Явган зорчигч замын хөдөлгөөнд оролцохдоо гүйх, шогших хоёрыг хосуулахгүй л бол ногоон гэрлээр амждаггүй болохыг өчигдөр өглөө л мэдлээ. ХI хорооллоос Зуун айл руу урсах явган зорчигч хийгээд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохиогоор зам хөндлөн гарах гэж уулгамчлан зүтгэж байтал нэгэн хөгшин ханцуйнаас минь нь татаад хамтдаа зам гарахыг хүссэн.
Эмгэний хөл үнэхээр муу, явах гэж мөлхөхөөс ялгаагүй аж. Тэрбээр гараас минь зүүгдэн майцагнах зуураа “Нас өдөр, хөл муутай, хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрлэн дохиогоор гарах гэж үйлээ үзэх юм.
Ногоон гэрэл асах хугацааг нь жаахан уртасгаж болдоггүй юм болов уу. Тэгвэл сайнсан” хэмээн үглэнэ. Бид хоёр хөтлөлцөн чирэлдсээр эхний урсгалыг хөндлөн гарахтай зэрэгцээд нэмэлт гэрэл асч туслах замын тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцож эхлэв.
Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болсон бид хоёрт зорчигчийг замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн дараагийн ногоон гэрэл асахыг хүлээн өргөн цагаан зураасан дээр багтаж ядан зогсохоос өөр арга байсангүй.
Хамт олондоо болсон үйл явдлын талаар хэлж, санал солилцоход бүгд “тийм, яагаад болохгүй гэж” хэмээн миний саналыг хүлээн зөвшөөрч дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ингэж хэлэхээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхийн стандарт гэж нэг зүйл бий хэмээн аархах нэгэн байх л байх.
Гэвч улс орныхоо байгаль цаг уурын эрс тэс байдлын онцлогтой нийцүүлэн технологийг нь Монголд өөрийнхөөрөө нутагшуулж болмоор л санагдаад байна. Ядах нь ээ, өвлийн хальтиргаа гулгаа ихтэй, нар оройтож манддаг, эрт жаргадаг арваннэгдүгээр сарын 15-аас гуравдугаар сарын 1 хүртэл зохицуулмаар байна.
Яармаг гэж дандаа осол гарч, хүний амь нас эрсддэг газар буй.
Дөрөвхөн сарын хугацааны асуудал, уг нь. Нөгөөтэйгүүр, автын осолд орж, амь нас эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн 70 гаруй хувийг ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид эзэлдэг. Тэднээс багагүй нь явган зорчигчийн цагаан шугамаар зам хөндлөн гарах гэж байгаад ногоон гэрэлтэй уралдан хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгсэлд дайруулсан байдаг.
Жишээ татъя. 2014 онд зөвхөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт долоон хүүхэд автын осолд орж амиа алдсан бол энэ тоо 2015 оны арваннэгдүгээр сарын байдлаар хоёр дахин өсч 15 болжээ.
Мөн 3,000 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандсаны 1,248 нь хэвтэн эмчлүүлсний 59 хувь нь сургуулийн насныхан. Хэрэвзээ олон улсын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн байдаг гэрлэн дохионуудын программыг өөрчлөн аргагүй юм бол хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчдог гэрлэн дохио уулзваруудад замын цагдаагийн зохицуулалтыг байнга давхар хийж өгмөөр байна.
Ялангуяа гэр хорооллын доторхи цэцэрлэг, сургуул өрхийн эмнэлгийн ойролцоох том том уулзварууд дээр. Яг ийм арга хэмжээг ойрын үед авах газар бол Зуун айлын уулзвар, гурав болон таван буудал, Хайлаастын 17 дугаар сургуулийг нэрлэж болно. Яармаг гэж дандаа осол гарч, хүний амь нас эрсддэг газар буй. Хан-Уул дүүргийн автобусны зогсоол дагуу хоёр урсгалыг зохицуулсан гэрлэн дохио хэдэн жилийн өмнө дуугардаг байсан. Эдүгээ гүүртэй болсон учраас дуут дохиог ч авч хаяа биз.
Миний санах нь ээ, уг гэрлэн дохионы явган зорчигчдод үйлчилдэг ногоон гэрэл нь бусад замын гэрлэн дохионоос хэдэн секундээр удаан асдаг тул тэр хавьд барагтай л бол осол гардаггүй байв. Тийм дохиоллын систем л бидэнд үгүйлэгдээд байна даа.
Дэлхийн хаа нэгтээ явган зорчигчийн аюулгүй байдалд нийцүүлсэн дохиоллын систем байж л таараа. Дээр үед бид автобусанд суух гэж урд хойноо оролцон уралдаж гүйдэг байсансан бол эдүгээ гэрлэн дохиогоор амжиж гарахын төлөө хөгшид хүүхдээ түлхэж унагаад ч болов зүтгэдэг болж. Энэ арай биш ээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!