Өчигдөр Афганистаны нийслэл Кабул хотод олон мянган хүн оролцсон жагсаал боллоо. Нийт 5,000 гаруй хүн жагссан гэсэн тоо байна.
Тэд саяхан Талибуудад зэрлэгээр амиа алдсан долоон Хазара хүний хойноос гашуудаж, Афганий эрх баригчдыг аюулгүй байдлыг сайжруулахыг шаарджээ. Тэд амиа алдагсдын цогцсыг авч явсан байна.
Жагсагчдын дийлэнх нь Хазара үндэстнүүд байсан ч бас Тажик, Узбек, Пуштун үндэстнүүд оролцсон гэнэ.
Алагдсан долоон хүний дөрөв нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй, нэг нь есөн настай охин байжээ.
Алагдсан Хазара охины зураг:
Цагдаа нар Хазара хүмүүсийн уур хилэнг тогтоож чадалгүй агаарт хий буудаж сануулга өгсөн байна.
Хувийн Ариана Ньюс телевиз жагсаалыг шууд дамжуулж байсан ч Афганий аюулгүй албаныхан зогсоосон гэнэ.
Хазара иргэд Афганий зүүн өмнө зүгийн Забул мужид амьдардаг байсан бөгөөд энэ сарын 7-нд тэднийг алсан байна. Эрх баригчид алуурчдыг Талибанууд биш Исламын улстай холбоотой гадны террористууд байсан гэж үзэж байна.
Өнөөдөр долоон хүний цогцсыг оршуулахаар Кабулаас төрөлх муж руу нь илгээжээ.
Сүүлийн жилүүдэд шиит шашинтай Хазара иргэдийн эсрэг аллага нэмэгдэж байгаагаас ерөнхийлөгч Ашраф Ганигийн засгийн газарт аюулгүй байдлыг сайжруулах шахалт нэмэгдэх болсон гэнэ.
Хазара нь Монгол-Түрэг угсааны аймаг гэгддэг ба Чингис хааны байлдан дагуулалтаас үлдсэн хүмүүс гэж үздэг.
Голдуу Исламын шашны Шиит урсгалыг шүтдэг Хазарууд Афганистаны хүн амын 15-20 хувийг эзэлдэг. Афганистан улсын хүн ам 30 сая.
Пакистанд 600,000 Хазара амьдардаг гэсэн тоо бий.
Эх сурвалж: bbc, radio free Europe/radio liberty
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!