-Зул-
Уйлах багадаж, зүрх балбагануулсан хар мэдээ сонссон цагаас хойш бүтэн дөрөв хоног дөнгөтэй юм шиг байлаа. Толгой дүүрч, дотор муухайрч байна. Орсон ч гарсан ч, боссон ч суусан ч та минь бодогдоостой. Машинаасаа бууж ажил орох хооронд 200 хүрэхгүй метр газарт гартаа барьж явсан тортой хүүхдийнхээ гутлыг хаана гээснээ санахгүй байна би. Бас ажлаасаа гарахдаа утсаа хоолны савтай торондоо хийж машиныхаа хойд суудал дээр тавьчихаад, ажил дээр баахан хайлгав.
Бодол санаа дэн дун. Хөл дээр доор гишгэгдэж, хөдлөхөөс дургүй хүрэх хүнд өдрүүд байлаа. Харалсан сэтгэлийг минь хаашаа ч хөдлөх эрхгүй болтол барьж, хамгийн их тамласан зүйл нь ...таны минь тухай муухай мэдээг, сайхан инээсэн зургийн чинь хамт сошиал ертөнцөөр зай завсаргүй нисгэх нь зүрх базлуулна. Интернэт асаахаас айдастай, зүрх түгшээстэй. Таны минь тухай түмэн бодол толгойд шахцалдаж, эрэмбэ дарааг нь тогтоох завдал өгөхгүй, сошиалын мэдээллээр бөмбөгдүүлэх. Тийшээ орохгүй байж болох ч нэг талаасаа ямар ташаа мэдээлэл явчих бол гэсэн айдсаа дарах гэж. Нөгөө талаасаа Лунтангийн Болормаа гэж ямар авьяас чадалтай, мэргэжилдээ эзэн болсон хурц, дайчин ямар хөдөлмөрч сэтгүүлч байсан бэ гэдгийг интернэтийн ертөнцөд бахдан шагшиж байгааг харах сайхан. Би таныгаа дэндүү мэддэг болохоор тэр.
Өнөөдөр өглөө /2015 оны арваннэгдүгээр сарын 25-ны 07.10-07.40 цагийн хооронд хүний хорвоод эгэлгүй нэгэн байж, нэр төртэйгээр буцаж байгаа таныгаа сүүлчийн замд нь үдэж, Диваажингийн цэцэрлэгт хүрээлэнд цэцэг болгон нутаглууллаа. Одоо миний зүрх жаахан тайвширчээ. Таныхаа тухай тухтайхан бодож, үзэг цаас нийлүүлж, үгэн зул өргөхтэйгээ болж байна. Дөнгөтэй юм шиг өнгөрсөн дөрөв хоногт буяны замыг тань гэрэлтүүлэх бадман зулаа таслаагүй ээ, би.
Зулын тань гэрэл шув шулуухан, эгц дээшээ тэнгэр өөд тэмүүлсээр байна лээ. Тээр дээр авьяаслаг сэтгүүлч, Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, хоёр сайхан охины ээж, сэтгүүл зүйн хоёр ч номын зохиогч, “ Mongolian Mining Journal” сэтгүүлийн эзэн-эрхлэгч, Д.Бэхбаяр, Ц.Цэвээнхэрлэн, И.Отгонжаргал гэсэн шадар гурван цэргийн дарга-эрхлэгч-эгч-сайн найз-хамгийн дотны туслагч урагш чиглүүлэх галт бамбар, эрхэмсэг оршихуй байсан та минь эрвээхэй болон нисэн буй болохоор зулын гэрэл дээшээ тэмүүлэхээс яалтай. Гэхдээ одоо бүтэн 15 жилийн турш сонссон “Сайн уу, Отгоо” гэсэн шийдэмгий хэрнээ намуухан дууг тань дахин сонсохгүй гэж бодохоос гол харлаж байна. Та байхгүй өдрүүд үргэлжилнэ гэхээр бүх зүйл гунигтай, бараан. Би бусад шиг таныг өрөвдөх биш, гомдож байна. “...Ойн захын бяцхан байшинд тайван суугаад зохиол бичих өдөр ирнэ гэдэгт итгэдэг шүү. Нэрийг нь ч оноочихсон. Завтай болохоороо нэг сайхан кофе аягалж суугаад эхлүүлэмз...” гэсэн чинь яасан гэж уур хүрч байна.
Та хэвлэлийн менежментийн практик зөвлөгөөний “Завгүй” номондоо дээрхийг бичсэн байсан биз дээ. “...ойн захын бяцхан байшин миний мөрөөдөл. Яаран үсчих завгүй хэмнэлээсээ зугатаан нуугдах орон зай. Түүнийгээ би болгоно оо...” та цаашаа ингэж үргэлжлүүлсэн байсан даа. Тэр романтик хүн болохоор ингэж бичжээ гэж би бодоогүй. Үргэлжийн мөнх үлгэрийн юм шиг мөрөөдөл ундрааж, түүнийгээ үг, үйлдлээрээ харуулдаг байсан болохоор таныг хэзээ нэгэн цагт Алисиа охинтойгоо ойн захын нам гүмд амьдрахаар шийдэж гэж үнэн голоосоо итгэсэн байсан юм. Тэгтэл та амласнаасаа буцаад гав ганцаараа гэнэт яваад өгөх юм. Бэхээ бид хоёр таныг дор хаяж 80-90 наслана байх гэж итгэдэг байв.
Хөнгөн шингэн, огтоос оворгүй, хөнгөн гунигладаг ч зарим үед хүүхэд шиг хөөрүү, зөв хооллолттой, ажил амралтаа зохицуулдаг, алиа хошин зантай байсан болохоор зөвхөн бид хоёр ч гэлтгүй таны удирдлагад ажиллаж байсан “Өнөөдөр” сонины баг болон “ Mongolian Mining Journal” сэтгүүлийн хамт олон ч тэгэж л боддог байсан байх. Ер нь таныг таньдаг мэддэг бүх хүн ийм бодолтой байсан биз. Харамсалтай нь, хорвоо хуурамч, амьдрал барьцгүй, өвчин хэлж ирдэггүй гэдгийг умартдаг юм уу даа, бид. Тийм болохоор хүний сайн сайхныг амьдад нь биш, өнгөрсөн хойно нь тэнгэрт тултал шагших ямар гашуун байдгийг сая бүр ч ихээр мэдэрлээ.
Лунтангийн Болормаа Монголын сэтгүүл зүйн нэгэн тод од байсан. Тэр хэдий урт амьдраагүй ч оршин байх ахуйдаа хийх ёстой зүйл, бүтээх бүтээл, үүрэх ачаа, дэгжирхэх имиж, үүсгэн буй болгох бүхнээ асгартал амжуулаад, гэрэл цацруулан харван одлоо. Тийм болохоор тэр баг зүүсэн амьдрал, хий хоосон үгэнд үнэн голоосоо дургүй. Ажиллаж амьдрах зүрх сэтгэлтэй, зөв хандлагатай хүнд тэр хайртай. Дууриаллаар үлгэрлэж, зангарагаар хүмүүжүүлж, урмаар тэтгэн, ургуулж арчилж чаддаг хүн.
Болороо эрхлэгч өөрөө оюутны ширээнээс гараад удаагүй шинэхэн сэтгүүлч байхаасаа шинэ мянганы эхэнд “Өнөөдөр” сонины Эдийн засгийн албанд Бэхээ, Цэвээнээ бид гурвыг өлгийдөн авч, толгойгоо ажиллуулж, хөлөөрөө хоол олж иддэг сэтгүүл зүйн салбарт зүг чигийг минь зааж, хөлийг дөрөөнд, гарыг ганзганд хүргэсэн эрхэм хүндтэй эрхэмсэг оршихуй юм. Барууны сэтгүүл зүйн хэв маягийг сонинд нэвтрүүлэх их аян, хязгааргүй мөрөөдөлд умбасан түүний хатуу шалгуурт тэнцэж тэсэж үлдсэндээ бид гурав баяртай байдаг. Бас азтай. Түүний шалгуур намхан байгаагүй.
Мэдээллийн эх сурвалж багатай, туршлагажаагүй, дагнан мэргэшээгүй байх эхэн үедээ Болороо эгчид бичсэн материалаа редакторлуулна гэдэг амаргүй даваа байсан. Муу бичсэн бол тэр учиргүй уурлаж, урж тасдаж улаан нүүр рүү шидээд байхгүй. Бараг загнахгүй. Муу, сайн болсныг зүгээр л харцаараа, ганц нэгхэн часхийсэн үгээр, эсвэл үйл хөдлөлөөрөө л хатуухан илэрхийлчихдэг байсан юм. Болороо эгч өдөр тутмын том сонины Эрхлэгчийн их ажлын хажуугаар өөрөө уйгагүй бичиж, хэлтсийнхээ гуравт эдийн засгийн нийтлэлийг ингэж л бичих учиртай. Тэгэхгүй бол эртхэн замаа бодсон нь дээр гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулдаг байсан. Тийм болохоор түүний ширээн дээр сайн материал тавих ёстой гэдгийг яс, махандаа шингэтэл ойлгосон байдаг байж билээ. Тэрээр баримтгүй, хоосон уран гоё үг урсгахыг үздэггүй байсан.
Баримт, баримт бас дахин баримт гэдэг байлаа. Бас хөндөж байгаа асуудлын чинь цаад гол гогцоо нь юунд байна гэдгийг ухаж, торгон мэдрэмжтэй ханд, ярьж байгаа шигээ ойлгомжтой энгийн бич гэж зөвлөдөг байсан. Өөрөө материал цуглуулахдаа чимбай, нямбай. Түүнийгээ чулуу болгохдоо гаргуун. Бичлэг нь баримтад тулгуурласан сонирхолтой өрнөл, төгс чамин өгүүлэмжүүд, дэврүүн хөг, чанга төгсгөлтэй байдаг. Энэ чанараа бид гурваас шаардана. Тэгээд материал уншихдаа үзэгнийхээ хошууг байн байн арчина. Засварыг нямбай гэгч нь хийнэ. Арайчүү тэрлэсэн нийтлэлд маань сэтгүүлчийн хөдөлмөр, сэтгэл, мэдрэмжийн хэлтэрхий жаахан ч гэсэн шингэсэн байх юм бол түүний сэтгэл сэргэнэ. Уншиж дуусаад, хурдан, хөнгөн алхалж ирээд, “Гоё” болжээ гэдэг ганцхан үгийг хөөрүү хэлнэ. Чи үүргээ гүйцэтгэсэн гэсэн шиг өөрөө материалын маань зураг хөргийг хайж гүйнэ. Тэр угаас хөнгөн хүн.
Сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Би хурдан хурдан алхалж зарим үед хоёр алхааны хооронд гүйх шахуу болдог” гэж хэлсэн нь тийм учиртай. Сэтгэл нь гэгээн гэрэлтэй байхаар өд мэт хөнгөн, алхаа нь улам хурдан болдог. Хэрвээ гарчигнаас нь харахад л тааруухан материал ширээн дээр нь тавьчихсан байвал уншихгүй зөндөө удна. Уншилтынх нь засвар бага бас хааш яайш. Мэдээж “Гоё болсон байна” гэдэг үг унагахгүй. Дурамжхан шиг алхаж ирээд, гарт дөхүүлэх төдий тавьчихаад, чив чимээгүй хурдхан буцна. Тэр өдөртөө дуугарахгүй. Ийм хатуу болохоор түүнийг материал унших хооронд зүрхний зохилт хурдсана.
“Өнөөдөр” сонины редакцийн хоймор суудаг даргыгаа нэлээд алсхан байрлах ширээнийхээ хаалтны дээгүүр сэм сэмхэн өнгийж ажина. Тийм төмөр хатагтай юу гэхээр бас тийм биш. Заримдаа бидэнтэй ажлын цагаар ч гэсэн найзууд шиг хөгжилдөнө. Тэр хааяахан ажлын дарга нарт “Миний муу шадар гурван цэрэг надтай харцаараа ойлголцдог доо” гэж онгирсон дуулддаг. Нээрээ л бид дөрөв харцаараа ойлголцдог болтлоо хамт ажилласан. Мөн сониныхоо хамгийн шилдэг хэлтэс гэж дандаа магтуулдаг байж билээ. Манай хэлтэс сүүлдээ Эдийн засаг, бизнес мэдээллийн алба болж өргөжин долоо хоногт гурван удаа бизнесийн секц гаргадаг их ажилтай болсон юм. Тэр байгууллагыг ингэж л урлагтай удирдаж, өргөжүүлдэг байсан юм.
Яг одоо миний өмнө түүний 20-иод жил сэтгүүл зүйн салбарт ажиллахдаа хуримтлуулсан туршлагынхаа алдааг нь давтахгүй, оноог нь улам сайжруулж авч яваарай гэдэг үүднээс залуу сэтгүүлчдэд зориулж гаргасан “Даашинзтай сурвалжлага”, “Завгүй” гэсэн зүс ижил хоёр ном нь дэлгээтэй байна. “ Даашинзтай сурвалжлага” номоо өдөр тутмын сонины завгүй ажилтай байх үедээ гаргаж, хэлтсийнхээ гуравт номынхоо дээжээс хамгийн түрүүлж өгч билээ. Тэгэхдээ эхний хуудсан дээр “Хайртай Отгоодоо, хамгийн дотно хүмүүс болтлоо бид хэд дасчээ. Тэр замын уртад үргэлж дэргэд байж, ойлгож ирсэн алаг нүдэн Отгоодоо аз жаргал хүсье. Л.Болор” гэсэн байх юм. Харуусал дүүрэн цээжинд цэнгэг агаар сэнгэнэх шиг болж байна.
Хичээнгүй биш ч хариуцлага ханхлуулсан бичгийн хэв нь өмнөөс хараад “Улам ихийг хийж бүтээхийн төлөө хичээгээрэй” гэх шиг. Түүнээс магтаал сонсохоороо нэг хэсэгтэй эрч хүч дүүрэн, зоримог алхдаг байж билээ. Сүүлийн жилүүдэд Болороо эгч, Бэхээ бид гурав сэтгүүл эрхлэн гаргах амаргүй ажилд, зовлон нэгтэй зүтгэв. Тэрээр бид хоёрт хэвлэлийн байгууллага үүсгэн байгуулж, удирдан авч явах арга туршлага, зөвлөгөөгөө өнөөдрийг болтол харамгүй өгсөн. Бас заримдаа бид хоёрыгоо голохгүй аж ахуйн асуудалтай холбоотой асуудлаа ярьж, гарц шийдэл хэлээч гэж зөвлөнө. Тэгээд зогсохгүй хувийн амьдралд маань ч хань ижил, үр хүүхдүүдийг минь асуухаа хэзээ ч мартахгүй. Тийм өгөөмөр сэтгэлтэй.
Өнгөрсөн хавар нэг орой Болороо эгч маань залгаж байна. Яаран утсаа автал “Отгоо чи Монголын хэвлэлийн зөвлөл байгуулагдахаар аль нэг хэсэгт нь гишүүн болж ороорой. Энэ байгууллагын эхлэлийг зөв тавьж чадах юм бол сэтгүүл зүйд маш хэрэгтэй байгаа юм. Чам шиг, Н.Сарангэрэл эгч шиг редакцийн дотоод ажлыг сайн мэддэг, тэгээд сэтгэлтэй хандах тийм хүмүүс зөвлөлд орох нь хэрэгтэй.
Тэгэхгүй бол шалдир, булдир хүмүүс шал өөр эрх ашгийн үүднээс орох сонирхол их бий байж магад. Чи одоо зав залуу юм байж жаахан нийгмийн идэвхтэй бай л даа” гээд утсаа салгачихав. Хэд хоногийн дараа хэвлэлийн зөвлөлийн сонин, сэтгүүлийн салбар хуралдаж Удирдах зөвлөл болон Ёс зүйн хороонд гишүүн сонгон шалгаруулах хуралд тогоо шиг гэдэстэй хэрнээ очиж, Болороо эгчийнхээ хүсэлтийг биелүүлсэн юм. Тэр сэтгүүл зүйн төлөө ийм л сэтгэлтэй нэгэн. Бас ямар ч асуудалд алсын хараатай ханддаг эрхэм.
Тэр сэтгүүлчийн, редакторын, эрхлэгчийн ажлаа тултал хийгээд сэтгэл ханаад явдаг хүн биш. Залуу сэтгүүлчдийг өөр шигээ гялалзсан, зоримог, хөдөлмөрч, шуурхай, нямбай байхыг хүсдэг. Ялангуяа цагийн байдал амаргүй байгаа өнөө үед сэтгүүлчид маань илүү хөдөлмөрлөж, бодит мэдээлэлтэй ойр явж, анализ бүхий нийтлэлүүд бичих нийгмийн хэрэгцээ байгааг анхааруулж, сэтгүүлчдийг бодож, сэрэхийг уриалсан. Түүнийгээ зүгээр ярих биш, өөрөө үлгэрлэн харуулдаг ясны зангаараа зүтгэсэн. Даан ч биеэ бодсонгүй.
Монголын сэтгүүл зүйн салбарт балрашгүй мөрөө үлдээсэн таныхаа үйл хэргийг нэр төртэйгээр үргэлжлүүлэхээ андгайлж байна. “Даашинзтай сурвалжлага”, “Завгүй” хэвлэлийн менежментийн практик зөвлөгөөний номыг тань нэвт шувт судалсан залуу сэтгүүлчдийн эрин хүч түрэн орж ирэх болохоор сэтгүүл зүйн хөгжил таны хүсэж, мөрөөдөж байснаар зөв хөгжинө гэдэгт итгээрэй.
Хувь хүний хувьд, эх хүний хувьд, эмэгтэй хүний хувьд, эрхлэгч хүний хувьд, сэтгүүлч хүний хувьд, удирдагч хүний хувьд бүх талаараа эрхэмсэг оршихуй байж чадсан таныхаа өмнө мэхийе. Эрхэмсэг оршихуй Та, эх дэлхийдээ тайван нойрсдоо.
И.Отгонжаргал
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!