Боловсролын сайд П.Наранбаяр, НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Ян Мү болон Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нар энэ 7 хоногийн эхээр Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн бага сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Алслагдсан бүс нутагт сургууль, цэцэрлэгийн хүртээмж хязгаарлагдмал байдгаас хүүхдүүд сургууль завсардах нөхцөл байдал үүсэхээс гадна бага ангийн сурагчдын хувьд гэрээсээ хол дотуур байранд амьдрахад багагүй бэрхшээлтэй тулгардаг. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд хилийн цэргийн 0306 дугаар анги 4 жилийн өмнө дэргэдээ цэцэрлэг, бага сургууль байгуулжээ. Ингэснээр хилчид болон ойролцоо нутагладаг малчдын хувьд балчир хүүхдүүдээ эрдэм ном сургахаар сум, аймгийн төв рүү хүргэх шаардлагагүй болж, нутгийнхны талархлыг хүлээгээд байгаа юм.
Энэхүү сайн жишгээс туршлага судлан алслагдсан бүс нутагт сургууль байгуулж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх төслийг ХААН Банк нь Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэхээр зорьж, газар дээр нь очиж танилцаж буй нь энэ.
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа 2024 оноос эхлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн Үндэсний элчээр ажиллаж буй бөгөөд Монголын хувийн хэвшлийг төлөөлөн анх удаа тус байгууллагын элчээр сонгогдсоноороо онцлогтой. Энэхүү үүрэгт ажлынхаа хүрээнд хүүхдийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийхэд хувийн хэвшлийнхнээ уриалан, манлайлан ажиллаж байна. Эдгээрээс дурдвал, өнгөрсөн 2024 онд НҮБ-ын Хүүхдийн санд зудын гамшигт өртсөн хүүхдүүдийн боловсролд зориулан 100 сая төгрөг, Ховд аймаг хэрэгжүүлж буй “Таблеттай багш” хөтөлбөрийн хүрээнд 50 сая төгрөгөөр тус тус санхүүжүүлсэн билээ.
ХААН Банкны хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт тасралтгүй хөрөнгө оруулж ирсэн бөгөөд сүүлийн 18 жилийн турш ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж үүнд нийтдээ 2.2 тэрбум гаруй төгрөг зарцуулаад буй. Мөн шинээр оюутан болж буй залууст зориулан “Rise” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлдгээс гадна эрүүл мэнд, байгаль орчин, соёл урлаг, спорт гэх мэт олон салбарт нийт 520 гаруй төсөл, хөтөлбөрт 16 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлж, нийгэмдээ бодит хувь нэмэр оруулаад байна.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!