Цахилгаан эрчим хүчинд суурилсан бидний амьдралд хамгийн том дайсан бол нар юм. Тиймээс Цагаан ордон нарнаас үүсэх гамшгийн эсрэг арга хэмжээ авах бэлтгэлээ хийгээд эхэлжээ.
Цагаан ордны дэргэдэх Шинжлэх ухаан, Технологийн Үндэсний Зөвлөл аравдугаар сарын 29-нд энэ гамшгийн эсрэг ажиллах стратеги төлөвлөгөөг танилцуулсан байна.
Чухам ямар аюул гамшгийн тухай яриад байгааг одоо сонирхоё.
Цэнэглэгдсэн хагас атомын бөөмсийг Нар секунд тутамд цацаж байдгийг бид нарны шуурга гэж нэрлэдэг бөгөөд огторгуйд цагт 1.6 сая километрийн хурдтай цацардаг.
Гэхдээ нарны шуурга нь сул хүчтэй байдгаас манай дэлхийн соронзон орон ихэнхийг нь дэлхийд нэвтрүүлэлгүй тойруулж гаргадаг байна.
Энэ үзэгдлийг харуулсан NASA-гийн дүрслэл:
Харин үүнээс илүү хүчтэй шуурга дэгдвэл манай дэлхийн соронзон оронг нэвтэлж бүх цахилгаанаар ажилдаг зүйлсийг зогсоосноор хүн төрөлхтнийг хэдхэн цагийн дотор харанхуй балар үед нь буцаах юм.
Үүний багахан амтыг 1989 онд Канадчууд мэдэрч Хидро-Квебекийн цахилгаан дамжуулах системийг нь есөн цаг зогсоож байв. Хэрвээ шуурга хүчтэй байсан бол зөвхөн Квебекээр зогсохгүй аюулд өртөх байжээ.
Түүний дараа 2008 онд мэргэжилтнүүд нэг хүчтэй нарны шуурга үүсэхэд $2 их наядын эдийн засгийн хохирол (мэдээж АНУ-д) учруулна гэж тооцоолсон байна.
Энэ нь түүхэнд тохиосон аль ч гамшгийн үүсгэсэн хохирлоос дор хаяж 10 дахин их хохирол гэсэн үг.
Ирэх арван жилд ийм гамшиг тохиолдох магадлал 12 хувьтай гэж NASA тооцоолжээ.
Тиймээс Цагаан ордон азанд найдаж суухыг хүссэнгүй, арга хэмжээ авч эхэлжээ.
Хэдийгээр нарны шуургын аюулаас зугтах боломжгүй ч бидэнд түүний хохирлыг бууруулах арга бий.
Хамгийн эхний шийдэл нь хэзээ болохыг урьдчилж мэдэх.
Яг одоогоор NOAA Сансрын Цаг уурын Урьдчилан сэргийлэх Төв долоо хоногийн 24 цагийн хяналт явуулдаг байна.
Энэ төвийн захирал Томас Бергер “нарыг ямар нэг галт уул гэж төсөөлөх хэрэгтэй” гээд “хэдийгээр шуурга үүсэх цагийг нарийвчлан хэлэх боломжгүй ч шуурга дэгдэж эхэлж байгаа шинж тэмдгийг мэдэж болно” гэж ярилаа.
Хэрвээ ийм шинж тэмдэг ажиглагдвал NOAA нислэгийг удирдах төвүүд, хиймэл дагуулын хяналт, удирдлагын төвүүд, цахилгаан эрчим хүчний компаниудад 12-15 цагийн өмнө мэдээлж амжих гэнэ.
“Өнөөдрийн хамгийн эрт мэдээлж чадах хугацаа бол энэ” хэмээн Бергер хэлээд NASA энэ хугацааг уртасгах судалгааг хийж байгааг дурдлаа.
Гэхдээ шуурга дэгдэхийг мэдэх нь хангалттай бус, бид бас хүчийг нь урьдчилж мэдэх шаардлагатай.
Шуурганы хүчийг мэдэхийн тулд NOAA “цунамиг мэдээлэх тэмдэг” гэж нэрлэсэн хөвөгч системийг дэлхий, нар хоёрын дунд, дэлхийгээс 1.5 сая километрийн зайнд байрлуулсан аж. Дараах зурган дээрх L1 цэг бол дээрх төхөөрөмжийн байрлаж байгаа цэг.
Уг төхөөрөмжийг ACE (Advanced Composition Explorer) гэж албан ёсоор нэрлэдэг. ACE нарны шуурганд өртмөгцөө эрч хүчнийх нь тухай мэдээллийг дэлхий рүү гэрлийн хурдаар дамжуулах гэнэ.
Энэ нь нарны шуурга дэлхийд цохилт өгөхөөс 15-60 минутын өмнө мэдээлэл хүрнэ гэсэн үг юм.
Энэ үед л хүмүүс айсуй нарны шуурга хэр их хохирол учруулах аюултайг мэдэх гэнэ.
ACE нь 17 жил болж байгаа бөгөөд удахгүй Deep Space Climate Observatory буюу DSCOVR нэртэй хиймэл дагуулаар солигдох юм байна.
Дээрх төлөвлөгөөнд дурдсанаар Цагаан ордон өөрийн хэд хэдэн агентлаг, албан газруудын техникийн стандартыг ирэх нэгээс хоёр жилд шинэ түвшинд хүргэх даалгавар өгч байгаа гэнэ.
Үүнд инженерийн шинэ стандарт, эрсдлийг тооцоолох арга, гамшгийн үед ажиллах процедур, хохирлын нөлөөг бууруулах арга хэмжээ, гамшгийн дараа сэргээх арга хэмжээ зэргийг багтааж байгаа аж.
Зөвхөн Америкчууд өөрсдийгөө бодоод зогсохгүй, энэ гамшиг нь дэлхийг бүхэлд нь хамрах тул бусад улс орнуудад мэдээлэх арга замыг ч судалж байна.
Өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр Европын Сансрын Агентлаг (ESA) Европын 14 орныг хамарсан гамшгийг урьдчилан мэдээлэх систем байгуулахаар ажиллаж эхэлжээ.
Юутай ч Дэлхий хүн төрөлхтний цорын ганц гэр орон болж байгаа энэ үед ийм арга хэмжээ авч эхэлж байгааг сайн мэдээ гэж үзэх хэрэгтэй юм.
Эх сурвалж: Techinsider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|