ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

ЧИХЭВЧНИЙ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ

ikon.mn
2015 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Чихэвч нь чихэнд зүүж байгаа  жижиг чанга яригч юм. 1910 онд Солт Лейк хот дахь Baldwin радио компанийг үүсгэн байгуулагч “Baldy утас" нэртэйгээр  анхны чихэвчийг зах зээлд нийлүүлжээ.

Та бид чихэвчийг өдөр тутамдаа хэрэглэж сонсдог. Чихэвч чихний дотор орж, сонсголын эрхтнүүдтэй нягт холбогддог. Чих нь  гадна,  дунд,  дотор чих гэсэн гурван хэсгээс бүрддэг.  Гадна болон дунд чих нь  дууны долгионыг цуглуулж авах, дамжуулах үүрэгтэй.  

Дотор чихний  захын сонсголын мэдрэлийн эсүүд нь чихний дунгаас тархи уруу мэдээлэл дамжуулдаг. Тэнд хүн үгийг ялгаж, дуу чимээг таньж мэдэх процесс явагддаг. Гадна болон дунд чихний үйл ажиллагааны алдагдлаас болж үүсч буйг дуу дамжуулах хэлбэрийн сонсголын бууралт, дотор чихтэй холбоотойг хүлээн авах хэлбэрийн сонсголын бууралт гэх ба  энэ хоёр нь  хоёулаа хавсарч тохиолдвол холимог сонсголын бууралт байдаг. 

Харин сүүлийн үед IPod, MP3, төрөл бүрийн утас гээд  чихэвчээр дуу хөгжим  удаан хугацаагаар сонсох, хэт чанга сонсох нь сонсголын мэдрэлийн хүлээн авах хэлбэрийн сонсгол муудах, дүлийрэх шалтгаан болдог байна.

Чанга дуу чимээ нь дотор мэдрэлийн үслэг эсүүдийг шууд гэмтээдэг. Нэгэнт гэмтсэнээс дахин сэргэдэггүй. Сонсгол муудах нь тухайн үедээ мэдэгдэхгүй ч насах их тусам анзаарагддаг тул хүүхдийг аль болох цөөн цагаар, бага түвшинд чихэвчний хөгжимтэй нөхөрлүүлэх нь ирээдүйд түүний эрүүл мэндэд хийх хамгийн зөв зүйл болно.

Хүний сонсголын эрхтэн нь 16-20000Гц-ийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай байдаг. Дууны даралт ба сонсох мэдрэмж хоёрын хамаарлыг децибелээр илэрхийлдэг ба хүмүүсийн харилцан ярианы түвшин 60дБ байхад онгоц буух үеийн дуу чимээний түвшин 110дБ байх жишээтэй. Гэтэл өнөөдөр зарим үйлдэрлэгдэж байгаа MP3, IPod-ны чангаруулагчийн дээд түвшин 120 дБ байдаг байна. Тэгэхээр хөгжмөө дууны түвшний эцэст нь тавьж сонсох нь онгоц буух үеийн дуу чимээтэй тэнцэж байна гэсэн үг. 

ДЭМБ-с гаргасан баримтаар 85 дБ хэмжээний чанга дээр нэг цаг чихэвчээр хөгжим сонсоход л сонсголын эрхтэн гэмтдэг болохыг тогтоосон.  ДЭМБ-ийн хийсэн судалгаагаар өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байна. Жишээ нь 1994 онд Америкийн өсвөр насныхны 3.5 хувь нь сонсголгүй болсон гэх судалгаа гарч байсан бол энэ тоо 2006 он гэхэд 5 хувь хүртэл өсчээ. Тиймээс ДЭМБ энэ явдалтай тэмцэхийн тулд өдөрт нэг цагаас илүүгээр чихэвчээр дуу сонсохгүй байх, дууных нь төвшнийг 60 хувиас хэтрүүлэхгүй байснаар сонсголгүй болохоос сэргийлж чадна.

Сонсголоо хамгаалах арга зам:

  • 60/60 дүрмийг баримтлах- Чихэвчний хөгжмийг хамгийн чангадаа  дууны түвшнийг чангарлын талаас ихгүй хувиар буюу 60 хувиас хэтрүүлэхгүй, нэг өдөрт 60 минут л сонсох хэрэгтэй. ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд, таны хөгжим 15 дээд түвшинд байхад 8 болгоно гэсэн үг юм. 
  • Чихэвчний хөгжмийг шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй. Яагаад гэвэл шуугианаас давж давхар хөгжим сонсох хэрэгтэй болохоор чихэвчний хөгжмийг өндөр тавьж байна гэсэн үг тэгэхээр чихэнд сонсох эрхтэнд гэмтэл учруулах эрсдэлтэй. 
  • Гэртээ хөгжмөө чихэвчгүйгээр сонсоорой.
  • Сонсгол муудаж, чих нь дүлийрээд ирэхээрээ хүн нийгэмтэй зөв харьцаж чадахгүй.
  • Чихэвчний хөгжим сонссоноор орчноо мэдрэхгүй хайнга болж, аваарт илүү өртөнө. Анхаарлыг чинь сарниулах учир гудамж талбай, олон нийтийн газар, барилга байгууламжийн дэргэдүүр өнгөрөхдөө чихэвчгүй гарах хэрэгтэй. 

Японы судалгаагаар авто замаар чихэвчтэй явж байгаад авто замын осолд орвол тухайн хүний буруу гэж хуулинд заажээ. 

Иймд бид өөрсдийн эрүүл, аюулгүй байдлаа хангахын тулд гар утас, чихэвчний хөгжмийн дууг чанга сонсох зуршлаа хаях хэрэгтэй. Эхлээд та бүхэн тархиа нам хөгжимд дасгах ёстой. Хамтдаа яваа хүмүүсийнхээ яриаг маш тод сонсдог болох хүртлээ гар утас, чихэвчний хөгжмийнхөө дууг султгаарай. Хэрэвтахүчээр ч хамаагүй өөрийгөө нам хөгжимд дасгавал удалгүй муу зуршлаа хаях болно.

Бэлтгэсэн: НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төв