СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг өдрийн дотор Туул голд гурван иргэн амиа алдав
Өчигдөр /2026.06.16/-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт Туул голд гурван иргэн осолдож амиа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Тодруулбал Баянзүрх дүүргийн 20-р хороонд Туулд голд хүн живсэн дуудлага 14:44 цагт ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 22 настай эрэгтэйг нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороонд Туул голд 2 иргэн живсэн дуудлага мэдээллээр Аврах ангийн алба хаагчид гол дагуу эрэн хайж, 4 метрийн усны гүнд 152 удаагийн шумбалт хийн, хоёр иргэнийг (20-51 настай) нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллажээ.
Гол, усны ойролцоо зорчихдоо бага насны хүүхдийг хараа, хяналттай байлгах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулав.
Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисон, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орсноос үүдэлтэй байдгийг НОБГ-аас сэрэмжлүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
