Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Амортизаторын талаар бүгдийг

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 11 сарын 6
Cardoctor

Сайн, бүрэн бүтэн амартизатортай бол донсолгоо, чичиргээг мэдрэхгүй, машин дотор чимээ шуугиангүй, тав тухтай зорчдог. Гэхдээ энэ ч хамгийн гол нь биш. Амартизаторын төлөв байдал машинтай холбоотой бүх юманд нөлөө үзүүлдэг. Тэгш биш гадаргатай, муу хучилттай, бетон болон чулуун хучилттай зам дугуйнд чичиргээ үүсгэх тул хэрэв амартизатор муу бол доргионд дугуй дээш үсэрч тухгүй явахад хүргэдэг. Ийм замаар хурдан давхих хэрэггүй. 

 

Иймд муу амартизатораас болж машин хурд авч, жигд явж чадахгүй, тоормослох болон эргэх, өгсөх ба уруудахад бэрхшээл байнга гарч байгаа нь мэдэгдэнэ. Олонхи жолооч нар өмнө хойно нь амартизатор нь аргаа ядсан дуу тачигнаж байхад явсаар л байдаг. Автосервист орохоос залхуурдаг.

Шалгах

Амартизатор бүрэн бүтэн эсэхийг өөрөө шалгах хялбар арга бас байна. Амартизаторын их биен дээгүүр тос гоожсон эсэхийг нүдээр хараад тогтоож болно. Дараа нь машиныхаа дөрвөн буланд гурав дөрөв дахин дарж дайвалзуулж үзээрэй. Үүний дараа кузов чинь тэгширтлээ нэг удаа л "буцах" ёстой. Хэрэв машин удаан савлах юм уу, эсвэл цохилт тод сонсогдож байгаа бол амартизатор хэрэггүй болж солих ёстой болсон гэсэн үг.

 

 

Амортизаторын төрөл

Амартизаторын хувьд шингэнт эргэдүүрийн /гидравлик, манайхан тосон амаржин гэж ярьдаг/ ба хийн шингэнт эргэдүүрийн /газогидравлик, манайхан газан амартизатор гэдэг/ гэсэн хоёр төрлийн амартизатор их хэрэглэгддэг. Тэднийг хийн дүүргэлттэй ба ердийн хийн гэж нэрлэх нь ч бий.

Шингэнт эргэдүүрийн амартизаторт тулавчийн хатуу хэсгүүдийн хэлбэлзлийг зогсоох нь шингэн нэг савнаас нөгөө саванд юүлж, клапанаар дамжуулан эргүүлэн хураах ердийн аргаар хэрэгждэг. Ийм амартизаторын шингэнд зууралдах чанар өндөртэй тосыг хэрэглэдэг. Хийн шингэнт эргэдүүрт шингэн байх боловч түүнийг эхэлж хийгээр шахаж өгдөг. Хий бол шингэнээс ч илүү шахагдаж чаддаг шүү дээ. Далимд хэлэхэд, зам муу байнга донсолж явдаг манай нөхцөлд хийн шингэнт эргэдүүрийн амартизатор нөгөөхөөсөө амархан мууддаг.

 

 

Зах зээлд хийц бүтцээрээ төдийгүй үнэ өртгөөрөө ялгаатай олон төрлийн амартизатор бий. Нэг төрлийн амартизатор ч гэсэн дотроо олон янзын загвартай байж болно. Харин тэр бүхнийг хамгийн хямд хамгийн сайн гэж рекламдах явдал ч гарч байна.

Бүтэц зохиомжийн хувьд ердийн машинд зориулсан амартизаторын үндсэн хэсэг нь тосон, хийн-тосон буюу хүмүүс хийн гэж нэрлэдэг хоёр хэсэгт хуваагддаг. Эхнийхэд нь ажиллах бие болж тос ашиглагддаг бол хоёрдахид нь тосон дээр нэмж хий шахсан байдаг. Энэ онцлогийг нь хэрэглэгчийн үүднээс сонирхон үзье.

Хий тосны амартизатор нь тосон амартизаторыг бодвол гуч орчим хувиар илүү үнэтэй байдаг. Харин тэд нь юугаараа сайн бэ гэвэл, хий-тосны амартизатор нь хөндлөн жижиг зураас үүссэн дэржигнүүртэй замд илүү сайн. Ийм амартизатор дэржигнүүртэй замд дугуйг замруу сайн шахаж өгдөг тул эргэлт хийх боломж илүү.

Муу замаар өндөр хурдтай явж байхад  замын эргэлтэнд багтах үед энэ чанар нь тод илэрдэг. Тийм учраас жолоодлогыг эрхэмлэн эргэлт нугачаанд машинаа зөв залж байхийг хүсдэг хүмүүс хий-тосон амартизаторыг илүүд үздэг нь ойлгомжтой. Гэхдээ энэ хоёр төрлийн амортизаторын хоорондын ялгаа тийм ч их биш тул тосон амартизатор ч тав тухыг хангаж чадна.

 

Ажиллагаа

Ихэнхи компаниуд түрэмгий явах дуртай, спортын жолоодлогыг эрхэмлэдэг хүмүүст зориулан агших ба түлхэх хүчийг нь нэмэгдүүлсэн тусгай ангийн амартизатор үйлдвэрлэдэг. Ийм амортизатортай машин донсолгоо эргэлттэй замд хурдан явах үед тогтвор сайтай байх боловч нилээд хатуу явдалтай болж тохь тух алдагдах нь бий.

Ийм маягийн амартизаторын тоонд Rancho брэндийн Rs9000 болон Tokico брэндийн High performance, Kayaba пүүсийн Ultra SR гэх мэт бүтээгдэхүүнүүд орно. Тюнинг-д зориулсан тусгай амартизаторын ихэнхийг KONI ба BILSTEIN зэрэг пүүсүүд үйлдвэрлэдэг бөгөөд тэд нь хатуу, бат бөх ба үнэ ихтэй байдаг.

Мөн нь амартизаторын үнийн тухай ярихад хүрвэл, өндөр чанартай, сайн амартизатор хямд байна гэдэг үнэхээр худал юм. Тийм боловч бас сонголт хийх боломж бий.

Амартизатор үйлдвэрлэгчдийн дотор хамгийн нэр хүндтэй нь дээр дурьдсан KONI ба BILSTEIN пүүсүүд маргаангүй мөн боловч тэрхүү өндөр чанартай үнэ ихтэй бүтээгдэхүүнийг заавал худалдан авна гэх нь тэр бүр зөв биш юм. Манайхны ихэнх жолоочийн хувьд тохь тух багатай ч гэсэн тогтвортой, жолоодоход хялбар байх нь гол шалгуур болдог.

Манай оронд ихээр орж ирсэн Японы автомашинуудын хувьд үйлдвэрлэгчээс нь ихэвчлэн суурилуулж өгдөг Tokico брендийн амартизаторууд илүү тохиромжтой байдаг. Гэхдээ манай зах зээл дээр дээрх брэндийн хуурамч амартизаторууд нилээд хэмжээгээр зарагддаг гэдгийг сануулахад илүүдэхгүй биз.

Амортизаторыг солих

Хэрэв та тосон шахуургатай амартизаторыг хий-тосон эргэдүүртэйгээр солихыг хүсч байгаа бол дөрвөн амортизаторыг нэг зэрэг бүгдийг нь сольсон нь дээр. Харин нэг тэнхлэгт нь хий-тосон эргэдүүртэй, нөгөөд нь тосон эргэдүүртэй амортизатортай явах болвол машины төлөв байдалд өөрчлөлт гардаг. Энэ нь аюулд хүргэхгүй ч гэсэн технологийн хувьд маш буруу юм.

Түүнээс гадна амартизатораа сольчихоод элэгдсэн бөөрөнхий суурь, хэмхэрхий дээд дэр (таваг), урагдсан тоосноос хамгаалагч, амаржин дээрх цохилт багасгагч зэргийг хэвээр үлдээх нь бүүр ч утгагүй юм.

Тулгуурын эд анги буюу өндгөн тулгуур зэрэг элэгдэж хуучирсан бол шинэ амаржин чинь хэвийн биш нөхцөлд ажиллах болж, ачаалал нь ихэсч, жижигхэн хонхор гүдгэрт амаржин эцэстээ тултал чангарч явсаар амархан муудахад хүрдэг.

Амартизаторыг шалгах энгийн арга

Дугуйн хэвийн бус элэгдэл

Энэ бол амартизаторын доторх поршингийн элэгдлээс үүссэн холхионоос үүдэн дугуй хазгай элэгдэх тохиолдол гардаг.

Жолоо барьж явахад хэвийн бус байдал мэдрэгдэх.

Рулийн жолоодлого алдагдах болон жолоо булаах гэх мэт байдал гарвал.

Замын энхэл донхолд таны автомашины кузовт цохилт мэдрэгдэх

Төмөр замын гарам болон донсолгоотой замаар явахад тачигнасан дуу гарвал амартизатораа солих болжээ.

Таны амартизатораас тос гоожих

Хэвийн ажиллагааны vед ч гэсэн сальник элэгдсэнээс тос гоожих явдал гардаг. Энэ тохиолдолд түргэн засварын газарт хандаж амортизатораа солиулах шаардлагатай.

Та хуучин амортизатораа одоо хvртэл хэрэглэж байгаа юу?

Таны амартизатор хэвийн байдалд байгаа мэт харагдавч ажиллагаа нь хэвийн бус болох тохиолдол байдаг тул 20.000 км тутамд заавал шалгаж байх хэрэгтэй.

Таны амартизатор чинь ажиллагаагvй болсон уу?

Шалгах энгийн арга нь машины крылог дарах vед савласан (дээш доош) хөдөлгөөн олон давтамжтай савалж байвал амартизатор муудсан байна.

ӨВӨЛ АМОРТИЗАТОР СОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Амортизатор муудаж тосоо гоожуулсан, ажиллагаагүй болсон бол өвөл зун гэлтгүй цаг агаарын нөхцөлийг үл хамааран шууд солих хэрэгтэй. Учир автомашин эргэх, огцом тоормослох үед тухайн машины хүндийн төв шилжиж байдаг.

Үүнийг амортизатор аль болох шилжүүлэхгүй хүндийн төвийг барьж байх үүрэгтэй байдаг бөгөөд муудсан тохиолдолд хүндийн төв өөрчлөгдөөд машин тэнцвэргүй болж осолд орох нөхцөлийг үүсгэдэг.

Мөн амортизатор муудсан чигээрээ яваад байвал гарны тяг, шарньер, тулк зэрэг эд ангиудад хүчтэй цохилтыг дамжуулж насжилтыг богиносгож, эвдрэлд хүргэх аюултай.

 

Дэлхийн амартизаторын зах зээлд маш өргөн тархсан зарим гол үйлдвэрлэгчдээс товч танилцуулая


TOKICO

Япон улсын нэрт Hitachi Ltd корпорацитай 2004 онд нэгдсэн TOKICO комдани нь Японы Toyota, Nissan, Mitsubishi, Isuzu гэх мэт нэртэй үйлдвэрлэгчдийн автомашинд тавигддаг Genuine parts буюу оригиналь сэлбэгийг үйлдвэрлэдгээрээ онцлог. Энэ нь тухайн автомашинд зориулан зохион бүтээгчдийн бүтээсэн амартизатор гэсэн үг юм. Энэ амартизаторыг жишээлбэл Toyota Genuine Parts гэсэн савлагаатайгаар болон тухайн үйлдвэрлэгчийн брэнд болох TOKICO гэсэн сав баглаатайгаар худалдаанаас олж болно. Гэхдээ манай орны хувьд хуурамч амартизатор худалдан авахаас болгоомжлон баталгаатай газарт хандаж байхыг зөвлөж байна.

KAYABA

Японы KAYABA концерны бүтээгдэхүүнийг японы пүүсүүдээс гадна дэлхийн нэртэй үйлдвэрлэгчид болох Форд, Рено, Пежо зэрэг фирмүүд өргөн ашигладаг. Каяабагийн амартизатор замд наалдан тогтворжуулах, жолоодлогод уян хатан зэрэг эдэлгээний сайн чанараас гадна харьцангуй үнэ хямдтай байдаг байна.

KONI

Энэ бол зөвхөн амартизатор үйлдвэрлэлээр дагнадаг пүүс. Түүний амартизатор олон эд ангиар бусдаас өөр юм. Бас нэг ялгаа нь амартизаторын шинж чанарыг тохируулах боломжтойд оршино.

Заводоос нийлүүлсэн "тэг- байрлал ба "max" байрлал хоёрын хоорондын ялгаа 100%. Энэ боломжийг амартизатор замын өөр өөр нөхцөл байдал болон машин эзэмшигчийн хувийн онцгой шаардлагад тохируулан ашиглаж болдог. Энэ пүүс амартизаторын 2,500 гаруй загвар үйлдвэрлэдэг. Үнэ өртгийн хувьд манай нөхцөлөөр бол үнэтэйд тооцогдоно.

MONROE

Белги улсын Monroe компани зах зээл дээр нилээд нэр хүндтэй юм. Түүний гаргадаг амартизатор өргөн сонголтын хамгийн сүүлчийнх нь
Sensatrac болж байна. Alfa Romeo-оос Zastava хүртэлх бүх машины амаржины 99%-ийг зөвхөн Monroe гаргаж байна. Monroe-гийн шинэ систем нь хийн амартизатор олон жил үйлдвэрлэсэн туршлага дээр үндэслэдэг тул огцом маневрлахад түргэн хариулж, жолоодлогыг хөнгөлж өгдөг болжээ.

SACHS

SACHS пүүс нь бараг 65 жилийн турш амартизаторын техник үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болсоор байна. Олон жилийн туршлага, нэн шинэ материал ба технологийг ашиглах болон зохион бүтээх өвөрмөц шийдэл зэрэг нь SACHS гэсэн нэртэй бүтээгдэхүүнийг Alfa Romeo, Audi, BMW, Mercedes, Lada, Jaguar, Lancia, Peugeot, Saab, Skoda болон өөр олон үйлдвэрийн угсрах шугам дээр олж харах боломж олгожээ.

Ийм амaртизатор үнэхээр үр ашигтай гэдгийг гол\шток\-ын хөдлөх хурд хэр тэнцүү өсөн нэмэгдэж дараа нь аажим тогтворждогоос үзэж болно. Тийм болохоор ийм маркийн амaртизатор удаан эдлэгддэг, найдвартай, тохь тухтай төдийгүй аюулгүй байдлыг хангаж чаддаг. SACHS пүүс нь машины гүйлтээс үл хамааран амaртизаторт нэг жилийн баталгаа өгдөг билээ.

BOGE

Ийм тэмдэгтэй амартизатор Германд үйлдвэрлэгддэг бөгөөд гол төлөв тэдний машинд тавигдсан байдаг. Үүнээс шалтгаалдаг юм уу, эсвэл өөр юмнаас болдог ч юм уу, мэргэжилтнүүд сайн гэж үнэлдэг энэ амартизатор Европоос өөр газар бараг худалдддаггүй.

GABRIEL

Ийм амартизатор АНУ болон Францад үйлдвэрлэгддэг боловч багаар үйлдвэрлэдэг тул зах зээл дээр их тархаагүй гэж хэлж болно.

DELCO

Энэ бол америк үйлдвэрийн амортизатор тул голдуу тэнд угсарсан машинуудад хэрэглэгддэг. Түүгээр ч барахгүй худалдаанд ил гардаггүй зөвхөн үйлдвэрийн цехэд л нийлүүлэгддэг байна. Ийм амаржин өндөр чанартай боловч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар манай замд нэг их тохирохгүй. Тэдний зам бол дээд зэргийн хучилттай хайвэи (Highway) болон автобанн юм.

Зураг