-"Ном" буланд тавтай морил-
Монголын өдөр тутмын анхдагч хэвлэлүүдийн нэг, 17 жилийн түүхтэй "Монголын мэдээ” сонин нэгэн цоо шинэ, оюунлаг, гэгээлэг буланг уншигч таны мэдэлд өгөөд байгаа билээ. Манай “Ном” булангийн хойморт уншигч, захиалагч болоод нотын хорхойтон хэн ч морилж болох бөгөөд цаашлаад нот худалдах, худалдан авах, солилцох зараа ирүүлж болно.
Мөн дэлхийг болон Монголыг шуугиулж байгаа, шинэ, хуучин номын тухай мэдээ мэдээлэл, үүх түүх, бичвэрээ ирүүлээрэй. "Ном булангийнхаа энэ удаагийн дугаарт зохиогч Л.Оюун-Эрдэнэ, шог зураач С.Цогбаяр нарын “Азийн хүлэг улс" номын нээлтийн талаарх мэдээллийг хүргэж байна. Уншигч, захиалагч, нотын хорхойтон, номд дурлагч та бүхэн манай сониноор дамжуулж номтой холбоотой бүхий л мэдээллээ солилцоорой. Та бүхнийг номын цагаан буян ивээх болтугай.
Эх орон гэж цээжээ дэлдэгчид олон ч Монгол Улсаа хөгжлийн замд хөтлөх оюунлаг залуучуудын үзэл бодол өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байна. Орон зайн энэ хязгаарт мэдлэг оюуны мэлмийг нээх нэгэн цоо шинэ бүтээл уншигч таны бодлын санд мэндэлж байна. Энэ бол зохиогч Л.Оюун-Эрдэнэ, шог зураач С.Цогтбаяр нарын “Азийн хүлэг улс” нэртэй ном юм. Энэхүү ном нь Дэлхийн хөгжлийн олон сонирхолтой асуудлыг өвөр хуудсандаа нийтэлсэн бөгөөд Монгол Улс “Азийн хүлэг улс” болох хөгжлийн бодлогыг энэ номноос тольдож болно.
Зохиогч дэлхийн улс орнуудын хөгжлийн замналд хүрсэн туршлага, уруудан доройтсон гашуун түүхийг бодлогын судалгаан дээр үндэслэн номын хуудсанаа сийрүүлсэнээрээ онцлог юм байна.
Энэхүү номын талаар Монголын хөгжлийн стратегийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цогтбаатар “Ёс зүйг эрхэмлэсэн сайн засаглал бүхий ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд судалгаа, шинжилгээнд суурилсан бодлогыг салбар бүрт боловсруулж, тогтвортой хэрэгжүүлэх ёстой. Чингэхийн тулд хараат бус хэвлэл мэдээллийн тогтолцоо, бодлогын судалгааны хүрээлэнгүүд (Think Tank), зохих төвшинд хүрэн хөгжсөн боловсролын байгууллагуудын оролцоо зэрэг нь чухал үүрэгтэй. Ийм институцүүдийн хоршсон ажиллагаа улс төрчдийн үйл хөдлөлийг мэргэжлийн төвшинд үнэлэх боломжийг нээдэг.
Харин ийнхүү үнэлэх тогтолцоо, нийгмийн соёл өнөөгийн манай нийгэмд хараахан бүрэн төлөвшөөгүй байна. Иймд эдүгээ бидний өмнө тулгамдаад буй уг асууддыг тунгаан тодорхойлж, энэхүү номонд сөхөн тавьсан нь цаг үеэ олсон алхам болжээ” гэсэн байна. Харин Монгол Банкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, эдийн засагч БЖавхлан “Монгол Улс хүнлэг ардчилсан нийгэм байгуулахаар тунхагласан. Тэр загвар нийгмийн эдийн засгийн хэмжүүр нь дундаж давхаргын хувь хэмжээ.
Гэтэл манай дундаж давхарга хүн амын 30 хувьд ч хүрэхгүй байна. Бид газрын хэвлийгээс гаргасан баялгаа ходоодны мухар луу биш, тархины гүндээ хийдэг болбол орлого бий болгох чадвартай дундаж давхаргаа нэмж чадна. Үүнийг залуу судлаач Л.Оюун-Эрдэнэ олж харсан нь нэн сайшаалтай санагдлаа” хэмээжээ.
“Азийн хүлэг улс “ном өчигдрөөс эхлэн уншигч таны хүртээл болж эхэллээ. Улаанбаатар хотын бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдах энэхүү ном уншигч таны удаан хүлээсэн, улс орны хөгжлийн гарцыг оновчтой тодорхойлсон бүтээл болж чадна гэдэгт итгэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!