ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Цогт: 2-ноос ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

Э.Лхамзаяа, iKon.mn
2015 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Шинэ он гараад буюу нэгдүгээр сарын 2-ноос эхлэн хүйтний эрч чангарч, ЦАС ихээр орно.

Энэ талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвөөс тодрууллаа.

Тус төвийн дарга Ж.Цогт "Нэгдүгээр сарын 1-нд бол цаг агаарын байдал тогтвортой байх болно. Харин 2-ноос эхлээд хүйтний эрч эрс нэмэгдэж, Баруун болон Төв, Говийн нутгаар цас их орж, салхитай, шуурах болно.

Цаг агаарын температур 12 дугаар сарынхтай харьцуулахад 5-аас 10 градусаар нэмэгдэх болно.

Тиймээс халтиргаанаас сэргийлэх, машины бүрэн бүтэн байдлыг хангах, гадагш гарахдаа болгоомжтой явах, дулаан хувцаслахыг ЗӨВЛӨЖ байна.

Хөдөө орон нутаг руу явах бол болгоомжтой яваарай. Мөн "Цаг агаарын мэдээг цаг тутамд шалгаж байх хэрэгтэй шүү" гэв.


2016 оны 1 дүгээр сарын 1-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
 
  • Баруун аймгуудын нутгаар: 1-2нд нутгийн хойд хэсгээр, 3-4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар, 7-нд нутгийн баруун хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. салхи нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16м/с хүрч ширүүснэ. 2-наас хүйтний эрч чангарч Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр өдөртөө 27-32 градус шөнөдөө 41-46 градус хүйтэн, Алтайн өвөр говиор өдөртөө 10-15 градус шөнөдөө 18-23 градус, бусад нутгаар өдөртөө 16-21 градус шөнөдөө 25-30 градус хүйтэн байна.

  • Төвийн аймгуудын нутгаар: 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-3нд ихэнх нутгаар цас, 4-5нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 2-ноос хүйтний эрч чангарч Дархадын хотгороор өдөртөө 27-32 градус, шөнөдөө 38-43 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын саваар өдөртөө 21-26 градус шөнөдөө 34-39 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө 17-22 градус шөнөдөө 26-31 градус хүйтэн байна.

  • Зүүн аймгуудын нутгаар: 1-2нд зарим газраар, 3-4-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж  салхи 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 2-ноос хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 23-28 градус шөнөдөө 34-39 градус, бусад нутгаар өдөртөө 17-22 градус шөнөдөө 26-31 градус хүйтэн байна.

  • Говийн аймгуудын нутгаар: 3-4-нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. 3-5-нд салхи зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 1-2-нд хүйтний эрч сулавтар байх ч 3-наас хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр өдөртөө 16-21 градус шөнөдөө 27-32 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө 11-16 градус шөнөдөө 20-25 градус хүйтэн байна.