Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуульд "Нээлттэй хаалганы өдөр" арга хэмжээ боллоо.
Нийт 515 суралцагчтай тус сургуульд 145 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаагаас 116 нь багш болон туслах багш аж.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа бусад сургуульд 9 жилийн боловсрол олгодог бол 55 дугаар сургууль нь 12 жилийн тогтолцоотой гэдгээрээ онцлог билээ.
Мөн тус сургуулийн ахлах ангийн сурагчид зочид буудлын өрөөний үйлчилгээ, талх нарийн боов, цэцэрлэгч, ногоочин гэсэн чиглэлээр мэргэжлийн чиг баримжаа олж авч байна.
Өнгөрсөн есдүгээр сард тус сургуульд "Талх нарийн боов - Бариста"-гийн мэргэжлийн анги үүдээ нээсэн юм.
Нээлттэй хаалганы өдрийн талаар тус сургуулийн захирал Ч.Ганбилэг "Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдөр буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрөөр бид энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлал тогтоод 11 жил болж байна.
Сургуулийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар эцэг эхчүүд, асран хамгаалагч, иргэдэд танилцах боломжийг олгодог юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хэрхэн ажиллах талаар заавар, зөвлөгөө авч, туршлага солилцож болно.
Түүнчлэн өнгөрсөн жилээс ямар ахиц дэвшил гарсан, сургалт, хүмүүжлийн ажилд ямар өөрчлөлт гарсан зэргийг харьцуулж, харах боломжтой.
Манай сургууль 2023 онд нийслэлийн шилдэг менежменттэй, ментор сургуулиар тодорсон. Үүнийгээ энэ жил ч гэсэн дахин баталлаа. Энэ нь хамт олны амжилт юм" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!