Олон улсын тэмээн уралдааны ээлжит их хурал Грекийн Олимпиа уулын өвөрт хоёр хоногийн турш боллоо.
Эртний олимпын өлгий нутагт болсон энэхүү хуралд Монгол Улсаас Монголын тэмээн соёл, уралдааны холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Батбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Чандмань нар оролцов.
Тус хуралд 78 улсын тэмээн соёл, уралдааныг хөгжүүлэгчид оролцсон бөгөөд холбооны ирээдүйн таван жилийн стратеги, хэтийн төлөв, тэмээн уралдааны спорт олимпын наадамд оролцох боломж зэрэг олон асуудал хэлэлцлээ.
Мөн хурлын үеэр ирэх жилүүдэд Олон улсын холбоог удирдах удирдлагын багийг сонгож, Монгол Улсаа төлөөлөн Б.Чандмань Жендэрийн хорооны даргаар сонгогдсон байна.
Түүнчлэн тэмээн уралдааныг олон улсад цуврал гранпри хэлбэрээр зохион байгуулахаар болсон бөгөөд хоёр бөхтэй тэмээний гол төлөөлөгчийн хувьд Монгол Улсад нэг гарааг зохион байгуулах талаар судлахаар ОУТУХ шийджээ.
Олон улсын тэмээн уралдааны холбоо нь 2018 онд Саудын Арабын Хаант Улсад байгуулагдсан бөгөөд олон улсад ихэд хөгжсөн тэмээн уралдаан, түүнийг дагасан соёлыг дэлхийд сурталчлах, спортын хувьд илүү өгөөжтэй, хүртээмжтэй болгох, Олимпын наадмын хөтөлбөрт багтах зорилготой юм.
Монгол Улс үүсгэн байгуулсан 14 улсын нэг болж, үйл ажиллагаанд нь тасралтгүй, идэвхтэй оролцож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!