Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГ ТЭРБУМ ам.долларын зээлийн хэлэлцээрийг баталлаа

Х.Алтанзагас, iKon.mn
2015 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

- УИХ-ын чуулганы хуралдаан /20.15.11.26/ -

Засгийн газраас 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж гишүүдийн 84 хувийн саналаар баталлаа.

Зээлийн хэлэлцээрийг батлахын өмнө гишүүд  асуулт тавьж үг хэлэхдээ, өрийн босго хэтрэх үү үгүй юу, зээл нь юунд зарцуулагдах, түүний төлөгдөх тооцоо, судалгааг танилцуулах, үр ашиг нь ямар байх, бусад зарим улсаас авсан зээлийн хэрэгжилт ямар байгаа, өр төлөх сан байгуулах, зээлийг үйлдвэрлэлийг дэмжсэн тус нэмэртэй тодорхой төсөлд зарцуулах зэрэгт анхаарлаа хандуулж байв.

 



Зээлийн нөхцлийн хувьд жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг тус зээлийн хөрөнгөөс санхүүжүүлэх аж.

Зээлийн хөрөнгөөр

  • Эгийн голын усан цахилгаан станцыг барих, 
  • Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20.9 км замын өргөтгөл, шинэчлэл хийх,
  • Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, 
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх,
  • Мах боловсруулах 12 үйлдвэр барих,
  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх юм байна.

 

Засгийн газраас /2015.11.20-нд / өргөн барьсан нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны 8 дугаар сард манай улсад Төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн юм. Энэ дагуу талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар харилцан тохиролцсон билээ.