Электрон худалдааны Амазон компаний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жеф Безосын байгуулсан Blue Origin нэртэй сансрын нислэгийн компани дахин ашиглагдах пуужинг амжилттай туршлаа.
Өнгөрсөн Мягмар гарагт тэд анхны пуужингээ хөөргөж, буцаан амжилттай газардуулсан байна.
New Shepard нэртэй пуужин Техас дахь талбайгаас хөөрөн 100 орчим километрийн өндөрт хүрсний дараа капсул хэлбэртэй сансрын хөлгийг салгаад буцан зөөлнөөр газарт бууж чаджээ.
Сансарт нисэх зардал маш өндөр байдгийн гол шалтгаан нь нэг пуужинг нэг удаа ашигладагтай холбоотой. Харин ингэж пуужинг олон дахин ашиглаж чадсанаар зардлыг эрс багасгах боломжтой.
Элон Маскын SpaceX компани ийм туршилтыг 2013 онд амжилттай хийж Falcon 9 пуужингээ хэдэн зуун метрийн өндрөөс газардуулж чадсан.
Харин Blue Origin энэ туршилтаараа илүү өндөрт буюу агаар мандлаас гаргах хэмжээний өндөрт хүргэж чадлаа.
Ингэснээр төлбөр төлж сансарт аялах хүмүүс цөөн минутын хугацаанд жингүйдлийн орчинд байж үзэх боломж нээгдэнэ.
Гэвч тойрог замд хөлөг хүргэхийн тулд энэ пуужин нь одоогийнхоосоо 100 дахин их эрчим хүч гаргах чадалтай байх шаардлагатай юм.
SpaceX компаний хувьд ийм хэмжээний пуужинг дахин ашиглагддагаар хийхээр ажиллаж байгаа ч амжилттай болоогүй байгаа.
Харин ирэх 12 дугаар сард SpaceX пуужин газардуулах ээлжит туршилтаа хийхээр төлөвлөжээ.
Blue Origin-ы туршилтын видео бичлэг:
Эх сурвалж: Techinsider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!