Индонези улс Монгол улсыг визгүй зорчих орнуудын жагсаалтанд оруулжээ
Индонези улс аялал жуулчлалын салбараа дэмжих бодлогын хүрээнд 84 улсын иргэдэд визгүй зорчих боломж олгожээ. Энэ долоо хоногоос уг визгүй зорчих журам хэрэгжиж эхэлж байгаа аж.
Үүнд Монгол улсаас гадна Австрали, Бразил, Украин, Кени, Узбекистан, Бангладеш, Камерун, Палестин, Гондурас, Пакистан зэрэг улсууд багтаж байна.
Харин засгийн газарт визгүй нэвтрүүлэхээр санал болгосон улсуудын дотор Израиль улс байсныг эрх баригчид хүлээж аваагүй ажээ.
Индонези улс 2019 онд жилд 20 сая жуулчин хүлээж авдаг болох зорилттой байгаа юм. Энэ жил 10 сая жуулчин авах төлөвтэй байна.
Тус улс өнгөрсөн аравдугаар сард 47 улсад визгүй нэвтрэх эрх олгосны дараа ирэх жуулчдын тоо 19 хувиар өссөн гэнэ.
Эх сурвалж: Tempo.Co
Тодруулга:
Бид энэ талаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас тодрууллаа.
"Манай ЭСЯ-наас 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улсын иргэдэд хил дээр виз олгох эсвэл визгүй зорчих талаар хүсэлт тавьсан.
Тус хүсэлтийн хариуд Индонезийн талаас хил дээр виз олгох орнуудын жагсаалтанд Монгол Улсыг оруулаад байгаа ч албан ёсоор батлагдаагүй гэдгийг нийт Монголчууддаа анхааруулъя.
Удахгүй Индонезийн холбогдох байгууллагууд тус жагсаалтыг судалж үзээд батлах үгүйгээ шийдэх болно" гэв.
Бид албан ёсны шийдвэр гарвал шууд мэдээллэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
