ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Мөнхбат: Улс төрийн 21 нам эсэргүүцлийн үндэсний фронт байгуулахад бэлэн

Монголын мэдээ
2015 оны 12 сарын 16
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй МАН, МҮАН БНН тэргүүтэй улс төрийн 21 намын төлөөлөл өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд улс төрийн намууд зөвшилцөж, хамтран боловсруулсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг болон энэ төслийг нэн даруй хэлэлцэн батлах шаардлагыг УИХ-ын даргад гурван сарын өмнө өргөн барьсан асуудлаар мэдээлэл өгөв.

Харамсалтай нь УИХ-ын дарга З.Энхболд одоо болтол энэ шаардлагад хариулт өгөөгүй аж. Түүнчлэн, ард түмний дунд эргэлзээ хардлага дагуулж буй “алдарт хар машин” болон  Сонгуулийн хуулийг нэн даруй өөрчилж нэмэлт зүйл заалт оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг ч энэ сарын 8-нд дахин хүргүүлжээ.

Харин эрх баригч Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн юм байна. Шаардлагын хариугаа нэхэж улс төрийн намууд энэ сарын 10-нд жагсаал цуглаан зохион байгуулсан ч тусыг эс олсон гэв. Харин УИХ-ын дарга хар машинд тест хийж үзлээ. 

Ямар ч асуудал алга хэмээн намын бүлгийн хурал дээр мэдэгдэл хийжээ. Улс төрийн намуудын хоёр удаагийн шаардлагыг үл тоож, хариулт өгөөгүй З.Энхболд даргад тэд өчигдөр дахин шаардлага хүргүүлсэн юм. Уг шаардлагад таван асуудлыг тусгажээ. Тухайлбал, хар машиныг хэрэглэхийг зогсоох, хэрэглэх шаардлагатай бол гараар тоолж камераар баталгаажуулах тухай асуудлыг тусгасан байна.

Мөн өнгөрөгч пүрэв гарагаас эхлэн улс төрийн намууд улс төрийн суулт зарлаж эхэлсэн бөгөөд БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал болж буй хоёр хоногт төрөө хүндлэн суултаа түр зогсоосон ч шаардлагатай гэвэл энэ сарын 17-ноос суултаа үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Улс төрийн 22 намаас 21 нам энэ асуудлыг дэмжиж ганцхан эрх баригч Ардчилсан нам татгалзсан гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдэгдсэн юм. 

Сонгуулийн санал тоолох хар машиныг АНУ-ын “Dominion Voting Systems” компани болон “Microsoft” компаниуд эрхийг нь өмчилж эзэмшдэг. Бүгд найрамдах Монгол Улсын сонгуулийн дүнг өөрчилж болох эрх зүгээр л нэг  компанид байгаад харамсч байгаагаа илэрхийлсэн юм. Мөн саяхны судалгаагаар нийт сонгогчдын 90 гаруй хувь нь Сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэсэн саналтай байгаа гэж тэрбээр мэдэгдлээ.


Сонгуулийн хуулийн өөрчлөлт болон хар машины талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас тодруулга авлаа.

-Улс төрийн намууд сонгуулийн хар машинд яагаад итгэхгүй байгаа юм бэ?

-2006 онд АНУ-ын Конгресс хуралдаж АНУ-ын хоёр удаа­гийн ерөнхийлөгчийн болон Конгрессийн сонгуульд хар машин булхай луйвар хийсэн гэж үзэж томоохон улс гүрнүүд ашиглахыг түдгэлзүүлсэн байгаа. Энэ машиныг ашиглаж байсан зарим улс хэрэглэхээс татгалзсан.

Тухайлбал Англи, Норвеги, Герман, Швед, Япон улс сонгуулийн саналыг гараар тоолж байна. 16 сая сонгогчтой Австрали улс гараар тоолж байгаа. 800 гаруй сая сонгогчтой Энэтхэг улс хүртэл гараар тоолж байна.

16 сая сонгогчтой Австрали улс гараар тоолж байгаа.

Ийм байхад гурван сая иргэдтэй Монгол Улс гараар тоолоход асуудал байхгүй юм. СЕХ-ноос автоматжуулсан хэлбэрээр тоолох болон гараар давхар тоолоход ямар нэг асуудал байхгүй гэж мэдэгдсэн. Ганцхан эрх баригч Ардчилсан нам л эсэргүүцэж байгаа.

-АН болон МАН хамтран хар машиныг сонгосон биз дээ?

-2011 онд Сонгуулийн тухай хуулийг баталсан. Тэр үед МАН УИХ-д 45 суудалтай олонхи байсан. Тухайн үед сөрөг хүчнийхээ саналыг хүндэтгэж тэдний байр суурь, үзэл бодолд уян хатан хандаж энэ асуудлыг шийдэж байсан. Хар машин ямар намтай хамааралтай, хэн гэдэг хүний өмч гэдэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод байгаа.

Бид 100 хувь үгүйсгээгүй. Хар машиныг ашиглаж болно, тэгэхдээ давхар гараар тоолох, камераар баталгаажуулахыг л шаардаж байна. Монголын сонгогчдын саналыг хакердаж авах вий гэдгээс л эмээж байгаа юм.

-АСЕМ-ын уулзалтаас шалт­гаалаад сонгууль хойшилно гэсэн үнэн үү?

-АСЕМ гэдэг нэрийн дор сонгуулийг ирэх есдүгээр сард явуулна гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагааг эрх баригч намаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр нисгэж эхэлсэн. Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа ноцтой асуудал.

Ийм учраас энэ асуудлыг нэн яаралтай шийдэж өгнө үү гэсэн шаардлага хүргүүлсэн. Сандал суудлын төлөө Үндсэн хуулийг зөрчинө гэдэг байж боломгүй асуудал юм. Шаардлагатай гэвэл бид тэмцэхэд бэлэн байна. Харин гарах үр дагаврыг Ардчилсан нам хариуцах ёстой.

-Та бүхний тавьж байгаа шаардлагыг УИХ-ын дарга түдгэлзүүлвэл яах вэ?

-Бид энэхүүү шаардлагыг удаа дараа УИХ дарга, эрх баригчдад хүргүүлж байгаа. Энэ асуудлыг дэмжихгүй тохиолдолд УИХ даргыг огцруулах, УИХ-ыг тараах хэмжээний асуудлыг хөндөж цаашлаад Улс төрийн намуудын эсэргүүцлийн үндэсний фронт албан ёсоор нээж орон даяар 21 аймгаар очиж бүх арга хэмжээг өөрсдөө зохион байгуулна. 

Зураг