Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Якут адуу Монголоос гаралтайг баталжээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Домогт өгүүлснээр бурхан анх дэлхий даяар баялаг түгээж яваад Якутад ирэхдээ гар нь даарч бээрснээс болоод алдаж асгасан учраас энэ нутаг алмааз эрдэнээр баян болсон гэдэг.

Ийм домог үүсэх болсон шалтгаан нь тодорхой. Оросын энэ бүгд найрамдах улс маш хүйтэн. Өвөлдөө -70 Цельсийн хэм хүрдэг энэ орны нийслэл Якутск бол дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын хамгийн хүйтэн хот.

Энэ хүйтэн цаг агаарыг давахад нь Якут хүмүүст адуу тус болдог. Адууг тэд уналга, тээврийн хэрэгсэл болгохоос гадна махыг нь хүнсэндээ хэрэглэж, арьс үсээр нь хувцас хийнэ. Адуу энэ бүс нутгийн эдийн засагт хэдэн зуун жил голлох үүрэгтэй байжээ.

Дунджаар 150 см өндөр, хөөвөр нь өвөлдөө 10 см хүртэл ургадаг, өтгөн сагсгар сүүл, урт дэлтэй тул өвөл яг л хүзүүний ороолт шиг адууны хүзүү, мөрийг дулаалдаг байна.

Товчхон хэлэхэд гаднаасаа арслан заантай төстэй харагддаг.

Яах аргагүй Сибирийн хүйтэнд тохирсон амьтан.

Харин уг адууны гарал үүслийг судлахад 13 дугаар зуунд Монголоос ирсэн адууны үр төл болох нь тогтоогджээ. Генетикийн шинжилгээ хийсэн Данийн Копенгагены Их сургуулийн судлаач Людовик Орландогийн тэргүүлсэн баг орчин үеийн Якут адуу, 19 дүгээр зууны эхэн үеийн адуу, энэ нутагт 5,200 жилийн өмнө амьдарч байсан адууны генүүдийг харьцуулсан байна.

Ингэхэд Якут адууг үүсгэсэн цөөн тооны адуу 800 орчим жилийн өмнө буюу 13 дугаар зуунд энэ нутагт ирсэн нь батлагджээ.

Гэвч одоогийн Якут адууны гадаад байдал Монгол адууныхаас нэлээд өөр болсон нь эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл 800 жилийн дотор цаг ууртаа зохицон ингэж хурдан өөрчлөгдсөн нь сонирхолтой байгаа ажээ.

Эрдэмтэд энэ тохиолдлыг “нүд ирмэхийн зуурт өрнөсөн эволюци” гэж үзэж байна.

Эндээс үүдэн тэд мөн Якут адууны гени дэх өөрчлөлтөнд орсон биологийн гол үзүүлэлтүүдийг гаргажээ. Ингэхэд адууны үс, хялгас, үе мөчний урт, биеийн хэмжээ зэрэгт голлон зохицох өөрчлөлтүүд орсон байна.

Мөн хоол боловсруулах системд нь чихэр, глюкоз зэргийг шингээх чадвар буюу цусанд хөлдөхөөс хамгаалах бодис үүсгэгч бий болсон байжээ.

Судалгааны ахлагч Орландо “ердийн Монгол адуу 800 жилийн дотор Якут адуу болон хувирсан нь үнэхээр гайхалтай. Энэ нь хувьсал хэрхэн хурдан явагдаж болдгийг харууллаа” гэсэн байна.

 

Эх сурвалж: BBC