Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Байгалийн нөөц баялаг ба Норвеги загвар

ikon.mn
2015 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Энгийн ухаанаар бодоод үзэхэд байгалийн нөөц баялаг ихтэй орнууд баялаггүй улс орнуудаас өндөр хөгжилтэй, баян байхаар. Гэтэл ихэнх нь хөгжих бус түмэн асуудлын эрчилсэн занганд орж, зарим нь улам доройтож болдгийг өнгөрсөн хагас зуун жилийн түүх харуулав.

Алмазаар баялаг Сьерра Леоне иргэдийн бослого мөргөлдөөнөөс өндийж чадаагүй байхад адилхан алмазтай Африкийн Ботсванын эдийн засаг өндөр хурдацтай өсөв.

Газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх Венесуэлийн иргэд өргөн хэрэглээний бараа таваар, идэх хоол хүнсээ авах гэж лангуунд очерлон зогсож байхад 5 сая хүнтэй Норвеги Улс нэг хүнд ноогдох ДНБ-ээр дэлхийд тэргүүлэх эгнээнд бичигдэж, тэтгэврийн сандаа нэг их наяд дөхсөн долларын хуримтлалтай болов.

Алдаатай бодлогын үр дүнд хэчнээн баялагтай байгаад эдийн засгаа яаж сөхрүүлж болдгийг зэсийн асар их нөөцтэй Замби Улс харуулж байхад Чили Улс эдийн засгийн барагтай хямралыг ажрахгүй давахаар хуримтлалтай болов. Байгалийн нөөц баялагтай олон орнууд тив дамнан ташраараа “Баялгийн хараал”-д хямарч байхад цөөн зарим нь хөгжлөөрөө товойн гарч ирэв.

Учир шалтгаан юунд байна? Дэлхийн зах зээл дээрх бараа, түүхий эдийн үнийн супер мөчлөг өнгөрч, уналтад орсон энэ үе нь хямарсан улсууд амжилттай яваа бусдын жишээнээс суралцах, өөрсдийн алдаанд дүгнэлт хийж, дараагийн үнийн өсөлтөд хожиж гарах боломж биз.

Байгалийн нөөц баялагтай улсуудын дундаас хамгийн амжилттай жишээнд Норвеги зүй ёсоор ордог. Тиймээс энэ удаад Норвегийн жишээг хамтдаа харцгаая.

Нордик загвар

Норвеги Улс 5 сая гаруй хүн амтай, Монгол Улсаас 4 дахин жижиг газар нутагтай, байгалийн хий, газрын тосны ихээхэн нөөцтэй, нэг хүнд ноогдох ДНБ-ий үзүүлэлтээр эхний гуравт, хүний хөгжлийн индексээр дэлхийд нэгт ордог. Мөн ажил эрхлэлтийн хувьд, ялангуяа эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшингээр дэлхийд тэргүүлдэг.Нийгмийн баялгийн тэгш хуваарилалтын хувьд мөн сонгодог жишээ болон судлагддаг.

Ерөнхий хөгжлийн загварын хувьд Нордик буюу Скандинавийн хөгжлийн загвартай, түүн дотроо байгалийн баялагтай улс орны хувьд хэрэгжүүлж буй бодлого нь “Норвеги загвар” хэмээх бие даасан судлагдахуун болсон. Юуны өмнө Нордик моделийн талаар товчхон дурдая.

Скандинавийн 5 орон гэгдэх Норвеги, Исланд, Дани, Швед, Финланд зэрэг улсууд бүгд нийгэм, эдийн засгийн бараг бүх үзүүлэлтээр жигд өндөр хөгжилтэй. Тухайлбал аз жаргалын индексээр дэлхийд тэргүүлдэг. Хүн амын хувьд харьцангуй цөөн. Исланд 300 гаруй мянган хүн амтай, бусад нь 5 саяаас 9 сая хүн амтай. Цөөн хүн амтай учраас нийгмийн тэгш байдлыг үнэт зүйлээ болгодог, улс төрийн үзэл баримтлалын хувьд социал демократ чиг баримжаа давамгайлдаг.

Нэг талаас чөлөөт зах зээл бүхий хувийн хэвшлийг дэмжсэн капиталист эдийн засагтай, нөгөө талаас төрийн үйлчилгээг бүгдэд жигд хүртээлтэй хүргэх төрийн “данхар” бүтэцтэй. Тиймээс “Нордик халамжийн төрийн модел” гэж нэрлэдэг.

Зарим талаар эдгээр улсуудыг Социалист улсууд гэж нэрлэх болов ч ерөнхийдөө хөгжлийн загварын хувьд “Нийгмийн тэгш байдлыг үнэт зүйлээ болгосон чөлөөт зах зээл бүхий капиталист эдийн засагтай ардчилсан улс” хэмээн томьёолж болох юм.

“Норвеги загвар”

Норвегийн эдийн засгийн бодлого, байгалийн нөөцийн менежмент нь дээрх Нордик загвараасаа урган гарч ирж байгаа юм. Цөөн хүн амтай улсын хувьд өөрийн онцлогоо харгалзан, дээр дурдсанчлан нийгмийн тэгш байдал, хүн амын жигд хөгжлийг чиглэлээ болгосон учраас хууль гаргаж байгалийн хий, газрын тосны нөөц өмчлөлийн хувьд бүх ард түмний мэдэлд байхаар зааж, олборлолт, борлуулалтын бүх ажиллагааг төрийн өмчит компани хариуцаж байхаар хуульчлан зохион байгуулсан.

1972 онд төрийн өмчит Статойл компани байгуулагдаж Хойд тэнгис дэх газрын тосны олборлолтыг эхлүүлсэн.

 

 

Энд нэгэн сонирхолтой тоо баримт бий. 1971 онд Хойд тэнгисийн газрын тосны нөөцийг баруун зүүн талаас нь Англи, Норвеги хоёр ижил хэмжээтэй хуваан авч олборлолт, үйлдвэрлэлээ зэрэг эхлүүлсэн байдаг.

2014 он гэхэд Норвеги 40 сая баррель газрын тос, байгалийн хий үйлдвэрлэсэн байхад Англи 43 сая баррель буюу хоёр тал бараг ижил хэмжээтэй үйлдвэрлэл явуулсан.

 

 

Харин энэ хугацаанд уг үйлдвэрлэлээс олсон орлогын хувьд Норвеги Англиас 3 дахин илүүг олсон байдаг. Ялгаа нь гэвэл Норвеги өндөр татвартай, төрийн өмчит компани дээр түшиглэсэн, Англи эсрэгээрээ.

Норвегийн хувьд олсон ашгаараа хуримтлал үүсгэсэн бол Английн хувьд зөвхөн хувийн компаниудаас авах татварын орлоготой учраас хуримтлал үүсгээгүй.

 

 

Дээрхи жишээ нь Английн модел нь буруу, Норвеги зөв гэхээс илүү 2 улсын хувьд өөрсдийн нийгэм, эдийн засгийн бүтэц, онцлогоос хамаарсан өөр өөрийн бодлогыг хэрэгжүүлсэн гэвэл зохино.

Норвегийн амжилтын 3 стратеги:

Стратеги 1: Газрын тосны мөнгийг төсвөөс салгасан нь

Уул уурхайн бүтээгдэхүүн, газрын тосны үнийн өсөлттэй үед тухайн салбарын орлого зохицуулалтгүйгээр эдийн засагт шууд орж ирсэнээр их хэмжээний мөнгө богино хугацаанд эдийн засагт “хэт халалт” үүсгэж “Голланд өвчин” тусах нөхцөлийг бий болгодог.

Уг өвчинг туссан тохиолдолд дотоодын үйлдвэрлэл, бусад салбарууд өрсөлдөх чадваргүй болж уналтад орох, ингэснээр үнэ унаж өсөлттэй салбарын орлого тасрах үед эдийн засаг хямралд орно.

Тиймээс Норвегийн эхний стратеги нь газрын тосны мөнгийг тусдаа санд төвлөрүүлж төсвөөс салгасан. Сангийн мөнгө нь мөн дотоодод байршиж, дотоод эдийн засагт эргэлдэхгүй, эсрэгээр гадаадын санхүүгийн бүтээгдэхүүнүүдэд хувьцаа, хөрөнгө оруулалт хэлбэрээр байршдаг.

 

 

Норвегийн сангийн хуримтлал, хөрөнгө оруулалтын хэмжээ 800 тэрбум доллар давж, дэлхийн хамгийн том сангийн нэг болсон. Ингэснээр Норвегийн Засгийн газар газрын тосны орлогоо хөрөнгө оруулалт хэлбэрээр байршуулж, дотооддоо зөвхөн санхүүгийн орлогыг нь татаж зарцуулдаг.Байгаа мөнгөө үрэх сонирхолтой дотоодын улс төрөө зохицуулахын тулд сангийн нэрээ “Тэтгэврийн сан” гэж нэрлэсэн гэдэг.

Стратеги 2: Ажил эрхлэлт 

Газрын тосны орлогоо дотоод эдийн засгаасаа салгаж чадсан учраас Норвегийн эдийн засаг нэг салбараас хараат болсонгүй. Эдийн засгаа олон чиглэлээр төрөлжүүлж чадсан. Тиймээс аль ч салбарт ажлын байрыг хамгийн түрүүнд чухалчилдаг. Газрын тосны орлогоос илүү хүний бүтээмж урт хугацааны тогтвортой өсөлтийг бий болгоно гэж үздэг.

 

Дэлхийн банкнаас тэмдэглэснээр Норвегийн үндэсний баялгийн 62%-ийг биет бус капитал бүрдүүлдэг гэсэн байна. Үүний цаана хүний капиталын үзүүлэлт өндөр байгааг харуулж байгаа юм. Норвеги ажил эрхлэлтийн түвшингээр дэлхийд тэргүүлэх эгнээнд бичигддэг. Ялангуяа эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмждэг.

Үүний тулд нийгмийн олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тухайлбал хүүхэд гаргасан эхийн 1 жилийн цалинтай чөлөө, эцгийн 14 долоо хоног буюу 3 сарын “үүрэгт” амралт зэрэг зохицуулалтуудтай. Ингэснээр эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, ажил эрхлэлтийг дэмждэг байна.

Стратеги 3: Бүтээмж ба үр ашиг

Иргэдийн ажил эрхлэлтийг тэргүүн зэрэгт тавихаас гадна ажлын байран дахь бүтээмжийг чухалчилдаг.Үүний тулд шат шатны сургалт, мэдлэг олгох хөтөлбөрүүд ихээр хэрэгжүүлдэг.

Хүчтэй хувийн хэвшил, бизнес хийх таатай орчин, бүгдэд хүртээмжтэй төрийн үйлчилгээ буюу “Том төр + Том хувийн хэвшил” нь Норвегийг тодорхойлно.Үүнийг “Нордик загвар”, эсвэл “Нордик маягийн онцлогтой ардчилал” гэж томьёолж ч болохоор.

Дүгнэлт

Норвегийн хувьд газрын тосны нөөцөө нээн илрүүлэхээс өмнө ардчилсан засаглалын ституцийн хувьд сайтар бэхжүүлсэн байсан гэж үздэг. Тиймээс байгалийн нөөцөө зөв удирдах улс төрийн чадамжтай байсан төдийгүй газрын тосны мөнгөө төсвөөс салгаж хуримтлал хийж эхлэх эдийн засгийн ч боломжтой байсан гэдэг.

Сайн засаглалын хүрээнд төрийн өмчит компани нь бизнесийн зарчмаар ажиллах боломжтой болов. Өөрөөр хэлбэл сайн засаглал бий болсноор байгалийн нөөцийн удирдлага зөв болно гэж үзэж болох юм. Харин хөгжиж буй бусад улсууд дараах бэрхшээлүүдийн өмнө зогсож байна:

1.    Хөгжиж буй эсвэл ядуу буурай улсууд дэд бүтэц, эмнэлэг, сургууль, орон сууц гээд нийгмийн наад захын хэрэгцээ өндөр учраас уул уурхайн салбарын орлогоос хуримтлал хийх боломж бага. Ийм учраас хуримтлалын сан үүсгэсэн ч түүнийг бодитоор ажиллуулах боломж хязгаарлагдмал.

Тухайлбал засаглалын болон ерөнхий хөгжлийн хувьд хоцрогдмол Камерон улс газрын тосны мөнгөө гадаадад байршуулах арга хэмжээ авч үзсэн ч ил тод бус, хараа хяналт багатай учраас гадаад дахь данснаас их хэмжээний мөнгө хяналтгүй алга болж байсан байдаг. 

2.    Нөгөө талаар дотоод эдийн засгийн хэрэгцээ их гээд уул уурхай, газрын тосны орлогоо шууд зарцуулсанаар үнийн өсөлттэй үед “Голланд өвчин”-ий эффектүүдийг бий болгож, эдийн засаг нэг салбараас хэт хамааралтай болж бүхэлдээ бүтцийн хувьд өрсөлдөх чадвараа алдаж байна.

3.    Зөвхөн хөгжиж буй улсууд төдийгүй, АНУ зэрэг өндөр хөгжилтэй улсуудад ч тэгш бус байдлын асуудлыг хүчтэй дэвшүүлэх болсон. Төрийн оролцоо бага “Laissez-faire” эдийн засагт томорсон хувийн хэвшлүүд улам томорч, нийгмийн бусад хэсэг нь орхигдон үлдэж буй тухай барууны томоохон эдийн засагчид ярих болов. Энэ үзэгдэл ялангуяа эдийн засаг нь нэг салбараас хамааралтай, цөөхөн хүн амтай хөгжиж буй оронд улам хүндээр тусч буй юм.

Иймд, тэгш бус байдлын эсрэг төрийн өмчит компанийн схемүүд санаачлан хэрэгжүүлэх ч хөгжлийн түвшин сул, засаглалын хувьд бэхжээгүй үед уг компаниуд нь бизнесийн зарчмаар ажиллах боломжгүй, авилгийн эх үүсвэр, улс төрийн хэрэгсэл болох явдал нийтлэг байгаа юм.

Ийм учраас төрийн өмчит компаниуд нь санхүүжилт, хөрөнгө оруулалт босгох боломж нь хязгаарлагдмал болдог. Нөгөө талаар хөрөнгө оруулалт татахын тулд голлох салбараа хувийн хэвшил дээр түшиглэхэд богино хугацаанд эдийн засгийн эргэлт сайжрах боловч хүн амын цөөн хэсэг хэт хөрөнгөжих байдал бий болж, энэ нь урт хугацаанд хамгийн том асуудал болж болох юм.

Иймд, дээрх бэрхшээлүүд дундуур зохистой харьцааг нь олж, зөв бодлогоор урагшлахад “хямрал”-тай орнуудын өмнө олон сорилтууд байна.

Ямар ч тохиолдолд хамгийн эхний “гэрийн даалгавар” бол сайн засаглалыг бэхжүүлэх явдал мөн!

2015/12/15 
Парис хот

Өгүүллийг Б.Түвшин