Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд тусгаар тогтнолоо зарласан нь

МОНСУДАР
2015 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг

1911 оны арванхоёрдугаар сарын 29–ний өдөр Монгол Улс Манж Чин Улсаас салж Богд хаант Монгол Улсаа байгуулжээ.

Тус өдөр Төрийн шар ордонд шар хамба торгоор өнгөлж, хөх торгоор мөшгөөрлөсөн, зүмбэрлэсэн очир, есөн эрдэнэ, долоон тахил тэргүүтнээр гоёмсоглон хээлсэн, арав гаруй ханатай том гэрийг барьж, Хаан ширээнд залах ёслолыг үйлдсэн байна.

Богд хааны зүүн ордноос Төрийн ордон хүртэлх замд шар торгод эвсэж, шадар сайд, сойвонгууд хоёр талд, шадар сайд донир нар өмнө нь удирдан явж, лам ноёд ордны үүдний хоёр талд хүж барин жагсчээ.

 

Ёслолд Халхын таван аймгийн хаад, чуулганы дарга, жанжин, олон засаг ноёд, хутагт хувилгаад, шанзав, да лам нар, язгууртан тушаалтан тайж, түшмэд бүрнээ Их Хүрээнд хуралдан, уг ёслолд оролцсон байна. Богдыг дотогш залрахад лам нар донир бараа бологчоос дээш, ноёд засгаас дээш ордноо бараалхан, бусад нь ордны гадна жагссан байна.

Богд хааныг сууринд залармагц ноёд, лам нар бүгдээр өөр өөрийн жагсах газартаа гурав мөргөн өргөх зоогийн сүү, цай завьяаг соёг нарзал жирмэгц сойвонгууд тосож аваад, хундага сэлтийг өргөн ноёд, лам нар хүн бүр барин сөгджээ.

Ерөөлийг Далам Цэрэнчимэд айлтган, төв өмнө сөгдөн шар, цагаан хадаг нижгээдийг бариад уншин айлтгаж гүйцмэгц өргөх зүйлийг удаа дараагаар мутарт дэвшүүлэн өргөсний дараа гурав сөгдөж, ес мөргөжээ.

Богдыг Монгол Улсын эзэн хаанд залах төрийн их ёслол энэ өдрийн морин цагт (11.40) эхэлсэн ба орой гэгээ тасраагүй үед дууссан хэмээн үзвэл ёслолын ажиллагаа 5 цаг гаруй үргэлжилжээ.

 

Богд гэгээн, хатан нарыг Монгол Улсын эзэн хаан, Эх  дагина хэмээн өргөмжилж, Засгийн газрыг байгуулж, хишиг тараах ёслолыг  гүйцэтгээд Их Хүрээний Цогчин дуганд Богд, Эх дагина, олон сайд, ноёд, лам нар морилж очин, Даншиг хуруулж, мандал өргөв.

Үүний дараа буцаж, Төрийн ордонд очиж орой болоход мөн их ёслол жагсаалаар дээд сүмийн зүг буцаж, энэ өдрийн ёслол дуусаж тарсан ажээ.

Ёслолыг Төрийн ордонд эхлээд Цогчин дуганд мандал өргөөд, эргэж Төрийн ордонд дуусгасан нь төр, шашны зохицоог  илэрхийлэхийн хамт Төрт ёсны уламжлалыг давуутайд үзснийг илэрхийлжээ.

Дэлхий ертөнц Монголын тусгаар тогтнолын тухай

“Харбинский вестник” сонин 1912 оны нэгдүгээр сарын 1-ний дугаар:

”Хутагт хаан ширээнд залран суух ёслол нь их олон хар шар монголчууд цугларч, баяр баясгалантай байдлын дунд боллоо”.

Оросын Петербургийн ”Речь” сонин

“Өнөөдөр Монгол оронд тэмдэглэлт баяр ёслол болж байна. Монголын хутагтыг хаан ширээнд сонгон өргөмжилснөөр Манж Чин улсаас Монголын хараат байсан үе нэгэнт эцэс боллоо”.

“Санкт Петербург скиеве домости” сонин

"Хүрээний хутагт, шашны толгойлогч үндэснийхээ шашин, төрийн тусгаар тогтнолын илэрхийлэгч нь боллоо”.

Оросын ”Новоевремя” сонин

”Монголд газар сайгүй их баяр ёслол болж байна. Монголын өнцөг булан бүхэнд даншиг өргөж ёслол хийхээр зарлав. Амьтан алахыг цаазлав. Ордны сайдууд ба бусад түшмэдийг Монгол үндэсний дээл өмс гэж зарлиг буулгав” гэж тэмдэглэжээ.

Францын Орос дахь элчин сайд Гадаад яамандаа илгээсэн мэдээлэл Монгол тусгаар тогтнолоо тунхагласан тухай өгүүлээд, дээр нь нэмж “Монголчууд манж нар болон хятадуудаас хэл, ёс заншлаараа огт өөр гэдгийг харах  хэрэгтэй” хэмээжээ.

Японд суугаа Францын элчин сайдаас өөрийн орны Гадаад хэргийн сайд, ноён Пуанкаред ирүүлсэн бичиг “Хятадын хувьсгал бидний таамаглаж байснаар Түвдэдч, Монголд ч өөрөөр хэлбэл Манжийн эзэнт улсын хэлхээ холбоогоор Хятадад харьяалагдсан гадаад мужуудад салан тусгаарлах болон өөртөө засаг тогтнох хөдөлгөөнийг тодорхойлж байна”

Манжуурт суугаа Францын консулаас Бээжинд суугаа элчин сайд М.А.Контидоо ирүүлсэн мэдээ:

“Оросын дипломат үйл ажиллагаа Гадаад Монголыг тусгаар тогтнуулахад чиглэж байгаа юм, үүний учир шалтгаан гэвэл энэ өргөн уудам нутаг нь бамбай–улсын үүрэг гүйцэтгэж чадах юм” гэж бичээд Манжуур дахь Оросын цэргийн ерөнхий командлагч, генерал Мартиновын “Сибирийг хамгаалахын тулд энэ орныг эзлэх шаардлагатай болсон юм”

Эх сурвалж: Монголчууд XX зууны эхэнд
 

 

Зуу гаруй жилийн тэртээ Монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ  ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин уламжлал, удам соёлоо хэрхэн хадгалан амьдарч байв гэдгийг энэхүү номонд түүхэн гэрэл зургаар өгүүлэх юм.

Мөн XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, “Мөхөж буй үндэстэн” хэмээгдэж байсан Монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр улсаа сэргээн төвхнүүлж байсан үйл явдлыг тодорхой харуулах болно.

Энэ бүхэнтэй уншиж танилцсанаар та Монгол хүний авхаалж самбаа, эелдэг сайхан сэтгэлийг гадаадынхан хэрхэн үнэлсэн хийгээд Монгол хүмүүс ямар саваагүй, сониуч зантай байсныг мэдэж болохоос гадна эх болсон байгаль дэлхийгээ хайрладаг хүнлэг, энэрэнгүй нүүдэлчин түмний эгэл амьдралын үнэн дүр төрхийг харах боломжтой аж.