Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ: Үнэтэй цайтай эд

МОНСУДАР
2015 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

ҮНЭТЭЙ ЦАЙТАЙ ЭД – Хямд эд биш, үнээр тааруугүй гэх хэллэг

(Монголчууд мөнгөний оронд хавтгай хужир, цайг хэрэглэх ёс байжээ. Энгийн ярианд “шар цайны үнэ хүрэхгүй” гэж хэлэлцдэг нь үүнийг хэлсэн хэрэг. Шар цай гэдэг нь муутуу цаасанд боосон навчин болон шахмал цай байв. Шар цайны ханш газар газар янз бүр, Их хүрээнд хэрэглэж байсан нь хагас лан буюу таван цэн цалин мөнгөтэй тэнцдэг байсан байна.)

ЦААСАН МАЛГАЙ ӨМСГӨХ – Худлаар магтаж онгироох, хөөргөх

(Хуучин цагт монголчуудын зэрэг хэргэмийг илэрхийлэх тэмдэг нь малгай байв. Мөн хэргэмийн жинсийг малгайн оройд тогтоодог байжээ. Тэгэхээр ямар ч зэргийн тэмдэггүй хөнгөн цаасан малгай өмсгөж, “Та их мэдлэг, өндөр цол хэргэмтэй” гэж хөөргөх гэсэн санаагаар ийм хэллэг үүсжээ. »

НӨХЦӨЛДҮҮЛЭН ХОЛБОХ “-Ж, -Ч” НӨХЦӨЛИЙГ БИЧИХ

Нөхцөлдүүлэн холбох “-ж”, “-ч” нөхцөлийг залгах үгийн нь төгсгөлөөс хамааран ялгаатай залгадаг. Тухайлбал:

а) Эгшигт гийгүүлэгч “в”, “г”-ээр төгссөн “ав, өг” гэдэг хоёр үйл үг, урт, хос эгшигтэй нэг үетэй ба хоёроос дээш үетэй “-р”-ээр төгссөн үйл үгэнд “-ч” нөхцөлийг залгана;

    Жишээнь: ав+ч, даар+ч, буур+ч, үсэр+ч

б) Дээрхээс бусад олонх тохиолдолд “-ж” нөхцөлийг залгана;

  • Эгшгээр төгссөн үгэнд:  тараа+ж; үлдээ+ж
     
  • Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд:  тат+ж; бич+ж; зас+ж
     
  • Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд:  нэм+ж; хар+ж; дав+ж
     
  • Богино эгшигтэй, ганц үетэй, “р”-ээр төгссөн үгэнд:  ор+ж, барь+ж

Жич: “Сур, гар, хүр” гэх мэт цөөн үгэнд “-ч”-г залгах тохиолдол бий.
Нөхцөлдүүлэн холбох “-ж, -ч” нөхцөлийг бичих дүрэм нь үйл үгийн цагаар төгсгөх “-жээ, -чээ” нөхцөлийг бичихэд мөн хамаарна.

ЭХИЙН САНАА ҮРД 

ҮРИЙН САНАА УУЛАНД...

« Эхийн санаа үрд Үрийн санаа ууланд– Эцэг эх нь үр хүүхдийнхээл  төлөө байдаг бол үр хүүхэд нь эргээд эцэг эхийн адилаар хайрладаггүй, сэтгэл буруу байдаг гэсэн мэт утга

 - Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр, хоёр хүүгийн хамт амьдран суудаг байжээ. Хоёр хүү нь эр бие өсч, айл гэр болон алс газар суужээ. Өвгөн эмгэн хоёр нас өндөр болж, үрийн ачлал арга буюу хэрэгтэй болоход хоёр хүү нь жаргал хөөн ирсэнгүй. Эцэст нь хоёр хүүгээ дэргэдээ байлгах нэг арга ухаан олжээ.

Эцэг нь хоёр туламд дүүрэн чулуу хийгээд айл аймгийнхандаа “Хоёр тулам мөнгө оллоо” гэсэн цуу тараав. Хоёр хүү нь мөнгөний чимээгээр эцэг эх хоёр дээрээ ирж, эцэг эх хоёрыгоо сайхан ачилж байгаад өөдлүүлжээ. Тэд эцэг эхээ оршуулсны дараа хоёр тулам мөнгөө авах гээд задалбал мөнгө биш чулуу байж гэнэ. Ингэж “Эхийн санаа үрд, үрийн санаа чулуунд”гэсэн үг гарсан гэдэг.»

ЭТГЭЭД ҮГ ХЭЛЛЭГ

  • АНАЛГИН – Шар тайлах архи / Орос.Анальгин – өвчин намдаах эм/
     
  • БУРЗАЙХ – Баяжих, мөнгөтэй болох 
     
  • ЧЕНЖ – Бараа таваар, мөнгө солих наймаачин /Англи.Change – хувирал, өөрчлөл/
     
  • ЧИКА АМЬТАН – Ажигч гярхай хүн /Орос.Чекист – оросын тагнуулын газрын ажилтан/
     
  • ЭЭС – Гоё, хөөрхөн (эмэгтэй) /Англи хэлний “sexy” гэсэн үгийн “s” үсгийн дуудлага. Монгол хэлэнд “гоё, хөөрхөн” гэсэн утгаар хэрэглэнэ/
     
  • ЯАМ – Бие засах газар /Автомашины эд ангийг янзлахад  гарч зогсдог яам гэх нүхэн цооногтой адилтгаж үүссэн/