УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хамтад нь баталсан. Эдгээр хуулиудын талаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх ажлын хэсэгт орж ажилласан Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан. Энэ удаагийн шинэчлэлийн онцлог нь юу байв?
-Энэ удаагийн эрх зүйн шинэчлэл хариуцлагын асуудлыг Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон процессын хуулиудад тусгаж өгснөөрөө онцлог болсон. Эрүүгийн хуулийг шинэчлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлс, түүний дотор хүний эрх, шударга ёс, нийтийн эрх ашгийг бодитой, үр нөлөөтэй хамгаалж чадах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго тавьсан.
Ер нь улс орны хөгжил, нийгэм, эдийн засаг болон хүмүүсийн амьжиргаанд гарч буй нийтлэг өөрчлөлтүүдийг даган гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж, Эрүүгийн гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой харилцааг зохицуулсан хуулиуд маань өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжиж байгаа.
Тиймээс нийгмийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэхгүй, Эрүүгийн хуулийг шинэчлэх шаардлага бодитой бий болсон нь шүүхийн шийдвэрт үндэслэсэн олон удаагийн судалгааны дүн, эрдэмтэн судлаачид, хуульчид, иргэд, улстөрчдийн санал, дүгнэлтээс харагддаг.
-Хуулийн төслийг боловсруулахдаа ямар зүйл дээр анхаарав?
-Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслийг боловсруулахдаа өмнөх эрх зүй өндөр хөгжсөн улс орнуудын эрдэмтэд хамтран гаргасан "Гэмт хэргийн загвар хууль” бусад хууль санаачлах эрх бүхий субъектийн боловсруулсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн өгсөн шүүмж, эрдэм шинжилгээний өгүүлэл, тодорхой санал, зөвлөмжийг хуулийн төсөлд ашигласан.
Эрүүгийн хуулийн сайн зохицуулалтыг уламжлан авч үлдэхээс гадна дэлхийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзэв. Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ болоод Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалтад нийцүүлсэн.
-Тухайлбал?
-Монгол Улс цаазаар авах ялыг халах Олон улсын гэрээнд нэгдсэний хувьд энэ ялыг халсан.
...Эрүүгийн бодон Зөрчлийн хуулийг баталсантай холбоотойгоор өмнө үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийг хүчингүй болгож, салбарын хуулиудад орсон давхардсан заалтуудыг Эрүү, Зөрчлийн хуулиар зохицуулахаар болж байгаа...
Авлигын эсрэг НҮБ-ийн конвенцид заасан агуулгаар авлига, албан тушаалтанд холбогдох хэргийг томьёолсон. Ял шийтгэлийн хувьд уламжлалт хорих. торгох ялаас гадна нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах зэрэг ялыг шинээр нэмснээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой албадлагын арга хэмжээний төрлийг шинээр хуульчилсан.
Шинээр орсон бас нэг чухал зохицуулалт бол гэм буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнийг үйлдсэн гэмт хэргээс нь хамааран ялаас чөлөөлөх, ялыг хөнгөрүүлж оногдуулах заалтыг хуульчилсан. Ингэснээр дийлэнх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой болж байгаа. Энэ нь цаг хугацаа хэмнэхээс гадна эдийн засгийн хувьд ч ач холбогдолтой.
-Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдож байсан үйлдлүүдийг зөрчилд тооцохоор болсон гэж байсан. Энэ талаар тодруулаач?
-Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдож байсан 36 үйлдлийг зөрчилд тооцож, гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэмт хэргийн ангиллыг хуулиас хасч, зөвхөн гэмт хэргийн шинж чанар буюу үйлдлээр нь гэмт хэргийг тодорхойлдог боллоо.
Түүнчлэн өмнө үйлчилж байсан Захиргааны хариуцлагын хууль болон Эрүүгийн хуульд ижил үйлдэлд захиргааны зөрчил, эрүүгийн гэмт хэрэг гэсэн давхардсан стандартууд тогтоосныг үгүй болгож, гэмт хэрэг үйлдэж, зөрчил гаргасан этгээдэд хүлээх хариуцлага тодорхой болоод байгаа.
Өмнөх хуульд байсан хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэх мэт гэмт хэргийн ангиллыг хуулиас хасч, гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэг шалтгаан нөхцөл, хэрэг үйл этгээдийн хувийн байдал, хохирол барагдуулсан эсэхээс шалтгаалан ял, албадлагыг ялгавартайгаар хэрэглэх боломж бүрдсэн.
-Байгаль орчны гэмт хэрэг болон хуулийн этгээдийн хариуцлагыг тусад нь бүлэг болгосон гэсэн үү?
-Эрүүгийн шинэ хуульд байгаль орчны гэмт хэрэг болон хуулийн этгээдийн хариуцлагыг тусад нь бүлэг болгож, хуулийн этгээдийн өмнөөс хувь хүн хариуцлага хүлээдэг байсныг өөрчлөн байгаль орчинд хохирол учруулсан, мөнгө угаасан, терроризмыг санхүүжүүлсэн гэмт хэрэгт хуулийн этгээд буюу компани өөрийнхөө хөрөнгөөр хариуцлага хүлээдэг байхаар хуульчилсан. Түүнчлэн торгох ялын илтгэлцүүрийг өөрчилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог байсныг “нэгж” гэх илтгэлцүүртэй болгосон.
Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг УИХ ч, Засгийн газар ч тогтоодоггүй, харин Засгийн газар, ажил олгогч, Үйлдвэрчний эвлэлийн гурвалсан хэлэлцээрээр тогтоодог учраас хэзээ ч өөрчлөлт орох боломжтойгоос гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилсөн тохиолдолд хуульд заасан илтгэлцүүр өөрчлөгдөж, хуулийг зүйл заалт бүрээр өөрчлөлт оруулах шаардлагатай болох учраас тухайн үеийн төгрөгийн ханштай уясан “нэгж” гэдэг илтгэлцүүрийг авсан.
Ийнхүү Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг баталсантай холбоотойгоор өмнө үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийг хүчингүй болгож, салбарын хуулиудад орсон давхардсан заалтуудыг Эрүү, Зөрчлийн хуулиар зохицуулахаар болж байгаа. Бэлтгэл ажил хангахтай холбогдуулан УИХ-аас шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийг ирэх 2016 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр болоод байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|