Санхүүгийн хүндрэлтэй тулгарсан Пицца Хат сүлжээ ресторан $2.7 тэрбумд зарагдахаар болов
Yum! Brands компани санхүүгийн хувьд хүндрэлд орсон Pizza Hut рестораны сүлжээгээ $2.7 тэрбумаар зарж байгааг өчигдөр зарлажээ.
Хувийн хөрөнгө оруулалтын LongRange Capital компани Хятадын эх газрын гадна оршдог тус сүлжээний салбаруудыг $1.5 тэрбумаар, Хятадын зах зээл дэх үйл ажиллагааг нь Yum China Holdings компани $1.2 тэрбумаар авахаар болсон байна.
“LongRange болон Yum China компаниудын удирдлага дор Pizza Hut нь рестораны салбарын гүнзгий туршлага мэдлэгтэй эзэмшлийн ачаар ирээдүйд улам өсөж дэвжих болно” гэж Yum! Brands компанийн гүйцэтгэх захирал Крис Тернер мэдэгджээ.
Тус компани пиццаны сүлжээгээ зарахаар судалж байгааг 2025 оны арваннэгдүгээр сард анх зарлаж байв. Pizza Hut сүлжээний олон улсын борлуулалтын 40 хувь АНУ-д оногддог. Сүүлийн хэдэн улирал АНУ-ын зах зээлийн борлуулалт байнгын уналттай гарах болсон нь ийм алхам хийхэд хүргэсэн байна.
Уг уналт нь Америкийн зах зээлд Domino’s, Papa John’s, Little Caesars зэрэг бусад пицца сүлжээнүүдийн өрсөлдөөн эрчимжсэнтэй холбоотой.
Үүнээс гадна бага, дунд хэмжээний орон нутгийн сүлжээнүүд зах зээлийн эрэлт, сонирхолд илүү хурдтай дасан зохицох болсон нь Pizza Hut-ийг хүнд байдалд оруулсан гэдэг.
Pizza Hut анх 1958 онд Канзас мужийн Вичита хотод нэгэн ах дүүсийн санаачилгаар байгуулагдаж байв.
Тус сүлжээг 1977 онд PepsiCo компани худалдан авч, дараа нь 1997 онд Yum! Brands болон өөрчлөгджээ.
Одоо Yum! Brands анхаарлаа KFC, Taco Bell зэрэг үндсэн брэндүүддээ төвлөрүүлж ажиллах юм байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
