Уншиж байна ...

Х.Нямбаатар: Жил бүр гэр хорооллын 20,000 айлыг газын хэрэглээнд шилжүүлж, тэдэнд татаас өгнө

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 12 цаг 41 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх оноос гэр хорооллын айл өрхийг бага багаар газын хэрэглээнд шилжүүлж татаас өгөх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.

Тэрбээр "2025 онд нүүрсний хэрэглээг хийн түлш буюу газ руу шилжүүлэх ТЭЗҮ боловсруулах тендер зарлах гэж байна. Тендер амжилттай болбол жил бүр гэр хорооллын бүсүүдэд 20,000-аас доошгүй айлыг газын хэрэглээнд шилжүүлнэ.

Газын хэрэглээнд шилжсэн айлуудад татаасыг өгнө. Ингэхдээ "Тавантолгой түлш” ХХК-д өгдөг 300 гаруй тэрбум төгрөгөөс айлуудад татаас өгнө.

Ямар төрлийн газ хэрэглэхийг судалж байна. Тодорхой хугацааны дараа "Тавантолгой түлш” ХХК хатуу түлш бус шингэрүүлсэн түлш үйлдвэрлэдэг болгох талаар мэргэжлийн байгууллага, гадаад, дотоодын эрдэмтдийн төслийн нэгж байгуулсан. Уг төслийн нэгжийг н.Батзориг ахална. Засгийн газраас эцсийн шийдвэрийг гаргана.

Сүүлийн үед иргэдээс ирж байгаа бухимдал, шүүмжлэл маш их болж байна. Тухайлбал сайжруулсан түлшний үйлдвэрийн бүтээгдэхүүнээс болж иргэд угаартсан, олон иргэн хорвоогийн мөнх бусыг үзсэн, агаарын бохирдол төдийлөн буурсангүй гэсэн иргэдийн бодит шүүмжлэлийг хүлээж авч, цаашид тус компанийн бизнесийн чиглэл, менежмент, үйлдвэрлэлийн технологио өөр түвшинд гаргая гэдгийг компанийн удирдлагуудад хэлэх гэсэн юм.

1960-аад оны сүүлчээр Их Британийн нийслэл Лондон хотын утаа дийлдэшгүй болж, газ руу шилжсэнээр утааны асуудлыг шийдсэн туршлага бий. Улаанбаатар хотыг дайрах ОХУ, Хятадыг холбосон байгалийн хийн төсөл эхэлсэн, олон төрлийн газыг дотоодын ААН-үүд импортлон хэрэглэж байгаа.

Сайжруулсан түлшний үйлдвэр нь агаарын бохирдол бага гаргадаг бүтээгдэхүүнтэй болох чиглэл рүү шилжих ёстой" гэж “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулах үеэрээ мэдэгджээ.

“Тавантолгой түлш” компанийн үйлдвэр сайжруулсан нэг шуудай түлшийг 20,800 төгрөгөөр үйлдвэрлэж, иргэдэд 3,750 төгрөгөөр зардаг бөгөөд 1.2 их наяд төгрөгийн алдагдалд оржээ.