериан Флинн нар багтжээ.

Безосын Blue Origin компани 2021 оноос эхлэн New Shepard хөлгөөрөө сансрын аяллын төлбөртэй нислэг үйлддэг болсон юм.

Өнгөрсөн хугацаанд 10 удаагийн нислэгээр нийт 52 хүнийг сансрын уудмын захад хүргэжээ.

Безос өөрөө анхны нислэгийн багт багтаж байв.

зураг
 

Нислэг хөөрөхөөс эхлээд газардах хүртлээ ердөө 10-11 минут үргэлжилдэг. Ингэхдээ олон улсын стандартаар сансрын уудмын хил хязгаар гэгддэг далайн түвшнээс 100 км өндөрт орших Карманы шугамд хүрч, зорчигчдодоо хөлгийн цонхоор дэлхийн бөмбөрцгийг харуулж, жингүйдлийг хэсэгхэн хугацаанд мэдрүүлдэг юм.

Нислэгийн нэг суудал ямар үнэтэй талаар тодорхой мэдээлэл байдаггүй. Гэхдээ алдартнуудыг ихэвчлэн үнэ төлбөргүй аялуулдаг юм.

Blue Origin компанийн энэ хаврын нислэг 1963 онд Зөвлөлтийн Валентина Терешкова түүхэнд анхны эмэгтэй сансрын нисгэгч болсноос хойш дан эмэгтэй гишүүдтэй баг ниссэн анхны тохиолдол болох гэнэ.

Дэлхийн хамгийн баян хоёр эрхэм болох Илон Маск, Жэф Безос нар адилхан сансрын аялал жуулчлалын шинэ салбарт асар их хөрөнгө зарцуулж байгаа.

Маскийн хувьд Ангараг гарагийг эзэмших мөрөөдөлтэй бол Безос нь хүнд аж үйлдвэрүүдийг сансарт гаргах замаар эх дэлхийгээ бохирдол, ачааллаас чөлөөлөх хүсэлтэй байдаг.

Тиймээс ч компанийн нэрээ Blue Origin (хүн төрөлхтний цэнхэр эх үүсвэр) гэж нэрлэсэн юм.

Нэгдүгээр сард тус компани анхны ачаа тээврийн New Glenn аварга пуужингаа амжилттай туршаад байгаа. Уг пуужингаар Безос удахгүй Илон Маскийн Starlink хиймэл дагуулын интернэт үйлчилгээтэй өрсөлдөх Project Kuiper төслийнхөө хиймэл дагуулуудыг хөөргөнө.

Blue Origin компани бас саран дээр хүмүүсийг буулгах НАСА-гийн Артемис хөтөлбөрт оролцож, саран дээр буух нэг станцыг нь нийлүүлэх гэрээ байгуулжээ.

 

Эх сурвалж: AFP